С.УЯНГА
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Усны газрын дарга З.Батбаярыг урьж ярилцсан. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Хүн өөрийгөө үргэлж голж байдаг. Гэхдээ хичээвэл бага ч гэсэн үр дүн гардаг гэдгийг мэдэрсэн цаг хугацаа байлаа. Намайг Унгар улсад Элчин сайдаар очиход тэнд Монголоос 70 оюутан суралцаж байсан бол ажлаа хүлээлгэж өгөх үед 1200 болсон. Одоо бол Европтоо Унгар улсад Засгийн газрын тэтгэлгээр хамгийн олон оюутан суралцаж байгаа нь Монгол болж байна. Мөн тэнд амьдардаг монголчуудын тоо хоёр дахин өссөн.
-Дипломат алба онцлогтой. Өдөр тутамдаа холбогдож ажил үүрэг аваад ажилладаг болохоор эх оронтойгоо илүү ойр байдаг. Гэхдээ хилийн цаана Монголын хөдөө нутаг, нүүдэлчин соёлын үнэ цэнийг мэдэрсэн он жилүүдийг өнгөрүүллээ.
-Хангалттай цалин хангамж, эрүүл аюулгүй орчинд амьдардаг европууд юу хайдаг гээч. Тэд бидэнд үнэгүй байдаг, тэр бүр тоодоггүй зэлүүд тал нутаг, нүүдлийн аж ахуйг хайдаг юм байна. Ерөөсөө энэ дэлхийн хүмүүсийн үнэт зүйл, амар амгалан бол хэн нэгнээс хараат бусаар тайван амьдрах юм. Их мөнгө, том байшин биш байгалиа харж хайрлаад тайван амьдрахыг хүсч байна.
-Хоёр л тоо хэлье. Намайг 2005-2012 онд ажиллаж байх үед Монгол Улсын нийт усны хэмжээ жилд 610 км куб буюу метр куб рүү шилжүүлэх юм бол 610 тэрбум метр куб байсан. Энэ тоо 2022 оны байдлаар 50 орчим нь алга болж 564 км куб болж багассан. Гэтэл үүний 70 хувь нь нуур байдаг. Тэр дотроо дахиад 70 хувийг Хөвсгөл нуур бүрдүүлдэг. Тоо харвал агуу их устай юм шиг хэрнээ талаас илүү хувийг нь жижиг том нийлсэн 3000 нуур бүрдүүлж байдаг.
-Хоёрдугаарт, Монгол Улс жилд 500 сая метр куб ус хэрэглэдэг. Ингэхдээ газар доорх усыг хэрэглэж байна. Гэтэл газар доорх ус 12 км куб буюу нийт усны хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Үндсэндээ сүүлийн арав гаруй жилд бидний ашигладаг газрын доорх уснаас тав дахин их ус алга болчихсон. Байдал ийм л байна.
-2050 он гэхэд мөнх цаст хайрханууд хайлах аюулд орсон. Хайлбал юу болох вэ. Мөнх цаснаас эх авч байгаа голууд үерлэнэ. Хайлж дууссаны дараа хатаж ган болно. Монголын алдартай их нууруудын хотгор үгүй болж экологийн сүйрэлд орох аюултай. Хүмүүс муу амлаж байна гэж хэлэх байх. Гэхдээ Хөвсгөл, Увс, Хяргас нуурыг эс тооцвол их нууруудын хотгорын эко систем маш эмзэг. Ердөө 1.5-3 метрийн гүнтэй. Дээр нь амьтан, ургамал нь багасаад ирэх юм бол хатах аюултай.
- Нэг жилд стаканаар болон крантны ус гоожуулж шүдээ угааж байгаа хүний хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Стаканаар шүдээ угааж байгаа хүний 36 жил хэрэглэх усыг крантны ус гоожуулдаг хүн нэг жилд л ашигладаг гэсэн үг. Ус хэмнэхийн гайхамшиг ердөө л энэ.
