Удам дамжсан таван үеийн шатарчид

оруулсан Алсын Хараа

Баатарын НЯМСҮРЭН

"Намайг мэдээ орох үеэс л гэрийнхэн шатар тоглодог байсан. Хөлд орохдоо шатрын хөлөг түшсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс хар багаасаа шатар сонирхож, өвөө, аав, ээжээрээ нүүдэл заалгаж энэ л спортод эргэлт буцалтгүй орсон" хэмээн ярих нийтлэлийн баатар маань таван үеэрээ шатрын спортод дурласан оюунлаг удмын үргэлжлэл.

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа шатрын спортоор хичээллэж буй  удмынхаа дөрөв дэх үеийн тамирчин, нийтлэлийн  гурав дахь үеийн шатарчин Т.Батзоригийг урилаа.

 

ШАТАРЧИН ӨВӨӨГИЙН ИХ УХААН

Б.Нямаагийн гэр бүл. Ирээдүйн шатарчдын бага нас.

Нийтлэлийн баатрын өвөө Батын Нямаа нь Хэнтий аймгийн Батширээт суманд 1928 онд хүмүүн заяаг олж мэндэлжээ. Шатрын нүүдлийг хардаг шигээ холч алсын бодолтой, уужуу тайван хүн байсан аж. Нутаг орноо хөгжүүлэх их үйлсийн манлайлагч байсан юм билээ. Мөн бичиж туурвих авьяасыг түүнд бурхан заяасан нь 1941 оноос  богино хэмжээний шүлгээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн тухай түүний ач хэлж байв. Бичсэн роман зохиолоо ном болгон хэвлүүлсэн нь цөөнгүй. Одоо үед ч хүмүүс зохиол бүтээлийг нь уншсаар. Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Б.Нямаа нь бага наснаасаа хэлмэгдлийн хүнд хэцүүг амсаж, үхэл хагацал, зовлон зүдгүүрийг үзэж өнгөрүүлсэн ч энэрэнгүй сайхан сэтгэл, ноён нуруугаа гээгээгүй гэдэг. Мөн хүүхдүүдийнхээ тавьсан улс төр, утга зохиол, түүхийн холбогдолтой ямар ч асуултад сэтгэлд шингэтэл хариулт өгдөг мэдлэгтэй аав байсан аж. Б.Нямаа гуай үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхээс гадна шатраар хичээллэхийг нь дэмжин урмаар тэтгэдэг байснаас удам дамжсан тамирчид төржээ. Түүний ээж Сэрэмжид, өвөө Яринпил нар нь шатар сайн тоглодог хүмүүс байжээ. Аав ээжээрээ шатар заалгаж, үр хүүхдүүддээ өвлүүлсэн гэдэг. Б.Нямаагийн төрсөн дүү Б.Дэрдэв шатар сайн нүүдэг, боловсролтой хүн. Тэрбээр Гадаад худалдааны яамны орлогч сайдаар ажиллаж байжээ.

Б.Нямаагийн гэргий Д.Намжил. Тэрбээр таван хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн нь бүгд шатарчин болжээ. Хотод шилжин суурьшсанаас хойш шатар нүүх дуртай байсан яруу найрагч Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, Ч.Чимид, Н.Нямдорж, Б.Лхагвасүрэн, Т.Галсан, зохиолч Ж.Бямбаа, С.Пүрэв, хөдөөгийн Пэрлээ, П.Пүрэвсүрэн, хөгжмийн зохиолч Б.Дарамзагд, Ардын зураач З.Гаваа, Төрийн шагналт зураач Ц.Ойдов зэрэг урлаг соёлын томчуулыг Б.Намжил  цай хоолоороо дайлан угтана. Мөн оёх хатгах уран үйлээ орхилгүй дээл хувцас урласаар иржээ. Тэрбээр одоо  90 настай, удмынхаа шатарчдын амжилттай бүх насаараа хамт байж, найдвартай ар тал нь болсоор ирсэн сайхан буурай бий.

 

"ХОШОЙ ОЮУНЛАГ ТҮШЭЭ" ААВ

 

Т.Батзориг нь таван настайгаасаа шатар тоглож сурчээ.

