Монголчууд яагаад дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулагчид вэ?

оруулсан Алсын Хараа

“Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрэн аль вэ?” гэсэн асуултанд түүх сонирхогч Балажи Висванатаны өгсөн хариултаас дээрх хариулт урган гарлаа.

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулагчид гэвэл мэдээж би Монголчуудыг л нэрлэнэ. Тэд түүхэнд байгаагүй олон шинэ зүйл нээхийн сацуу тэднээс хойш хэн ч хийж чадаагүй олон зүйлийг бүтээсэн ард түмэн. Тэд бүс нутгийн эмх цэгцгүй суурьшлаас хэдхэн арван жилийн дотор л хамгийн агуу эзэнт гүрнийг бий болгож чадсан юм.

Гэхдээ тэд бас үнэнхүү агуу зохион бүтээгчид, бусдаас суралцах, шинэ юманд дасан зохицох чадвараараа энэ дэлхийг аль ч их гүрнээс илүүтэй өөрчилж хувиргаж чадсан хүмүүс гэж хэлбэл та гайхахгүй биз дээ?

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулагчид гэвэл мэдээж би Монголчуудыг л нэрлэнэ.

Монголчуудын талаар маш хоцрогдсон үзэл бодолтой хүнтэй бишгүй л таарч байлаа. Бид тэднийг морь унаж нум сум агссан зэрлэг эрс гэх мэтээр сүүдэртэй талаас нь илүү төсөөлж иржээ. Их Британийн Эзэнт Гүрнийг 2700-аад оныхон хурдан буу үүрч, улаан хэрээстэй далбаа намируулсан улаан хүрэмтэй залуус гэхээс өөрөөр төсөөлөхгүй гэвэл ямар санагдаж байна?

Арабын Эзэнт Гүрнийг морин дээр сэлэм даялаж Аллах гэж хашхирсан харчууд гэхшүү маягаар төсөөлж үлдвэл ямар байх вэ? Эсвэл одоогийн АНУ-ыг Адам Сэндлерийн инээдмийн киног үзэнгээ бусад улсын дээрээс цөмийн бөмбөг дэлбэлж суудаг, түрэмгийчүүл мэтээр сэтгэж хоцорвол яаж байна?

Тэгтэл Их Британийн Эзэнт Гүрэн, Арабын Эзэнт Гүрэн, АНУ-ын түүхнээ гүйцэтгэсэн үүрэг энэ мэттэй ханьцашгүй агуу шүү дээ. Монголчуудын хувьд ч адилхан. Сонирхож байвал үргэлжлүүлээд уншигтун.

Монголчуудын цэрэг дайны ур чадвар
Гитлер, Напелеоныг бодоход Монголчуудад Оростой “зууралдаад” байх нэг их шаардлага байсангүй. Оросыг өвлөөр бүү дайл гэж хүмүүс ярьдаг даа. Харин Монголчууд бол гүүр далан гэлгүйгээр морьдоо мөсөн дээгүүр хөтлөөд л гарчих боломжтойгоор нь дүн өвлөөр голдуу дайлаар морддог байлаа. Афганчууд Америк, Зөвлөлт, Британи гэх мэт олон дайсантай нүүр тулж байсан байх. Харин Монголчуудын эрин үед тэднийг юу цухалдуулж байсныг хэн ч хэлж мэдэхгүй.

Монголчууд хэзээ ч тогтсон үзэл онолоор хөөцөлддөг хүмүүс биш.

Хятад л гэхэд Монголчуудын мандан бадралаас өмнө ямар ч хүчинд хавирга зүлдээ дэлдүүлж үзээгүй гүрэн байв. Арабын Эзэнт Гүрэн тэр үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрчихсэн, Багдад шиг сайхан хот энэ дэлхий дээр байдаггүй байлаа. Энэтхэгүүд Чингис хааны ирт сэлмийн үзүүрээс сайн удирдагчийн хүчинд амь зулбаж чадсан ч дараа нь элэг бөөр лүүгээ эвхэртэл өшиглүүлээд амжсан билээ.