- Хатуухан хэлэхэд төр цэвэр ус өгөхгүй. Улаанбаатар хотод 600 мянган машин бий.Нэг машиныг 100-250 литр усаар угаана. Нэг машин жилд хэдэн удаа угаалгах вэ гээд бодоод үзвэл чамгүй их тоо гарна. Дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон машин угаалгах, ногоон байгууламж услахыг хориглож эхэллээ. Хоногт 250 литрээс дээш ус ашиглахгүй шүү гэж анхааруулж байна.
-Ер нь бол хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдгийн үлгэр саарал усан дээр гарч ирж байна. Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ. Крантнаас битгий ус өгөөч ээ, Ус сувгийн удирдах газар битгий гэрээ байгуулаач ээ гэж байгаа. Тэдэнд 2-3 арга бий. Гэр хорооллын худгаас очоод ус авч болно. Гэхдээ хоёр биш 25 төгрөгөөр ус худалдаж авна.
- Хоёрдугаарт, барилгын компаниуд шүүрлийн усаа шууд гол руу хаяж байгаа. Үүнийх нь төлөө мөнгө авч эхэлнэ. Хэрэв тэр компани ухаалгаар ажиллах юм бол улсад мөнгө төлж гол руу урсгахын оронд цуглуулж байгаад машин угаалгын газруудад хямдхан ч хамаагүй зарж болно.
-Хүнсний үйлдвэрүүдийн хаягдал ус ч бий. Тэд бохир усны төлбөр төлж байхаар харин ч энэ усаараа орлого олж, саарал усны зориулалтаар ашиглуулж болно. АПУ компанийн хүнсний хаягдал усыг 600 метрийн зайд байгаа Сүлжмэлийн үйлдвэр яагаад авч болохгүй гэж. Машин угаалгын газрууд бол бүр булаацалдаад авах хэрэгтэй. Эцэст нь хэн хэн нь хожино, бүх талд зардал буурна.Саарал ус ашиглах цаад агуулга ердөө л энэ.
- Миний бас нэг хийхээр зорьж байгаа ажил бол таван одтой зочид буудлууд. Дэлхийн томоохон буудлууд ус дахин ашиглах төхөөрөмжтэй байдаг. Жишээлбэл, энэ төхөөрөмжийг Шангрилла ажиллуулдаггүй. Уг нь нэг кноп дарахад болох зүйл. Гэтэл тэр төхөөрөмжийг ээлжээр ажиллуулах 2-3 хүний цалин цэвэр ус авч ашиглахаас өндөр болох гээд байгаа учраас хүсэхгүй байна. Цэвэр ус ийм л үнэ цэнгүй байна.
-Ганцхан жишээ авахад, нэгдүгээр сургууль өдөрт ариун цэврийн өрөөндөө хэчнээн литр ус татдаг бол. Гэтэл тус сургуулиас 100 метрийн зайд байгаа таван одтой зочид буудлын 250 өрөөнд хэр хэмжээний ус хэрэглэдэг билээ. Манай байрны хоёр талд томоохон хувийн компани болон сүм байрладаг. Гурвуулаа нэг шугамаар усаа авдаг. Гэтэл манайх төсвийн байгууллага болохоор илүү мөнгө төлдөг бол өнөө хоёр маань хувийнх учраас бага мөнгө төлдөг.
-Нэг литр усанд төсвийн байгууллага гурван төгрөг 11 мөнгө, хувийнх 2.6 төгрөг төлдөг. Үүнтэй адил улсын сургууль илүү, хувийнх нь бага мөнгө төлдөг. Монголд ийм л зарчим үйлчилж байна. Мөн оффисын барилгуудын усны төлбөрийг нэмж байж хэмнэлт бий болно.Тиймээс хаана их ус хэрэглэж байна тэндээс өндөр төлбөр авдаг болно. Тэр орлогоороо гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг төлөхөд ч буруудах юмгүй.