Н.Түвшинтөгс нь Б.Нямаагийн гурав дахь хүү  юм. Тэрбээр Хэнтий аймгийн иргэдээ төлөөлж 1996-2000 онд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдож ажиллажээ. Энэ үедээ гишүүдийн дунд зохиогддог шатрын тэмцээнд хоёр удаа түрүүлж "Хошой оюунлаг түшээ" өргөмжлөл хүртсэн. Түүний хувьд 1998-2001 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Мөн 2009 оноос Монгол туургатны холбооны гүйцэтгэх захирал, 2014-2021 онд шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, “Урамтай шатар” сэтгүүлийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Сайн шатарчин байсныг нь батлах нэг шагнал нь шатрын нэгдүгээр зэрэг. Шатрын зүтгэлтнээс гадна эх орныхоо эрчим хүчний салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд зүтгэж, 1982-1991 онд Төвийн эрчим хүчний систем, IV цахилгаан станц, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудад инженер, ахлах инженер, ерөнхий инженер, 2012-2013 онд Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. 1989 оноос өрнөсөн ардчилсан социалист хөдөлгөөнд анхнаас нь идэвхтэй оролцож Эрдэнэт хотын Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж, 1991-1996 онд Фридрих Эбертийн сангийн тэргүүн, 2001-2009 онд Ардчилал хөгжлийн сангийн тэргүүнээр ажиллахдаа ХБНГУ, Шведийн онцлогтой Нийгмийн ардчилал, зүүн төвийн үзэл баримтлал, хөгжлийн загварыг ихэд сонирхон судалж Монгол Улсад түгээн, нэвтрүүлэхийг зорин эрмэлзэж байсан. Шатар тоглодог хүн холыг хардаг, оюунлаг байдгийг түүний хөдөлмөр батлах шиг санагдана.

Хүний ген, авьяас мэдлэг дараагийн үедээ өвлөгдөж очдог мэт. Учир нь Н.Түвшинтөгсийн дөрвөн хүүхэд бүгд шатраар хичээллэжээ. Тэд бол  ОУМ, Улсын гурван удаагийн аварга Т.Батцэцэг, Оюутны ДАШТ-ий хүрэл медальт Т.Батзориг, Дэд мастер, Өсвөрийн УАШТ-ий гурван удаагийн аварга Т.Баярцэцэг, гавьяат тамирчин, Их мастер, УАШТ-ий хошой аварга Т.Батчимэг нар юм.

Н.Түвшинтөгсийн дөрвөн хүүхэд бүгд шатраар хичээллэжээ. Тэд бол  ОУМ, Улсын гурван удаагийн аварга Т.Батцэцэг, Оюутны ДАШТ-ий хүрэл медальт Т.Батзориг, Дэд мастер, Өсвөрийн УАШТ-ий гурван удаагийн аварга Т.Баярцэцэг, гавьяат тамирчин, Их мастер, УАШТ-ий хошой аварга Т.Батчимэг нар юм. 

Нийтлэлийн гурав дахь үеийн шатарчин, Өсвөрийн УАШТ-д таван жил дараалан түрүүлж байсан Т.Батзоригтой ярилцлаа.

-Анх шатрын спорттой холбогдсон түүх нь их сонирхол татаж байна?

-Би удам дамжсан спортоо өвлөсөндөө талархаж явдаг. Аав таван настай байхад минь шатар зааж өгч, өвөөтэйгөө тоглосоор сайн нүүж сурсан. Зургаан настайдаа “Оюунтүлхүүр” сэтгүүлийн нэрэмжит тэмцээний цэцэрлэгийн насанд анх түрүүлж, “Цодгор хүү” тэмцээний эхний гурван жилийн түрүүг авч урамшсан.

-Аав, өвөө тань юу гэж захидаг байсан бэ?

-Улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай гэж захидаг байсан даа. Үүнийг нь нэр төртэй биелүүлж, өргөн олондоо мэдэх чадахаараа тус дэм болж, эрвийх дэрвийхээрээ нэмэр болохыг хичээж явна.

-Та 1993 онд оны шилдэг хүүхдээр шалгарч байсан юм билээ. Энэ нь шатрын амжилттай холбоотой байв уу?

-Тийм ээ. Тэр жил БГД-ийн наймдугаар хорооны тэргүүний сурагчийн тууз, улмаар дүүрэг, нийслэлийн Тэргүүний хүүхдээр өргөмжлөгдөж, Хүүхдийн ордны харшийн сүлд модны наадмын урилга авсан. Оны шилдэг хүүхдүүдэд тухайн үеийн Ерөнхий сайд П.Жасрай гуай гарын бэлгээ Төрийн ордны Соёмбо танхимд гардуулж байлаа.  Бэлгийн хамт дугтуйнд байсан Ерөнхий сайдын нэрийн хуудас их сайхан санагдаж билээ. Анх удаа нэрийн хуудас харж байсан болохоор тэр байх.