Германы загалмайтан дайчид Монголчуудын өөдөөс яаж ч чадаагүй. Өмнөд Азийн олон овог аймаг ч мөн адил. Хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн улс гүрний иргэншсэн ард байсан ч, хөдөө талаар сул давхисан зэрлэг нүүдэлчин байсан ч Монголчуудын өмнө хүн бүхэн толгой бөхийх бүлгээ.

Монголчууд Сибирийн тэсгим хүйтэн, Арабын аагим халуунд ч амь бөхтэй тулалдаж чадна. Тэд Евразийн онгон зэлүүд талаар ч, Бирмийн ширэнгэн ой дундуур ч торох юмгүй давхилдана. Тэд бас Хятадын тутрагын талбай дундуур жишимгүй туучиж, Хималайн өндөр уулсыг овоохон толгодоор давж буй юм шиг огтын жишимгүй туулна.
Моринд даанч гаргуун шигээ тэд нум сумандаа ч гарамгай. Байгалийн ямар ч тогтоц тэдний хувьд байдаг л нэг гүвээ даваа, гуу жалга, салхи савир мэт.

Дайснууд нь хуягласан хамгаалалтанд орчих юм бол Монголчууд тэднийг нум сумаараа хиаруулчихна. Эргээд дайснуудынх нь хамгаалалт жаахан л задарвал морин цэргээрээ уулгалаад орчихно. Тэд харваачид, морьт цэрэг, явган цэргийн алинтай нь ч ач тач тулалдаж чадна.

Товчхондоо бол Монголчуудыг давах цэрэг дайны уран арга, зэр зэвсэг, хүч чадал гэж тэр үед ерөөс байгаагүй юм. Тэд бол дэлхийн түүхнээ цолгорсон хэмжээлшгүй сүр хүчит цорын ганц их гүрэн байлаа.

Цэргийн хүчээр эзлээд зогсохгүй Их Гүрний сүрээр ноёлох нь
Монголчуудын тухай ярианд ердөө л хувь заяаны эз нь гүйсэн, алах хядахаас өөрийг мэддэггүй “зэрлэгүүд” гэх мэтийн хуучинсаг, ялгаварлан гадуурхсан өнгө аястай үгс давамгайлдаг. Саяхнаас л эхэлж түүхчид тэдний тухай цоо шинэ баримтуудыг нягтлан судалж, Монголчуудад зүй ёсны хүндэтгэлийг нь хүлээлгэх болжээ.

Гараа цусдаж үзээгүй их гүрэн бүү хэл жижиг улс ч байхгүй гэдгийг зүгээр л хүлээн зөвшөөрцгөөе.

Монголчууд үнэндээ машид нээлттэй сэтгэлгээ, бүтээлч хандлага бүхий дээд түвшний засаглалыг нэвтрүүлж чадсан юм.

Монголчууд үнэндээ машид нээлттэй сэтгэлгээ, бүтээлч хандлага бүхий дээд түвшний засаглалыг нэвтрүүлж чадсан юм. Дайснууд нь нэг зогссон газраасаа хөдлөх дургүй, хөшүүн хойрго байхад тэд хүн төрөлхтөнд нээгдэж туршигдсан бүхий л технологийг ашиглах гэж эрмэлздэг машид бүтээлч инженерүүд байлаа. Басхүү удирдлагын маш олон хэлбэр, арга маягийг туршиж, бүхий л боломж бололцоог шавхан ашиглагчид байв.

Дарь, цаас, модон болон төмөр бар гэх мэт маш чухал технологи, нээлтүүд чухамдаа тэдний л байлдан дагууллын үр дүнд дэлхий нийтээр тархсан билээ. Товчхондоо тэд өнөөгийн бидний амьдарч буй дэлхий ертөнцийн төрх байдлыг шийдсэн хүмүүс юм.
Тэд Загалмай шашин, Муслим, Күнз, Буддын бүхий л үзэл номлолыг нэгэн зэрэг хүлээн авч чаддаг байлаа. Монголчууд хэзээ ч тогтсон үзэл онолоор хөөцөлддөг хүмүүс биш. Үүгээрээ ч Европын бүхий л колоничлогч гүрнээс агуу их сүр нөлөөтэй юм.