-Орон сууцанд амьдарч байгаа хүн хоногт 150 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын иргэн 10 литр байх жишээтэй. Гэтэл гэр хорооллынхон орон сууцныхаас дөрөв дахин өндөр үнээр ус авч байна. Энэ зөрүүг арилгах ёстой.
-Миний ажил бол хуулиа л биелүүлэх. Голын эрэгээс 50 метр зайд онцгой хамгаалалтын бүс байдаг. Тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах ёстой. Модон жорлон байсан ч адилхан. Бидний тооцоолсноор голын хамгаалалтын бүсэд 2900 хашаа, 2400 байшин байна.
-Хүний өмчийг Үндсэн хуулиар хамгаалдаг. Харин хууль ёсны дагуу олсон баялгийг өмч гэдэг. Хууль бусаар олж авсан бол тэр өмч биш. Харин хулгайн зүйл болно. Эцсийн дүндээ хэний хэдэн барилгыг нураах, нураахгүй байх асуудал биш юм. Хэрэв тэр үерийн хамгаалалтын бүсэд баригдсан байшинд амьдарч байгаад байгалийн гамшиг боллоо гэхэд хэн хохирох юм. Байшингаа барьж ашгаа олчихоод явсан компанийн эзэн биш тэнд амьдарч байгаа иргэд хохирч үлдэнэ гэдгийг ойлгоосой. Өнөөдөр төрийн байгууллагыг хуурах биш өөрсдийгөө, үр хүүхдээ хорлож байгаа хэрэг.
-Сэлбэ гол дээр тооцоолсноор дахиад үерийн гамшиг болох юм бол усны түвшин 3-4 давхар байшингийнх шиг хэмжээтэй болно гэсэн судалгаа байна. Энэ зуны үер үүнтэй харьцуулахад хамаагүй бага байлаа. Улс орнуудад болсон энэ жилийн үерийг судлахад нэг аюултай зүйл анзаарагдсан нь хөрсний гулгалт. Урьд өмнө болдоггүй байсан газарт хөрсний гулгалт болж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад хөрсний шинж чанар өөрчлөгдөж байна гэсэн үг. Монголд ийм зүйл болж голын эрэгт нэг см-ийн гажилт өгөхөд барилгын сууринд нөлөөлж бүгд нурах аюултай.
-Шүүмжлүүлэх баалуулахаас айдаг нас өнгөрсөн. Мэдээж сайхан зүйл биш учраас хүн болгон эмзэглэж таарна. Миний хувьд ажлын туршлага, насаа бодсон ч айгаад суух үе биш л дээ. Тиймээс усны менежментийн тал дээр амьдралаа зориулж ирсэн ажлаа хийх цаг үе ирсэн, одоо л эхэлж байна гэж бодож байгаа. Усны менежментээр зүйрлэвэл миний цаг өглөөний 07:00 болж байна.
-Ард түмэн өөр дээр нь мэдрэгдсэн зүйлээ эсэргүүцдэг. Гэтэл ард түмний хэрэглэж байгаа усны үнийг бууруулаад өгье. Харин хаана хамаа замбараагүй ашиглаж байна тэндээс хэмнэж, төлбөрийг нь нэмье гэж байгаа юм. Жишээлбэл, нэг машиныг 25 мянган төгрөгөөр угаалгадаг гэж бодож үзэхэд угаалгын газрууд олж байгаа орлогынхоо 0.01 хувийг л усанд төлж байгаа. Үнийг нь арав дахин нэмэхэд цэвэр ус ашиглахгүйгээр хэрхэн шийдэж болох вэ гэж ухаанаа уралдуулж өөр “юм” бодож эхэлнэ. Энэ сэтгэлгээ анхнаасаа суугаад хэвшчихсэн болохоор л өөрчлөхөд хэцүү байгаа юм. Цаад агуулга, үнэ цэнийг нь ойлгочихвол эцсийн дүндээ бүх хүнд ашигтай.
Эх сурвалж: www.polit.mn