-Удмынхнаасаа хамгийн их хүндэлдэг шатарчин нь  хэн бэ?

-Н.Төмөрхуяг авга ах минь зургаан дүү нараа шатрын ертөнцөд түүчээлсэн байдаг. 1977 онд спортын мастер, 1988 онд олон улсын шатрын холбооны мастер, 1989 онд олон улсын мастер цолыг хүртэж байсан. МБАТ-ний зургаадугаар спортын наадам, 1980 онд Польшийн Варшав хотод болсон олон улсын түргэн тоглолтын тэмцээн, 1985 оны “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын тэмцээний аваргаар шалгарсан. УАШТ-ий шигшээ тоглолтод 16 удаа өрсөлдсөнөөс 1989 оны Булган аймгийн төвд болсон 29 дүгээр тэмцээнд түрүүлж, 1985,1994 онуудад мөнгөн медаль,1986 онд хүрэл медаль хүртсэн. Нови сад, Москвагийн дэлхийн шатрын олимпиадууд, 1993 онд Киргиз улсад болсон Ази тивийн бүсийн тэмцээнд амжилттай оролцсон нь түүхэнд тэмдэглэж үлдсэн нь бий. “Монгол шатар” сонинг санаачлан, эрхлэн гаргаж байлаа. Миний хувьд авга ахтайгаа шатар тоглоод нэг ч удаа хожиж үзээгүй юм даа.

-Тэгвэл амьдралд нь хамгийн их тус дэм болсон ах нь хэн бэ?

-Аав ээж минь Москвагийн эрчим хүчний их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байх үед би мэндэлсэн. Энэ үед Н.Түмэнбаяр ах Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль дүүргэж байлаа.  Намайг хоёр сартай байхад  ах минь онгоцоор Улаанбаатарт намайг авч ирж байсан гэдэг. Үүнд нь их талархдаг. Түүний хувьд 1973 онд Ж.Самбуугийн нэрэмжит идэрчүүдийн УАШТ-д түрүүлсэн. Мөн Улаанбаатар хотын АШТ-үүдэд амжилттай оролцсон удаатай. Шатрын спортын мастер цолтой.

-Таныг шатрын спортоор амжилт гаргахад хэн дасгалжуулж байв?

-Хүүхдийн ордонд авга ах Н.Төрбатын дугуйланд анх хичээллэсэн. Ах Хүүхдийн ордонд 25 жил ажиллахдаа олон мянган хүүхдэд шатар зааж байлаа. Шавь нар нь гэвэл Их мастер Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Ц.Батчулуун, Т.Батчимэг тэргүүтэй нэрт шатарчид, олон арван мастерууд, дасгалжуулагчдын багш нь. Ахын санаачилсан өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” тэмцээн нь өдгөө 30 дахь жилдээ үргэлжилж байна. Н.Төрбат авга минь 1982 оны Улаанбаатар хотын спортын наадмын алтан медаль, 1983 онд МБАТ-ий спортын наадмын мөнгөн медаль,1984 оны улсын аварга шатарчин болж спортын мастер цол хүртсэн. Мөн 1979 онд ОХУ-ын Эрхүү, 1993 онд БНХАУ-ын Хөх хотод зохиогдсон ОУ-ын тэмцээнд түрүүлж, 1984-1985 оны “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд амжилттай оролцсон түүх бий.

-Н. Төвсанаа ах тань УАШТ-д 23 удаа шигшээ тоглолтод шалгарсан нь эдүгээ ч  улсдаа гуравт эрэмблэгдэх дээд амжилт гэж сонссон?

-Тийм ээ. Ах минь 1985 онд дэд мастер болж, 1986 онд залуучуудын УАШТ-д мөнгөн медаль хүртсэн. 1993 онд спортын мастер, 1999 онд улсын аварга, ОУ-ын шатрын холбооны мастер болжээ. Улсын шигшээ багт багтаж Москва, Блед, Турины дэлхийн шатрын олимпиад,  1999 оны Ази тивийн хотуудын багийн болон улсуудын багийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцсон. Дотоодод зохиогдсон олон арван нэрэмжит тэмцээнүүдэд шагналт байрт шалгарч байснаас гадна Чин ван Ханддоржийн нэрэмжит тэмцээний 1999 оны аварга. Түүний охин Т.Биндэрьяа нь дэд мастер цолтой. Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн.

