Утга зохиолын Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч хүртлээ

оруулсан Алсын Хараа
СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 5 /BBC/. Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Жон Олаф Фоссэ хүртэхээр болсныг Шведийн академийн Нобелийн хороо мэдэгдлээ.
Стокхолм дахь тус академийн мэдэгдсэнээр “үгээр илэрхийлж болшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисных нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг Фоссэд олгохоор шийдвэрлэсэн байна.
Фоссэ бол Европын хамгийн алдартай жүжгийн зохиолчдын нэг юм. Түүний жүжгүүдийг 800 орчим удаа тайзан дээр тогложээ. Театрын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, Фоссэгийн жүжгүүд ийнхүү алдаршиж буйн учир нь, тэрбээр зохиолынхоо үйл явдлын өрнөлийг бичихдээ дүрүүдийн давуу талуудад бус харин өөртөө эргэлзэх, үхлээс айх, өөртөө итгэлгүй байх гэх мэт сул тал дээр нь тулгуурлан бичдэгтэй холбоотой. Энэ бүх эргэлзээ тээнэгэлзэл хүн бүрд байдаг учраас Фоссэ ийм алдартай зохиолч болсон гэж Шведийн академийн төлөөлөгчид ялагчийг тодруулах ёслолын үеэр ярилаа. Фоссэ 1959 онд Норвегийн Хаугесунд хотод төржээ. Долоон настайдаа золгүй тохиолдлоор нас барах шахсан нь хожмын зохиол бүтээлд нь ихээхэн нөлөөлсөн байна. Өсвөр насандаа тэрбээр рок гитарчин болохыг мөрөөддөг байв. Сургуулиа төгсөөд Бергений их сургуульд элсэн орж, утга зохиолын чиглэлээр суралцжээ.
1983 онд анхны зохиолоо (Raudt, svart Улаан, хар) хэвлүүлсэн бол 1994 онд "Бид хэзээ ч хагацахгүй" гэдэг анхны жүжгийн зохиолоо бичиж, тайзнаа тавигдсан байна. Фоссэ мөн роман, богино өгүүллэг, яруу найраг, хүүхдийн зохиол, эссэ бичжээ. Түүний бүтээлүүд 40 гаруй хэлээр орчуулагдсан байна.
Фоссэ 2003 онд Францын Үндэсний гавьяаны одон хүртжээ. Тэрбээр мөн Английн “The Daily Telegraph” сониноос гаргадаг эдүгээ амьд сэрүүн байгаа 100 суутны жагсаалтад 83 дугаарт бичигдэж байв. 2011 онд түүнд Осло хотын төвд орших Норвегийн Хааны ордны Гроттен харшид байнга оршин суух эрх олгожээ. Энэ бол Норвегийн урлаг, соёлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Норвегийн хаанаас тусгайлан үзүүлдэг хүндэтгэл юм. Фоссэ зохиол бичихээс гадна бусад зохиолчдын бүтээлүүдийг орчуулдаг. Одоо тэрбээр словак үндэстэн хоёр дахь эхнэртэйгээ Австрид амьдарч байна. Түүний эзэмшилд Бергенд нэг байшин, баруун Норвегид өөр хоёр байшин бий. Анх Норвегийн сүмийн гишүүн байсан хэдий ч 2012-2013 онд католик шашинтан болж, олон жилийн архины хамаарлаасаа салахын тулд эмчилгээ хийлгэж байжээ.
Энэ онд Норвегийн зохиолчоос гадна, Салман Рушди, Харүки Мураками, Маргарет Этвүүд болон Дэн Сяохуа хэмээх нууц нэрээр бүтээлээ хэвлүүлдэг Хятадын зохиолч Кан Сюэ зэрэг алдартай зохиолчид Нобелийн шагналыг авах хамгийн их магадлалтайд тооцогдож байв.
Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш 13 жүжгийн зохиолч, 35 яруу найрагч, 71 үргэлжилсэн үгийн зохиолч, нэг дууны үг зохиогч  (Боб Дилан) уг шагналыг хүртжээ. Шагналтнуудын 12 нь Хойд Америк, 85 нь Европ, 5 нь Орос, 6 нь Ази, 5 нь Африк, 6 нь Өмнөд Америк, 1 нь Австралийн зохиолч бөгөөд тэдний 103 нь эрэгтэй бол ердөө 17 нь эмэгтэй зохиолчид юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл бичих