АНУ-ын их дээд сургуульд хүүхдээ сургах эцэг эхчүүдэд зориулав

оруулсан Алсын Хараа
МУИС-ийн ОУХС төгсгөсөн шавь Н.Болортуяагийн нийтлэлийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. Цаг үеийн чухал сэдэв. Эцэг эхчүүд, хүүхдүүд ч өөрсдөө зайлшгүй мэдэж байх асуудал. АНУ-д англи хэлний багш нарыг олноор нь бэлтгэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа. Монгол-Америкийн харилцаа соёл боловсрол, хүмүүнлэгийн салбартаа гүнзгийрэх ирээдүй харагдаж байна. Ийм үед хэн хүнгүй сэтгэл чилээх асуудалд дор тодорхой хариулт өгчээ. Миний бие энэхүү мэдээллийг бэлтгэхийн тулд 140 гаруй их сургуулийг бүрэн судалсан. Мөн хамгийн сүүлийн үеийн бодит тоон мэдээллийг оруулсан. Үүний тулд 42 их сургуулийн financial aid workshop-д өөрийн биеэр сууж, тухайн сургуулиудын элсэлтийн комисс, суралцагч оюутан, көүчүүдтэй холбоо тогтоож яг үнэн зөв мэдээлэл хүргэж байгаа болно. Анхааралдаа авна уу.
Судлаач-профессор Д.Баярхүү
сонин mn
Насанжаргалын Болортуяа
Тэтгэлэг, санхүүгийн тусламж
Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын төлбөр маш үнэтэй. Хүүхдээ их сургуульд хэрхэн амжилттай бэлтгэж оруулах вэ гэдэгтэй зэрэгцээд тэнцээд орлоо гэхэд төлбөрийг нь яаж төлөх вэ гэх “толгойны өвчин” араас нь гарч ирдэг. Ийм зовнил бараг бүх эцэг эхчүүдэд бий. Жилийн $60,000-$90,000 сургалтын төлбөр гэдэг бол бодохоос ч түгшмээр.
Тэр айдсаасаа үүдээд эцэг эхчүүд “амьдардаг мужийнхаа аль нэг сургуульд л оруулъя, бүр болохгүй бол 2 жилийн сургалттай коммунити коллежид оруулаад, 3 дугаар курсээс нь их сургууль руу шилжүүлбэл арай хямд зардалтай байдаг гэнэ” гэх зэргээр харах өнцгөө хязгаарлаж, хүүхдүүддээ боломж олгодоггүй.
Гэтэл үнэндээ тэгтлээ сандрах хэрэггүй юм. Америкийн магадлан итгэмжлэгдсэн, босго өндөр их сургуулиудаас бараг дийлэнх нь буюу 2387 сургууль сургалтын тэтгэлэг, санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлдэг юм билээ шүү.  Дэлхийн шилдэг их сургуулиудад ар гэр нь санхүүгийн бололцоотой ч тэтгэлгээр суралцдаг хэдэн мянган оюутнууд бий. Түүний нэгэн адил сурлага сайтай ч санхүүгийн боломж тааруу оюутнуудад бүр тэднээс ч илүү боломжууд гарч ирдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ боломж олгон, тэдний оюуны шандсыг сорьж, шилдэг топ их сургуулиуд руу материалыг нь зоригтойгоор явуулаарай гэж зөвлөх байна.  Америкийн их сургуулиуд элсэгчдийг дараах байдлаар тэнцүүлж авдаг.
1. Need blind admissions 
Энэ нь тухайн хүүхдийн ар гэрийн санхүүгийн байдал сургуульд тэнцэх шийдвэрт огт нөлөөлөхгүй гэсэн үг. Өргөдөл гаргагчдын газарзүйн байрлал, иргэншлийн статус зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч дотроо хэд хэдэн категорид хуваагддаг. Үүнд:
-үх элсэгчдэд ижил тэгш боломж олгодог сургуулиуд. Одоогоор 7 сургууль 100%-ийн тэтгэлэг, санхүүгийн тусламжийг хэн гэдгээс нь үл хамааран санал болгож байна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд аль улсын иргэншилтэй байх нь огт хамаагүй, бичиг баримттай, баримтгүй эсэх нь ч хамааралгүй юм. Америкийн иргэн биш, ногоон картгүй хэдий ч тэтгэлгээр сурдаг, онц сурдаг оюутнууд энэ шалгуурыг хангадаг. Мөн Монголоос тэтгэлэг авсан хүүхдүүдийн дийлэнх нь энэ ангилалд багтдаг.
