Ирэх оны төсвийн төсөл эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэснийг танилцууллаа

оруулсан Алсын Хараа

Ирэх оны эдийн засаг өмнөх онд хийж бүтээсэн ажлуудаа баталгаажуулсан, дараагийн орлогыг олдог, хөгжлийн эдийн засгийн онцгой он байдаг гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

"Нүүрсний экспорт энэ онд зорилтот 36 сая тонноос 50 сая тонн болтлоо нэмэгдсэн. Үүнийг ирэх онд 60 сая тоннд хүргэх боломжтой хэмээн ирэх оны төсөвт оруулж байна. Энэ бол биелэгдэхгүй тоо биш" гэдгийг тэрбээр 2024 оны төсвийн төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдэгдлээ.

2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувь байхаар тооцоолжээ. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэх сорилтын жил хүлээж байна. Ирэх оны төсвийн төсөлд:

  •  зэсийн баяжмалыг 1.5 сая тонн,
  • төмрийн хүдрийг 8.4 сая,
  • 4.8 сая баррель газрын тос,
  • алт 20 тонныг авахаар төсөөлжээ. Зэсийн ханшийг нэг тонныг 9000 ам.доллар, нүүрсний үнийг 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллароор төсөвт тусгажээ.

“Экспортын үнийн дүн хөөсрөөгүй, аль болох бодитой байхаар тооцоолсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бодлого хэвээр үргэлжилж, хувь хэмжээг нь нэмэгдүүлнэ” гэж сайд Б.Жавхлан хэлэв.

Мөн тэрбээр,

  • Манай улсад өнгөрсөн жилүүдэд 7 мянган км авто зам тавьсан. Одоо автозамуудыг эхнээс нь засварлах шаардлага тулгарч буй. Энд ирэх онд 300 тэрбум төгрөг зарцуулна.
  • Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомтууд болон Дархан-Уул аймагт хилийн хяналтын лабораториуд байгуулна. Ингэснээр барилгын материалаас эхлээд импортоор оруулж ирж буй бүх материал стандарт хангасан байх болно.
  • Эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад Дорнод аймаг дахь “Чойбалсан” ДЦС-ыг өргөтгөл шинэчлэл орж байна.
  • Нийгэм, эдийн засгийн салбаруудад хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг үр дүнгийн гүйцэтгэлээр тооцож байхаар болжээ.
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах болон ТЭЗҮ-г хийж гүйцэтгэхэд 40 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бүх хөрөнгө оруулалтыг анхны өртөгөөс нь эхлээд цахим системд, дахин давтагдахгүй байхаар кодлон оруулж байна. Энэ нь олон нийт хяналт тавих боломжийг олгож, хялбар болгож байгаа юм.
  • Төсөвт өртөг бүгд магадлангаар орж байна. Ингэснээр ТЭЗҮ хийгээгүй хөрөнгө оруулалт гэж байхгүй болж, хийгээгүй нөхцөлд хөрөнгө оруулахгүй.
  • Төсвийн санхүүгийн зардал дээр зөвхөн цалингийн нэмэгдэл байгаа. Хэмнэлтийн хуулийн горим үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны шинэ хууль 2024 оны эхнээс хэрэгжинэ гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих