Гараг хоорондын “Juno” станцаас ирсэн мэдээллүүдийг боловсруулж буй гараг судлаачид Бархасвадь гаргийн хамгийн том дагуул болох Ганимедийн гадаргуу дээр усны нэгдэл бүхий давс, органик нэгдлүүд байгааг илрүүлжээ.
Ганимед бол Нарны аймгийн гаргуудын дагуулуудын дотроос хамгийн том, хамгийн их масстай нь бөгөөд хэмжээгээрээ Буд гаргаас том юм. Шингэн цөмөөс үүсэлтэй өөрийн гэсэн соронзон оронтой учраас эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг ба органик нэгдлүүд олдсон нь гаргуудын дагуулуудын хувьд онцгой тохиолдол юм. Үүнээс гадна, Ганимед нь гадаргуугийн доороо далайтай, сийрэг агаар мандалтай гэж үздэгээс гадна тектоник идэвхжилийн шинж тэмдгүүд ажиглагддаг ажээ.
Ром дахь Одон орны физикийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн Федерико Тоси тэргүүтэй гараг судлаачдын баг 2021 оны зургаадугаар сарын 7-нд Ганимедийг ойрхон зайтай тойрон нисэх үед “Juno”-гийн JIRAM гэдэг хэт улаан туяаны төхөөрөмжийн тусламжтайгаар уг дагуулын гадаргуугийн өндөр нарийвчлалтай зургийг авчээ.
Ганимедийн гадаргууг бүрхсэн мөс нь усны нэгдэл бүхий натрийн ба аммонийн хлоридууд, натрийн ба аммонийн карбонатууд зэрэг нэгдлүүд, мөн үнэрт нүүрсустөрөгч зэрэг органик нэгдлүүдтэй холилдсон болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн пребиотик молекулууд үүсэхээс өмнөх алифатик альдегид байж магадгүй юм. Кальци, натри, аммонийн сульфатууд илрээгүй боловч блёдит эрдэс байж болох шинж тэмдгүүд илэрчээ. Харин устөрөгчийн хэт исэл, усны нэгдэл бүхий хүхрийн хүчил зэрэг экзоген шинж чанартай нэгдлүүд байгаа гэсэн шинж тэмдэг олдоогүй байна.
Ганимедийн гадаргуугаас олдсон давс ба органик нэгдлүүд нь эндоген шинж чанартай бөгөөд ус, чулуулагтай холбоотой урвал явагдаж болох гадаргуугийн доорх далайгаас гадарга руу нэвчсэн давстай уснаас гаралтай байж магадгүй гэж судлаачид үзэж байна.