Энэ Л.Оюун-Эрдэнэ өөрөө ердөө болдоггүй нөхөр аж. Сав л хийвэл ямар нэг юм сэндийчиж явдаг.
Хамгийн сүүлд, нийслэлийн газартай холбоотой асуудал руу ороод явчих шиг боллоо. Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны хуралдаанаар Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгажээ. Энэ нь “Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл” үргэлжлэх юм байна.
Дэлгэрүүлбэл, тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Тус тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-ын намрын чуулганд оруулахаар шийджээ. Эдгээрийг шийдтэл Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглосон.
Мөн тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судалж, газруудыг чөлөөлөхөөр болсон. Бас үерийн бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж, хууль зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэгт хүлээлгэх хариуцлагыг нэмэх хуулийн төслийг боловсруулахаар шийдсэн. Цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгасан байдаг.
Дээрх хуралдаанаас гарсан гол шийдвэр гэвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар болсон нь юм. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газартай холбоотой асуудлыг гартаа авлаа гэсэн үг. Гэхдээ тэр яах гэж хотын газрыг “сонирхоод” эхэлсэн бэ гэдэг сонин байгаа юм.
Эхэнд хэлснээр юм юм сэндийчиж явдаг уламжлалаараа газрын асуудлыг сөхсөн байж болох юм. Нөгөө л “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, шүүх, МАНАН бүлэглэл гэж ярьдгаараа ярьж давхисаар байгаад ийшээ орсон байх талтай.
Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын өмнө Үндэсний телевизээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нь энд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж, энэ бүх зүйл авлига шүү дээ. Яваад үзээрэй, манайх шиг эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Сүүлийн үед хүмүүс Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үлдэх барилга байгаа юу. Авлигал ингэж л хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог. Энгийн иргэний амьдралын боломжийг хулгайлж байдаг хорт хавдар байгаа юм. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй” гэж байв. Үер болж, газрын асуудал хөндөгдөхөөс хамаагүй өмнө шүү дээ. Тэгэхээр төлөвлөж байсан болж таараад байгаа юм.
Цаашлаад Л.Оюун-Эрдэнийн энэ газрын асуудал хотын өмнөх удирдлагууд, тэр дундаа Т.Бадамжунай нар руу дөхөөд байгаа нь анзаарагдах болсон. Байгаль орчны сайд нар ч хамрагдах магадлалтай. Ер нь тэгээд хотын газрын асуудал гэдэг бөөн маапаан л даа. Угтаа энэ бол гэмт хэрэг. Газрын наймаа гэдэг бизнесийн салбар болтлоо өргөжсөн шүү. Тэр утгаар нь харвал энэ үйлдэл нь цаашид Улаанбаатар хот, ер нь улсад арга хэмжээ болно. Гэхдээ сонгууль дөхсөн үед энэ бол солиотой үйлдэл юм. Нам намд байгаа олон фракц бүлэглэлийн нэлээдэд нь газартай холбоотой улстөрчид бий. Тэд зүгээр байхгүй. Өмнө нь босгож орхисон олон асуудлын эзэд дээр газрынхан нэмэгдэнэ. Тэр утгаараа, газраар оролдсон нь гай л болно доо, Л.Оюун-Эрдэнэд. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй” гэдэг. Өөрөө л эхэлдэг аж, тэр.
Ө.БААСТ
"Өдрийн сонин"
2023.09.04