Валютын нөөц 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдэж 4.1 тэрбум ам.долларт хүрээд байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний шийдвэрийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр, жилийн өмнө валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэн унаж, улмаар 2022 оны аравдугаар сарын 5 буюу яг нэг жилийн өмнө Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргаж байсныг хэллээ. Энэ чиглэлээр нэг жилийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулья гэв. Нэгдүгээрт, Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хоёр дахь үр дүн гэвэл энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон. Улмаар гуравдугаарт, төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж буйг мэдээллээ.

Төгрөгийн ханш унаж, хамгийн дээд талдаа Монголбанкны албан ёсны ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцээд байсан бол өнөөдрийн ханш нь 3457 төгрөг болоод байна гэв.

Дараагийн үр дүн гэвэл Монгол Улсын экспорт нэмэгдсэн. Энэ оны эхний 9 сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгдээд байна гэв.

  • Зэсийн баяжмалын экспорт 1 сая 154 мянган тоннд хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 5 хувиар өсөөд байна.
  • Төмрийн хүдэр 4.2 сая тонныг экспортолж, өнгөрсөн онтой харьцуулахад 33 хувиар,
  • Газрын тосны экспорт 3 сая баррель болж, өнгөрсөн оныхоос 2 сая баррелиар тус тус өсжээ.

Энэ бүхэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн, жилийн дотор гарсан үр дүн юм гэдгийг тэрбээр онцоллоо. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар тэрбээр тодотгон хэлэхдээ:

  • Ашигт малтмалыг худалдан борлуулж, тээвэрлэх гэрээг бүгдийг нь бүртгэлжүүлсэн,
  • Экспортыг гааль, татварын алба дээр автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан хийж байна.

Ингэснээр Монгол Улсын авч буй татварын хэмжээ эрс нэмэгдэж, үүний үр дүнд энэ онд төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөгөөр хийж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан гэв.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлснээр нийтдээ 7.5 сая тонн нүүрс, 100 мянган тонн төмрийн баяжмал арилжсан. Нэг тонныг 100 ам.доллароор борлуулж байсан нүүрсний үнэ 180 ам.долларт, 56 ам.доллар байсан нэг тонн төмрийн хүдрийн үнэ 84 ам.долларт тус тус хүрч, тэр хэмжээгээр бүх төрлийн орлого өссөн гэв.

Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалтын нууц гэрээнүүдийг ил тод болгож, шинээр офтейк гэрээг байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон. Ингэснээр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээр төрийн нууцын зэрэглэлтэй 7 гэрээ, нүүрс борлуулахтай холбоотой 140 гэрээ, олборлолт, ачилт, өрөмдлөг хийх, бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой нийт 544 гэрээг ил болгон, олон нийтэд мэдээлсэн. Нүүрсний тээврийн гэрээг уурхайн амны үнээр байгуулж ирснийг бүрмөсөн зогсоож, хил үнээр борлуулдаг болсноор орлого мөн нэмэгдсэн гэв.

“Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулснаар, өнгөрсөн хугацаанд борлуулалт сард дунджаар 3.8 дахин, олборлолт 3 дахин, экспорт 2.3 дахин тус тус өссөн гэв.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг төрийн өмчийн оролцоотой ААН-үүд нийт 2.7 тэрбум ам.долларыг Монголбанканд худалдснаар гадаад валютын орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг хэллээ.

Сэтгэгдэл бичих