-Таны дараагийн үеийн шатрын тамирчид тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа юм билээ?

-Эгчийн хүү Е.Төгстөмөр гурван настайгаасаа шатраар хичээллэж эхэлсэн. Дэлхийн шатрын холбооны мастер, сурагчдын дэлхийн аварга. Мөн өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай, Ази тивийн ӨАШТ-ний гурван алтан медальтай.  Авга эгч Н.Тунгалагийн охин буюу тав дахь үеийн шатарчин Б.Энхсаран дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. Энэ оны УАШТ-ий эмэгтэй төрөлд хүрэл медаль хүртсэн. Сурагчдын ДАШТ-ий мөнгө, хүрэл, Ази тивийн сурагчдын АШТ-ий алт, Дэлхийн өсвөр үеийнхний оюуны их наадмын түргэвчилсэн тоглолтын хүрэл, Ази тивийн өсвөрийн АШТ-ий хүрэл, Ази тивийн багийн АШТ-ий хошой алт, Зүүн азийн өсвөрийн АШТ-ий мөнгө, Өсвөрийн УАШТ-ий хошой алт, гурван хүрэл, нэг мөнгө Сурагчдын УАШТ-ий алт, хүрэл, Өсвөрийн түргэвчилсэн тоглолтын УАШТ-ий хошой алт, хүрэл, “Цодгор хүү” тэмцээний УАШТ-ий хошой алтан медаль тус тус хүртсэн.

-Аавын тань талаас шатарчид олон юм. Харин ээжийн талд шатарчин бий юу?

-Л.Батжанцан өвөө минь шатар сайн нүүдэг хүн байсан. Архангай аймгийн Цахир сумын хүн байсан. Харин эмээ Д.Нацагдорж нь Архангай аймгийн Чулуут сумынх. Миний элэнц өвөө улсын заан Н.Мэнтиг шатар нүүдэг байсан. Хуланц өвөө Няндав тайж шатар нүүдэг байсан юм билээ. Манай ээж Б.Мөнхбат Монгол Туургатны Шатрын Холбооны ерөнхий менежер. Ээж минь биднийг шатраар хичээллэхэд их анхаарч дэмждэг байсан. Сайн гэсэн багш, дасгалжуулагч нарт шавь оруулж, зарим үед олон улсаас ирсэн шатрын мэргэжилтэн тамирчдад дагуулж 1992-2002 он хүртэл биднийг тив, дэлхийн өсвөр, залуучуудын шатрын АШТ-нд жил дараалан амжилттай оролцуулж байсан.

-Танд санаанаас гардаггүй түүх олон байгаа болов уу?

-Намайг 93-р сургууль их дэмжсэн. Сургуулийн үүсгэн байгуулагч удирдлага Ц.Няндаг, С.Нэргүй нар тухайн үед Т.Батзоригийн нэрэмжит “Цодгор хүү” шатрын клубыг санаачилсан.  Ингээд сургуулийн “Б” корпуст дугуйлангаа байгуулж, дунд ангийн сурагч надад тус клубыг  хариуцуулж, цалинжуулснаар, хичээлийн бус цагаараа 93-р сургуулийн “Цодгор хүү” шатрын клубт бага ангийнханд шатрын багшаар ажиллаж байсан. Сургуулиа төгсгөж оюутан болох үеэс дүү Т.Батчимэг тус клубын үйл ажиллагаа, шатрын хичээлийг үргэлжлүүлсэн. Сайн сургууль, агуу багш нарын алсын хараа, ач гавьяагаар шатар сайн сурсан.

Энэ л удмынхан улсдаа анхны шатрын музейг байгуулжээ. Мөн тэднээс үлгэр дуурайлал авч, суралцаж, шатрын спортод дурласан хүмүүс цөөнгүй. Шатарчдаас Нямаагийнхан гэж асуухад алдар гавьяаг нь ам уралдан ярих жишээтэй. Ховорхон заяанд мэндэлсэн тамирчдын амжилтын буухиа тасрахгүй үргэлжилж, удахгүй зургаа дахь үеийн тамирчид төрж гарах ерөөлөөр нийтлэлээ жаргаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)

Сэтгэгдэл бичих