Тэд бүтээлч, эрэл хайгуулчийнхаа үр дүнд дайсныхаа сул талууд дээр маш гарамгай тоглож чаддаг байв. Тэд Хятадын хулгавч нум, галт бууны эсрэг Европ, Дундад Дорнын алсын зайнаас шидэгч төхөөрөмжийг ашиглана. Сум болгох чулуу хүрэлцэхгүй бол модны тайрдасуудыг усанд дэвтээн хүндрүүлж байгаад шиднэ.

Монголчуудын тухай бас бус үзлүүд:
Монголчууд Европчуудаас түрүүлж цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн

Монголчууд өртөө улаагаараа олон улсын шуудан харилцааны системийн үндсийг тавьсан. Тэдний өртөө улааны хурдыг удаах таван зууны туршид хэн ч гүйцэж чадаагүй билээ.

Тэд бичиг үсгийн шинэ систем үүсгэж, хэвлэх барлах аргыг дэлхий дахинд түгээж, Солонгосчуудын дунд сэхээлэг хүрээний давалгааг бий болгосон билээ.
Монголчуудын байлдан дагууллын үед Дэлхийн нийтэд мэдэгдсэн бүхий л зам холбоог нэгтгэсэн нээлттэй худалдааны шинэ тогтолцоо бүрдсэн юм. Худалдаачид ямар ч дарамт шахалт, нэгжлэг шалгалтгүйгээр чөлөөтэй хэрэн хэсч, наймаа арилжаагаа хийх боломжтой болжээ. Үүнийг дагаад эдийн засаг ч цэцэглэн хөгжив. Чухам энэ л үед Марко Поло тэргүүтэй Европын аялагчид Азид хөл тавих боломжтой болсон юм.

Шашны мөргөлдөөн туйлдаа хүрсэн тэр цагийг Ислам, Загалмайтан, Буддизм, Күнзийн сургаал гэх мэт мэдэгдэн буй бүхий л шашин, сургаальд хүлцэж ханддаг Монголчуудын талбиу ухаан төвшитгөж чадсан юм.

Монголын хаад шинжлэх ухааны ач холбогдлыг нэн өндөрт үнэлдэг байсны шидээр Хятадын одон орон, анагаах ухаан, зохион бүтээхүй, тоон ухаан гэх мэт шинжлэх ухааны салаа мөчир бүр цэцэглэн хөгжих боломжтой болсон юм.

Монголчууд мэдлэг ухааны араас ямагт эрэлхийлж шинэ зүйлийг маш овсгоотой сурч чаддаг улс.

Чухам энэ л үед Хятадын нэрийг дэлхийд гаргасан Гуо Шоужин, Зү Ши Жи гэх мэт агуу эрдэмтэд төрөн гарсан билээ. Басхүү Монголчууд тэр үедээ өдгөөгийн цаг тооллын системтэй нэн ойролцоо цаг тооны бичиг ашиглаж байсан түүх бий.

Монголчууд мэдлэг ухааны араас ямагт эрэлхийлж шинэ зүйлийг маш овсгоотой сурч чаддаг улс. Тэд бас дэлхийн өнцөг булан бүрээс хичээнгүйлэн сурсан эрдмээ бусдад харамгүй түгээгчид юм. Чухам Монголчуудын ноёрхолтой холбоотойгоор л Европчуудын зохион бүтээх, шинийг санаачлах урам зоригт тэсрэлт болж байсан нь үнэн.

Дэлхийн бүхий л эзэнт гүрний нэгэн адилаар тэдэнд гараа цусанд хутгасан бишгүй түүх бий. Гэвч тэд шинжлэх ухааны нээлтэд идэвхитэй хандах, бусдын үзэл онолыг хүндэтгэн үзэх, чөлөөт худалдаа арилжааг дэмжих гэх мэт олон сайн талаараа энэ дэлхийн бүхий л эзэнт гүрнээс хамгийн агууд хүрч чадсан, хамгийн гайхамшигт үр нөлөөг бидэнд үлдээсэн эзэнт гүрнээр зүй ёсоор тодорно билээ.

Сэтгэгдэл бичих