Т.БАТСАЙХАН
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн. Тухайлбал, цэцийн гишүүнийг томилохдоо томилгооны сонсгол явуулах нь Цэцийн тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байна гэж дүгнэжээ. Тус дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Та Цэцийн дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Томилгооны нээлттэй сонсгол явуулах нь хууль зүйн хүрээнд боломжгүй юу?
-Үндсэн хуульд заасан эрх мэдлийн байгууллагуудын хоорондын харилцааг зөв гаргаж өгсөн дүгнэлт гэж харж байна. Дүгнэлтэд ялгаатай зүйлүүд бий. Цэц бол шүүхийн байгууллага. УИХ бол улс төрийн байгууллага.
Тэгэхээр нээлттэй сонсголыг улс төрийн өнцгөөс нь хараад байж магадгүй. Цэцийн дүгнэлтэд бол нээлттэй сонсголыг бүхэлд нь буруутгаагүй. Хоёр, гурван албан тушаалтан дээр Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүнээ сонгон шалгаруулаад Үндсэн хуулийн цэцэд хүний нэр дэвшүүллээ гэхэд парламент нээлттэй сонсгол нэрээр дахин сонгон шалгаруулах маягийн үйл ажиллагаа явуулах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна гэжээ. Мөн Улсын дээд шүүхээс сонгогдох гурван хүн дээр томилгооны сонсгол явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Төрийн институциуд хүнээ сонгочихоод байхад парламент дахин сонсгол хийх нь нэр дэвшүүлж байгаа хоёр институцийн бүрэн эрхэд халдаад байна гэж тайлбарласан. Харин УИХ өөрөө цэцийн гишүүнд гурван хүн нэр дэвшүүлэх эрхтэй. Тэр гурван хүн дээрээ нээлттэй сонсгол явуулах нь парламентын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн байна. Энэ бол байж гаргалгаа юм. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
-УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд анх удаа болон улиран сонгогдож байгаа бол сонсголыг ямар ялгаа ялгамжтай зохион байгуулахаар тусгасан юм бэ?
- Анх удаа томилогдож байгаа Цэцийн гишүүн дээр нээлттэй сонсгол явуулж болж байна. Харин улиран томилогдож байгаа бол дахин нээлттэй сонсгол хийхээр цэцийн гишүүнээр дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа ямар хэргийг хэрхэн шийдсэн, дээд шүүхэд ажиллахдаа бас л ямар хэрэг дээр хэрхэн ажилласан гээд хуулийн процессын нарийн асуудлуудыыг дэлгэж ярих шаардлагатай болж байна. Энэ нь шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх нэг оролдлого болно гэж цэц үзээд парламентыг эргэн харж, алдаагаа засаачээ гэж үзсэн. Миний хувьд үндэслэлтэй дүгнэлтүүд гэж харж байна. Ер нь цэцийн гишүүний томилгоон дээр парламент сонсгол явуулахаас илүү томилох томилохгүйгээ шийдээд явах нь зүйтэй юм. Харин Ерөнхийлөгч нэр дэвшүүлэхээсээ өмнө институци дундаа нээлттэй сонсголоо хийгээд хүнээ оруулж ирдэг. Улсын дээд шүүх нь бас дотроо сонсголоо хийгээд хүнээ оруулж ирэхийг л хуульд тусгах шаардлагатай байна.
-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг хэлэлцэхэд парламентын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, хуулиа хамгаалаагүй учраас ийм дүгнэлт гаргасан гэдэг асуудал яригдаж байна?
-Цэцээс УИХ-ын баталсан хяналт, шалгалтын тухай хууль дээр маргаан үүсгэхээ илэрхийлсэн. Тайлбараа ирүүлэхийг хүссэн. Өнгөрсөн нэг жил хүлээсэн гэсэн байна. Парламентаас ямар нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй, тайлбараа ирүүлээгүй бол парламентын үйл ажиллагаа, зохион байгуулалтын буруу гэж харж байна.
-Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч О.Мөнхсайханы нэрийг дэвшүүлээд байна. Гэвч О.Мөнхсайхан хуульч өөрөө Цэцийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт багтсан. Тэгэхээр ямар нэгэн зөрчил үүсэхгүй юу?
-Яагаад болохгүй гэж. Нэгдүгээрт энэ хүн маань одоохондоо Цэцийн гишүүнээр томилогдоогүй, дэмжих эсэх нь шийдэгдээгүй байна. Хоёрдугаарт, Цэцийн хуулиа мэддэг ямар шаардлага тавьж байгааг ойлгодог хүн цэцэд очвол бүр сайн. Үндсэн хуулийн цэц маань өөрөө онолын шүүх шүү дээ. Үндсэн хуулийн нарийн зүйл, заалт бүрийн ялгаж салгаж гаргаж өгдөг, эрдэмтэн, судлаачид байх ёстой газар юм. Тэр утгаараа ч энэ удаагийн Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн хүнийг дэмжиж байгаа.
-Та Цэцийн хууль, процессын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт багтсан. Энэ хуулийн төслүүд маань ямар шатанд явна вэ?
-УИХ-ын таван гишүүнээс бүрдсэн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар хоёр дэд ажлын хэсэг байгуулсан. Хуулийн төслүүд маань ерөнхийдөө бэлэн болсон. Намрын чуулганы хугацаанд парламентад өргөн барих төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)