Эрдэмтэд 8 дахь тивийн газрын зургийг гаргажээ

оруулсан Алсын Хараа

Эрдэмтдийн баг олон жил ажилласны эцэст дэлхийн найм дахь тив гэж нэрлэгддэг Зеландиагийн газрын зургийг гаргажээ. Энэ нь гурван сая гаруй км2 буюу Австралийн нутгийн тал орчим талбайг эзэлдэг. Гэхдээ 95 хувь нь усан дор байдаг тул олон мянган жилийн турш нууцлагдмал байв. Ихэнх галт уулс, хөндий, уулс нь Шинэ Зеландын ойролцоох далайн ёроолд оршдог тул газрын зураг гаргахад хэцүү байжээ. 

Зеландиаг 20 гаруй жил судалсан баг тивийн зүүн хойд буланг зураглаж дуусгасан байна. Ингэхдээ олон жилийн судалгааны өгөгдлүүдийг нэгтгэн, тивийн гадаргын тэгш өндөрлөг, нуруу зэргийн газрын зургийг гаргажээ.

Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь усан дор оршиж буй тул Зеландиаг тив биш гэж зарим хүн маргаж байна. Харин зарим хүн Зеландиаг эх газрын хэлтэрхий эсвэл бичил тив гэж нэрлэжээ.

Тивийг тодорхойлоход далайн түвшинтэй холбож ойлгох шаардлагагүй гэж Мортимер тэргүүтэй эрдэмтдийн баг үзэж байна. Тивийг тодорхойлох нэг чухал хүчин зүйл бол эх газрын царцдас юм. Тив нь ихэвчлэн зузаан царцдастай, далайн ёроолтой харьцуулахад боржин чулуу, шохойн чулуу, кварцит гэх мэтээр геологийн хувьд илүү олон янз зүйлтэй байдаг. Тэгвэл эрдэмтэд Шүрэн тэнгист орших Зеландиагийн Фэйрвэй нурууны ёроолоос базальт, элсэн чулууг олж, он цагийг нь тогтоожээ. Тэдгээрийн нас нь 36-128 сая жилийн хооронд хэлбэлзэж байна. 

Зеландиаг эртний Гондванагийн нэг хэсэг гэж үздэг. Гондвана нь одоогийн Антарктид, Австрали, Өмнөд Америк, Африк, Энэтхэгийг агуулсан хуурай газар бөгөөд 160 сая жилийн өмнө Юрийн галавын төгсгөлд задарч эхэлсэн. Царцдас сийрэгжихийн хэрээр 25 сая жилийн өмнөөс Зеландиа живж эхэлсэн. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Сэтгэгдэл бичих