Нэгэнт бүх хүүхдүүдэд ижил тэнцүү боломж олгодог учир тэнцэх нь л чухал. Маш өрсөлдөөнтэй тул шалгаруулалт нь мерит зарчмаар явагддаг. Өндөр GPA, маш сайн SAT/ACT оноог голлох шалгуур болгоно. Мөн академик болон бусад чиглэлээр онцгой амжилт гаргасан бол давуу тал болно.
Хэрэв тэнцвэл сургалтын төлбөр, дотуур байр, хоол, хичээлийн хэрэглэгдэхүүн бүх зүйлийг сургууль хариуцна. Эдгээр сургуулиудын заримаас нь дурдвал Harvard University, Yale University, Princeton University, MIT зэрэг юм.
-Хоёр дахь ангилал нь зөвхөн АНУ-д ахлах сургууль төгссөн оюутнуудад тэтгэлэг, буцалтгүй тусламж олгоно. Энэ хэсэгт сургууль тус бүр өөр өөрийн ялгаатай бодлого баримтална. Тухайлбал Стэнфордын их сургууль АНУ-иргэн, ногоон карттай иргэн, мөн бичиг баримтгүй буюу ногоон карт хүлээж байгаа элсэгчдэд need blind-р тэтгэлэг олгодог. Гадаадын оюутнууд үүнд хамаарахгүй тиймээс АНУ-д ахлах сургууль төгссөн хүүхдэд давуу тал болно. Үүнд сургуулийн төлбөр, дотуур байр, хоолны зардал орно. Стэнфордын их сургуультай төстэй бодлоготой 60 орчим хувийн сургуулиуд байдаг. Санхүүгийн тусламж, тэтгэлэг нь тухайн сургуулийн дотоод бодлого, санхүүгийн чадавхи, бусад зүйлтэй холбоотой байдаг тул бүх сургууль ижил зарчимтай биш. Тиймээс сонирхсон сургуулийнхаа вэбсайт руу ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй.
2. Need based admissions 
Энэ нь тухайн хүүхдийн санхүүгийн байдал сургуульд тэнцэх шийдвэр гаргалтанд нөлөөлнө гэсэн үг. Шалгуур нь ар гэрийн санхүүгийн байдал, өрхийн жилийн орлогоос хамаарч санхүүгийн эргэн төлөлттэй болон төлөлтгүй тусламж үзүүлнэ. Мөн л сургууль тус бүрийн баримталж буй бодлогоос хамаарч ялгаатай.  Бодит жишээн дээр тайлбарлая.
-Харвардын их сургууль жилийн өрхийн орлого нь (adjusted income) $75,000 түүнээс доош бол сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө, $75,000-$150,000 хооронд бол нийт сургалтын төлбөрийн 0-10 хүртэлх хувийг хувийн зардлаар төлөхийг, $150,000 түүнээс дээш орлоготой бол 10% түүнээс дээш хувиар хувь тэнцүүлж төлөхийг шаарддаг. Стэнфордын их сургууль жилийн өрхийн орлого $100,000 түүнээс доош бол сургалтын төлбөр, дотуур байр, хоолны зардлаас 100% чөлөөлнө, $100,000-$150,000 бол сургалтын төлбөрөөс чөлөөлнө, хэрэв $150,000 дээш бол санхүүгийн хэрэгцээг нь үндэслэн хувь тэнцүүлж хөнгөлнө эсвэл чөлөөлнө. Колумбын их сургууль жилийн өрхийн орлого $66,000 түүнээс доош бол 100% сургалтын төлбөр, байр хоолны зардлыг хариуцдаг. Гэх мэтчилэн сургууль бүр өөр өөрийн босго шалгууртай.
-Need based admission ихэнх тохиолдолд мужийн дотоодын оюутнуудад илүү таатай нөхцөлтэй байдаг. Зарим сургууль дотоодын оюутандаа 100% хөнгөлөлт үзүүлээд өөр мужаас ирж суралцаж буй оюутнуудад тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, үлдсэнийг нь зээл болон бусад хэлбэрээр төлнө гэх зэргээр тодорхой шаардлагууд тавьдаг. Зарим тохиолдолд GPA 3.5 түүнээс дээш, SAT багадаа 1100 байх ёстой гэсэн мерит шалгуур эсвэл тухайн мужид сүүлийн 12 сарын турш амьдарсан байх ёстой гэх мэтийн төрөл бүрийн шалгуур тавигдсан байх нь бий. Гэхдээ энэ бол цөөхөн сургуульд л тавигддаг шаардлагууд. Ихэнхи нь танай гэр бүлийн санхүүгийн нөхцөлд нэлээн дөхөж ирсэн хөнгөхөн шаардлагууд байдаг. Тиймээс битгий урам хугараарай.
