ВАТИКАН. /Reuters/. Монголд католик шашин шүтдэг 1450 хүн бүгдээрээ Гэгээн Петрийн сүмд хэдэн арвантаа багтах бөгөөд тэдний тоо зарим жижиг хотуудын жижиг сүмийн цуглаанд оролцогчдоос ч цөөн юм.
Өдгөө 86 настай, тэргэнцэр дээр суух болсон Ватиканы тэргүүн Пап Франциск чухам юуны учир энэ долоо хоногт Монголын католик шашинтнуудтай уулзахын тулд 8278 км замыг туулахаар болов?
Их Британийн уулчин Жорж Маллоригоос 1920-иод оны үед Эверестийн оргилд яагаад авирахыг хүссэн талаар нь асуухад тэнд католик шашинтнууд байдаг хэмээн хариулсан байдаг.
Өнгөрсөн ням гарагт Монголын нийслэл Улаанбаатар хот дахь Гэгээн Петр, Паулын сүмд болсон ёслолд оролцсон их сургуулийн оюутан, 19 настай Х.Арванай, “Би үүнийг төсөөлж ч чадахгүй байна, маш их баяртай байна” хэмээн папын айлчлалын талаарх сэтгэгдлээ “Reuters” агентлагийн сэтгүүлчтэй хуваалцжээ.
Х.Арванай саяхан Лиссабон хотод болсон Католик сүмийн дэлхийн залуучуудын өдрийн арга хэмжээнд оролцоод ирсэн бөгөөд олон сая католик шашинтантай орнуудын залуучууд түүнтэй яриа өрнүүлэх үеэрээ пап өөрсдийнх нь амьдардаг орнуудад хараахан айлчлан ирж амжаагүй байгааг дурдаж байжээ.
Католик шашинтнууд цөөн байдаг газруудад зочлох нь нийгэм хийгээд дэлхийн зах хязгаар дахь хүмүүс болон асуудлуудад Франциск анхаарлаа хандуулж буйн нэг илрэл юм. Тэрбээр Баруун Европын ихэнх нийслэл хотуудад очоогүй байгаа билээ.
Монголд шашин хоорондын арга хэмжээнд оролцох гэж буй Франциск ням гарагт гаргасан долоо хоног тутмын илгээлтдээ “тооны хувьд цөөн боловч итгэл үнэмшил нь хүчтэй сүмд” зочилно хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн онд Франциск Италийн архиепископ Жоржо Маренгог Монгол дахь католик шашны тэргүүний үүрэг гүйцэтгэж тус улсад суурьшсан анхны хамбаар томилсон юм. Ж.Маренго өнгөрсөн сард Ромд ярилцлага өгөх үеэрээ, энэхүү айлчлалын онцлог нь хүн ам таруу суурьшсан, католик шашинтнууд цөөтэй улсад очих гэж буй явдал юм хэмээн хэлсэн байна.
Монголд 20 гаруй жил номлогчоор ажиллаж буй Ж.Маренгогийн хэлснээр, папын хувьд сүсэгтэн бүр ямар чухал болохыг эл айлчлал харуулж буй ажээ.
Монголд католик шашны есөн сүм байдаг бол Италид 25 500 сүм бий, Монголын нийслэлээс хэдэн зуун км-ийн алсад орших хамгийн жижиг сүм нь ердөө 30-40 гишүүнтэй. Гэсэн хэдий ч энэхүү айлчлал нь нутгийн иргэд “хөгтэй, инээд хүргэм гадаадынхан хэрхэн залбирч буйг” харж байснаас хойш хэр их хол зам туулсныг харуулах болно гэж Ж.Маренго хэллээ.
Шашны агуу уламжлал
Франциск ням гарагт хэлсэн үгэндээ, “шашны агуу уламжлалтай”, “эрхэм, ухаалаг хүмүүс”-ийнд зочилж очих нь нэр төрийн хэрэг хэмээн онцолсон байна.
Монголчуудын 60 орчим хувь нь шашин шүтдэг бөгөөд тэдний 87.1 хувь нь буддын, 5.4 хувь нь мусульман, 4.2 хувь нь бөө мөргөл, 2.2 хувь нь христийн шашныг шүтдэг бол үлдсэн 1.1 хувь нь бусад шашныг шүтдэг гэсэн АНУ-ын Төрийн Департаментын мэдээлэл бий.
Монголын уугуул католик шашны хоёрхон санваартан байдаг. Тэдний нэг болох Петр Санжаажав “Пап наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд хийх айлчлалынхаа үеэр ирэх бямба гарагт сүмд зочилно” гэж цугласан олонд хандан хэлээд “Монголд католик сүм байдаг бөгөөд тэр нь гоёмсог болохыг би дэлхий нийтэд харуулахыг хүсэж байна” хэмээжээ.
3.3 сая орчим хүн амтай тус улс Хятадтай ойр оршдог учраас Католик Сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой. Ватиканы хувьд Хятадын коммунист засгийн газартай таагүй харилцаатай байдаг бөгөөд тус улс дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байгаа юм.
Монгол Улс Бээжинтэй нягт харилцаатай. Тиймээс Хятадтай харилцахад зуучлах боломжтой гэж дипломатчид үздэг. Пап ламтай уулзахаар Хятадаас ирэх католик шашинтнуудыг хилээр нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байна.
Хятад бол Монголын нүүрс, зэс, ноолуурынх нь ихэнх хувийг худалдан авдаг хамгийн том экспортын зах зээл бөгөөд Монгол ч мөн адил Хятадын төмөр замын сүлжээгээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ гуравдагч орнууд руу тээвэрлэдэг.
1990 онд ЗХУ-ын дэмжлэгтэй коммунист засгийн газар унаснаас хойш Монголд Төвөдийн буддизм сэргэсэн бөгөөд Далай ламыг уг шашны оюун санааны гол удирдагч гэж үздэг. Гэвч Хятад улсын зүгээс 88 настай цөлөгдсөн Төвөдийн удирдагчийг Монголд айлчлахыг зөвшөөрөхгүй байх шахалтыг удаа дараа үзүүлж, түүнийг аюултай салан тусгаарлагч гэж үзсээр иржээ.