Зараа шиг нуруутай, шоргоолж идэгч шиг хошуутай, сохор номин шиг хөлтэй ховор сонин хөхтөн амьтныг ехидна гэдэг.
Британийн байгаль судлаач Дэвид Аттенбороугийн нэрээр шинжлэх ухаанд Аттенбороугийн урт хошуут ехидна гэж нэрлэгдсэн амьтан хамгийн сүүлд 1961 онд зэрлэг байгальд үзэгдэж байжээ.
Тэр үеэс хойш үзэгдээгүй энэ амьтныг устсанд тооцож байв.
Тэгвэл Оксфордын их сургуулийн хэсэг эрдэмтэд энэ оны зургаа, долдугаар саруудад Индонезын Циклопын уулсад байрлуулсан ажиглалтын камерын бичлэгээсээ ехиднагийн дүрсийг олжээ.
Нийт 80 гаруй камераас цуглуулсан бичлэгтэй картуудыг шалгахад хамгийн сүүлд шалгасан картаас энэ амьтны дүрс илэрсэн байна.
“Урт хугацааны үр дүнгүй хайгуулын эцэст хамгийн сүүлчийн өдөр ийм шагнал хүртсэндээ маш их баярласан. Би өрөөнөөсөө гарч гүйгээд ‘Бид түүнийг оллоо’ гэж хашхираад хамтран зүтгэгчдээ тэвэрч байлаа” гэж биологич Жэймс Кэмптон ярьжээ.
Ехидна нь 200 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан маш эртний амьтан юм.
Нугасан хошуут платипусаас гадна ехидна бол өндөглөдөг цорын ганц хөхтөн амьтан. Эрэгчин нь дөрвөн салаа бэлэг эрхтэнтэй байдаг.
Нийт дөрвөн төрлийн ехидна шинжлэх ухаанд бүртгэгдэж байжээ.
Эдгээрийн гурав нь урт хошуутай ба Аттенбороугийн болон баруун ехидна нь маш ховордсон амьтад юм.
Ехиднагийн төрөл зүйлүүд Австрали тив болон Шинэ Гвинейн нам дор газарт тархан амьдардаг байна.
Ехидна хэмээх нэр нь эртний Грекийн домогт дүрслэгддэг хагас хүн, хагас могой биетэй дагинын нэр юм. Энэ нь бусад хөхтөн амьтдаас эрс ялгаатай энэ амьтныг хамгийн сайн илэрхийлсэн нэр ажээ.
Эх сурвалж: Reuters