Дээр дурдсан жишээнээс харахад хувийн сургуулиуд буюу дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог шилдэг сургуулиуд тухайн хүүхдийн хэн болохыг нь үл харгалзан тэтгэлэг өгөх бололцоотой байдаг.
Учир нь тэдгээр сургуулиудын төгсөгчдийн холбоо маш сайн эргэх холбоотой ажилладаг, сургуульдаа хандив тусламж ихээр өгдөг. Мөн хувь хүн, корпорэйтүүдээс хандив, санхүүжилт асар ихээр орж ирдэг учир хэдий төлбөр өндөртэй ч, үнэхээр шилдэг хүүхдүүдэд тэтгэлгийг харамгүй өгдөг. Тиймээс хүүхдүүдийнхээ хичээлийг сайн давтуулж, тэднийг оюунаараа цойлоход нь туслах, урам зориг өгөх нь эцэг эхчүүд бидний үүрэг юм. Сургуулийн өөрийн үндсэн тэтгэлгээс гадна олон нэр төрлийн, нэрэмжит тэтгэлгүүд нэлээд их бий. Sony-н тэтгэлэг, Кока колагийн тэтгэлэг гэх мэт. Need blind-р санхүүгийн тусламж олгодог сургуулиудад Merit болон Athletic scholarship байдаггүй. Харин need blind байхгүй сургуулиуд merit scholarship заавал санал болгосон байдаг. Тиймээс дахин хэлье, сургуулийн өөрийнх нь вэбсайтыг сайн судлаарай.
3. In- state colleges 
Хэрэв хүүхэд тань шилдгүүдэд тэнцэхгүй, тэнцээд тэтгэлэг авах шалгуур хангаагүй тохиолдолд мужийнхаа сургуулиуд дээр тогтоорой. Хамгийн сайн сургуулиуд америкийн баруун зүүн хоёр эрэгт голдуу бий. Зүүн эргийн сургуулиуд бол дандаа топ их сургуулиуд. Баруун эрэгт Калифорни мужид Калифорнийн их сургууль, түүний 8 салбар сургууль+ Берклигийн их сургууль, Стэнфордын их сургууль гэх мэт бий. Монголчууд олноор амьдардаг мужуудад том сургуулиуд ховор. Гол төлөв дунд зэрэглэлийн сургуулиуд бий. Түүнийг яаж ялгах вэ гэвэл acceptance rate-г нь харах хэрэгтэй. Тухайлбал Сиаттлд University of Washington гэж сургууль бий. Acceptance rate нь 53.3% буюу нийт шаардлага хангасан элсэгчдийн хоёр хүн тутмын нэг нь тэнцэнэ гэсэн үг. Үндсэндээ acceptance rate 50 хувиас дээш бол өрсөлдөөн бага гэсэн үг. Өрсөлдөөн ихтэй чанга сургуулиудын acceptance rate 20% дотор л байдаг. Тиймээс өрсөлдөөн ихтэй сургуулиудын босго өндөр, шалгуур чанга, түүнийгээ дагаад дан шилдэгүүд суралцдаг, тэднийг сургахын тулд тэтгэлгийг харамгүй санал болгодог.
4. FAFSA/ CSS - өргөдлийн маягт
Тэтгэлэг, санхүүгийн тусламж авахын тулд FAFSA бөглөж явуулна. Үүнийг заавал бөглөнө. FAFSA-д өгөгдсөн гэр бүлийн санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн танай хүүхдэд хэдэн хувийн тэтгэлэг ямар хэлбэрээр олгох тухай шийдвэр гаргадаг. Өргөдөл гаргахад төлбөргүй. FAFSA нь жил бүрийн 10 сарын 1-нд нээгдэнэ, өргөдлийн маягтыг хүлээж авах эцсийн хугацаа элсэлтийн өргөдлийн эцсийн хугацаанаас ялгаатай байдаг. 2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэг, санхүүгийн тусламжийн өргөдлийг энэ жил хүлээж авна. Шийдвэрийг 2022 оны татвар төлсөн байдлыг харгалзан гаргана.
