155 сая жилийн өмнө устаж алга болсон тивийн үлдэгдлийг олжээ

оруулсан Алсын Хараа

155 сая жилийн өмнө өнөөдрийн Австрали тивээс салаад устаж алга болсон хуурай газрын ул мөрийг илрүүлснээ хэсэг эрдэмтэд зарлажээ. Австрали тив нь Гондвана хэмээх эртний супер тивээс салсан юм. Ингэж салсны дараа баруун хэсгээс нь хэсэг хуурай газар дахин салсныг эрдэмтэд Арголанд гэж нэрлэдэг байв.

Гэхдээ устаж алга болсон бүх тивүүд өнөөдөр далайн ёроолоос олдсон байдаг бол Арголанд л ганцаараа ямар ч ул мөргүй байжээ. Үүний гол шалтгаан нь устсан тивүүд задраагүй бүхлээрээ үлдсэн бол Арголанд нь олон хэсэгт хуваагдсанаас илрүүлэхэд хэцүү байсан байна.

Нидерландын Утрехтын их сургуулийн эрдэмтэд Арголанд тив өнөөдрийн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хоёр хэсэгт хуваагдаж үлдсэнийг олон жилийн судалгааны үр дүнд тогтоожээ.

зураг

Ингэхдээ багахан хэсэг нь өнөөдрийн Мьянмар улсын нутаг дэвсгэрт шингэж үлдсэн бол үлдсэн том хэсэг нь Индонез улсын зүүн арлуудын суурь болж тогтсон байна.

Энэ тогтоц нь Уоллосын шугам хэмээх нүдэнд үзэгддэггүй далд байгалийн хил хязгаар тогтоосныг бас нотолжээ.

зураг

Зүүн Өмнөд Азийн арлуудын амьтны аймаг энэ шугамаар хуваагдаж, хоорондоо эрс ялгаатай байдаг. Зөвхөн амьтад биш, эртний хүний төрөл зүйлүүд хүртэл энэ шугамаар хуваагдаж тархсан байдаг. Тухайлбал шугамын баруун хэсэгт бар, заан, мич зэрэг амьтад байдаг бол зүүн хэсэгт ийм амьтад огт байхгүй, харин Австрали тивийн уугуул амьтадтай ижил төрөл зүйлийн амьтад нутагладаг.

Энэ зааг ялгаа нь Арголанд тивийн хэсэг сүүлд энэ бүс нутагт амьтны аймгийн хамт шилжиж ирсний нотолгоо гэж эрдэмтэд үзсэн байна.

Эрдэмтэд энэ бүс нутагт үлдсэн эртний хуурай газрын үлдэгдлүүдийг хооронд нь эвлүүлэх замаар ямар хуваагдал болсныг тодорхойлоход долоон жилийг зарцуулжээ.

“Бид арлуудын учрыг олох хэцүү даалгавартай тулгарсан учраас манай судалгаа ийм удаан үргэлжилсэн. Бид шууд утгаараа арлуудын дүрсийг эвлүүлэхэд долоон жилийг зарцууллаа” гэж Утрехтийн их сургуулийн геологич, судалгааны багийн ахлагч Элдерт Адвокаат тайлбарласан байна.

Судалгааны тайлан өнгөрсөн сард “Gondwana Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэж байжээ.

Арголанд тивийн шилжилт хөдөлгөөнийг харуулсан дүрс:

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл бичих