Б.Жавхлан: Эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд шалтгаалсан, урьдчилан тааварлах боломжгүй бэрхшээлийг даван туулахад төсөв мөнгөний бодлогыг чиглүүлж, багц арга хэмжээнүүдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон засаглалын оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж улмаар гадаад валютын албан нөөц оны эхний есөн сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрч чадсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түүнчлэн дэлхий дахинд үүсээд байсан хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн гадаад шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор үнийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд инфляцын хурд харьцангуй удааширч, өнгөрөгч наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн 4.4 хувиар буурч 10 хувьд хүрээд байна. Дээр дурдсан эерэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт, инфляцын болон бусад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн түвшин өнгөрсөн оны төсвийн жилийн эцэст одоогийн хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан 2024 оны суурь түвшнээс давахаар байна. Тухайлбал, ирэх оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн байхаар тооцсон хэдий ч энэ сарын 17-ны өдрийн байдлаар хэдийнэ 51.0 сая тонн нүүрс экспортолсон байна.  Иймд ирэх онд 60 сая тонн нүүрсийг экспортлох нөхцөл бодитоор бүрдээд байна. Мөн уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувьтай тусгагдаж байсан эдийн засаг өсөлт 7.0 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд УИХ-аас энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон өөрчлөх шаардлага үүсэж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрэхээр байгаа  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авч байна.

Сэтгэгдэл бичих