-FAFSA early decision deadline Nov 15, 2023
-Regular decision Feb 15, 2024
-Transfer March 01, 2024
-Combined plan March 01, 2024
(эх сурвалж; Колумбын их сургууль) 
Зарим томоохон сургуулиуд FAFSA-гаас гадна CSS profile бөглөхийг давхар шаарддаг. Нэг өргөдлийн маягт 25$ үнэтэй. Нэмэлт сургууль тус бүрт $16 төлж CSS профайлаа явуулна. 10-р сарын 01-нд нээгдэнэ.
5.  Fee waiver - төлбөрөөс чөлөөлөгдөх 
Их сургуулиуд руу өргөдлөө явуулахад маш үнэтэй. Нэг сургуулийн бүртгэлийн хураамж дунджаар $75. Хэрэв 15 сургууль руу апплекэйшнээ явуулбал $1125, 30 сургууль $2250, 40 сургууль $3000 гэх мэтээр зөвхөн бүртгэлийн хураамжинд маш их мөнгө төлнө. Энэ төлбөрөөс үүдээд олон сургууль руу материалаа явуулж чадахгүй хүүхдүүд их бий. Гэтэл энэ төлбөрөөс чөлөөлөгдөж болдог. Сургууль бүрт need based-н доод босго бий. Жишээ дурдахад Колумбын их сургууль өрхийн жилийн орлого $66,000 доош бол бүртгэлийн хураамжнаас чөлөөлдөг. Энэ нь тэдний need based admissions доод босго юм.
Бүртгэлийн хураамжнаас чөлөөлөгдөх нийтлэг шалгуур нь:
- сургууль дээрээ өдрийн хоол үнэгүй иддэг бол
- өрхийн жилийн орлого $…с бага бол
- улсын аливаа тусламж, хөнгөлөлт эдэлдэг бол
- бүтэн болон хагас өнчин бол гэх мэтийн шаардлагууд тавигддаг.
Эдгээр шаардлагуудаас нэгийг л хангахад үнэ төлбөргүй өргөдлийн маягтаа явуулж болно.
6. Parents contribution, work-study program 
Таны хүүхэд дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн. Сургууль нь тэтгэлэг санал болгосон, гэвч 100%-ийн тэтгэлэг биш 75% тэтгэлэг байсан. Үлдсэн 25% нь $10,200. Гэтэл танай гэр бүл түүнийг төлж чадахгүй. Тэр тохиолдолд яах вэ?
Ийм тохиолдол олон гарна. Энэ үед сургуулиуд маш хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл санал болгоно, эсвэл тухайн оюутанд сургууль дээрээ болон сургуулийнхаа ойролцоо хичээлийнхээ хажуугаар ажил хийж төлбөрийн дутуугаа нөхөх боломж олгодог. Ийм хөтөлбөрүүд ихэнх сургууль дээр байгаа. Түүнийг их сургуулийн өргөдлөө явуулахаасаа өмнө судлах хэрэгтэй.
Бодит жишээ:
Стэнфордын их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд 1-р курсын оюутны сургалтын төлбөр, дотуур байр, хоол бусад зардлууд нийлээд жилийн $89,333 болно. Өрхийн орлого нь $150,000 дээш бол тухайн хүүхдэд $64,033 тэтгэлэг олгоод, parents contribution буюу гэр бүлээс нь $20,300 төлөхийг шаардана.  Харин өрхийн орлого нь $100,000 түүнээс доош бол $76,833 тэтгэлэг олгож, $5000-н төлбөрийн үлдэгдэлд оюутанд ажил хийх боломж мөн $7,500-т federal/state grant авах боломжоор хангана.
Мужийн дотоодын сургуулиуд хэдийгээр тун төсөр санхүүтэй боловч улсын болон мужийн grant авах, хүүгүй зээл олгох зэрэг иргэдээ, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон олон боломжуудыг санал болгодог.  Иймээс ухаалаг, зөв алхам хийж чадвал сургалтын төлбөрийн “дарамт”-гүйгээр хүүхдээ сайн сургуульд сургаж болох юм.
Дэндүү урт бичвэр болсон тул ерөнхий мэдээлэл өгөөд энд хүрээд өндөрлөе.  Pell Grant, Cal Grant, athletic scholarship гэх мэт олон мэдээллийг энд дурдалгүй орхисон. Эцэг эхчүүд Та бүхэн мэдлэггүйгээсээ болж хүүхдийнхээ боломжийг битгий үгүй хийгээрэй, зоригтойгоор зүтгээд үзээрэй гэж зөвлөе. Амжилт!

Сэтгэгдэл бичих