Аавын үргэлжлэл, ах дүү долоон заан

оруулсан Алсын Хараа
Эр баяр, царай төрхөөр хоорондоо төстэй залуус улаан зодог шуудгаар гангарчээ. Тэд бол нар ээсэн говийн хэдэн сумын барилдааныг уран мэхээр цэнгүүлж явсан ах дүү долоон хүчтэн юм. Наадмын торгон дэвжээг чимэх бөх болно гэдэг ховорхон тохиох хувь заяа. Энэ орчлонд хүмүүний амьдрал өөр өөрийн замналаар хөвөрдөг. Хүн  бүрт ижил тавилан бас авьяас заяах нь ховор. Зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүү долоо үнэн хүчээр барилдаж сумын заан цолонд хүрсэн нь үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрийг авчирсан гэдэг. Тэдний аав нь ч сумын заан. Тэгэхээр нэг гэр бүлд найман заан төрсөн түүх ойрын жаранд байхгүй гэдгийг бөх сонирхогч, судлаачид хэлдэг бас үнэлдэг юм билээ.
Ш.Даваахүүгийнх ам бүл есүүлээ. Долоон хүүтэй ч дэг жаяг, ёс жудгийг хөвгүүддээ ягштал зааж сургаж хүмүүжүүлсэн нь өдгөө зүлэг ногоон дэвжээнд олныг баясгах долоон зааныг “бүтээсэн” аж. Долоон хүү нь заан цолонд хүрсэн нь аав, ээжийнх нь энэ насны бахархал хэмээн хөгшид ярьж сууна. Магадгүй үндэсний бөх удам дамждаг гэдэг нь энэ болов уу.
Тэд нутаг усандаа “Тулгууд” хэмээх нэрээр алдаршсан юм билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат ах дүү долоон зааныг онцолж байна. Тэд үндэсний бөхөөр барилдахаас гадна гар бөмбөг, жүдо, даам, шагайн харваа зэрэг спортоор хичээллэж амжилт гаргажээ. Ховорхон заяат нэг гэр бүлийн найман зааны ахуй амьдрал, амжилтын түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.
ХҮЧИТ ЭРСИЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ИЖИЙ ААВ
сонин mn
Долоон хүү төрүүлж өсгөсөн Ш.Даваахүү, С.Энхтуяа хоёр 1974 онд гэр бүл болсон гэдэг. Ш.Даваахүү нь 1950 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд хүмүүн заяаг олж мэндэлжээ. Тэрбээр 1960 онд Шинэжинст сумын бага сургуульд орж байсан хүү Баянцагаан сумын дунд сургуульд элсэн орсон 1969 онд наймдугаар ангиа дүүргэжээ. Аав ээждээ туслан мал маллаж байгаад 1971 онд цэргийн албанд татагдсан байна. Цэргээс халагдаж нутагтаа ирсэн Ш.Даваахүү Шинэжинст сумын гуравдугаар бригадад нярав хийхээр болжээ. Энэ нь түүний ажлын анхны гараа юм. Ийнхүү нярав байсан тэрбээр 1980 оноос тоо бүртгэгчийн үүрэгт албыг хашиж байсан гэдэг. Бусдад үлгэр дууриалалтай түүний ажлын бүтээмжийг үнэлэн “Таван жилийн гавшгайч”, “Ардын хувьсгалын ойн медаль”-иар шагнагдаж байсан аж. Тэрбээр мөн сумын депутатаар хоёр удаа сонгогдож байсан юм билээ. Бас ч үгүй “дарга” хэмээн дуудуулдаг залуу 1979 онд  Шинэжинст сумын наадамд түрүүлж заан цолны эзэн болсон гэдэг. Нутгийнхан нь түүний эр баярыг гайхан биширч дараа жилийн баяр наадамд дахин түрүүлнэ хэмээн ярьцгааж байсан тухай нутгийн хөгшдөөс сонсч байснаа хүүхдүүд нь ярьж байсан юм. “Аав минь 1980 онд эмнэг адуунаас унаж хөлөө хугалсанаар хойш дахин барилдаагүй юм билээ. Ер нь спорт гэдэг бэртэл авсан бол амжилт гаргахад бэрх шүү дээ” хэмээн дунд хүү Д.Эрдэнэтулга нь ярьж байв. Ир бяр нь тэгширсэн идэр залуу насандаа бэртэлээс шалгаалж бөхийн дэвжээгээ орхисон нь түүнд амар байгаагүй гэдэг. Тэрбээр амьдралын хатуу хүтүү, сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдгийг хөвгүүддээ үлгэрлэсэн нь тэр аж. Заан аавын хөвгүүд сумын заан авга ахтай юм билээ. Түүнийг Ш.Цагаанхүү гэдэг. Аавынхаа бөхийн удмыг үргэлжлүүлэн “Нэр хугархаар яс хугар гэдэг. Аавынхаа удмын нэр хүндийг сэвтээхгүй юмсан гээд хичээж явна даа” хэмээн залуус хэлж байлаа.
Нийтлэлийн баатар долоон зааны маань ээжийг С.Энхтуяа гэдэг. 1955 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн тэрбээр есөн настайдаа Шинэжинст сумын бага сургуульд суралцаж эхэлсэн байна. Сайхан дуулахын сацуу ятга тоглодог охин Баянцагаан сумын сургуулийн наймдугаар ангийг онц дүнтэй дүүргэжээ. Онц сурлагатан С.Энхтуяа Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техниккумыг зоотехникч мэргэжлээр төгсчээ.
Шинэхэн зоотехникч Шинэжинст сумын гуравдугаар бригадад хуваарилагдаж тасралтгүй 18 жил ажилласан байна. Ажиллах хугацаандаа малын тоо толгойг өсгөхөд анхаарлаа хандуулсны үр дүнд жил дарааллан өсөж, ашиг шим нь нэмэгдэж байсан нь аймгийн болзолт уралдаанд удаа дараа тэргүүн байрт шалгарч байснаар илэрхийлэгдэнэ. Тэрбээр ажил амьдралаа хослуулсан, хөдөлмөрч, шаавай хүн байсан тухай үеийнхэн нь ярьж байж. Түүнийг нутаг усандаа төдийгүй зэргэлдээ нутагт оронд ч гайхагдсан уран хүн байсныг хөвгүүд нь хэлэв. Монгол дээлийг гарамгай сайхан хийдэг байсан ажээ. Найман заантай хамт амьдардаг С.Энхтуяа улсын баяр наадам бүрээр өндөр захтай, элбэг дээл урлаж өгч “гоёно”. Залуу заанууд ээжийнхээ оёсон дээлийг өмсөж наадмын дэвжээг зорьдог байсан тухайгаа дурсав. “Тулгууд” наадамд барилдахаар явахад ээж нь “Сайн барилдаарай миний хүүхдүүд” гээд сүү өргөөд үлддэг байж. Ааваасаа бөхийн ёс жудаг суралцана. Ээжээсээ бусдыг энэрч хайрлах ухааныг олж авчээ. Энэ бүхэн долоон зааны бага насаа өнгөрүүлсэн цаг хугацааны түүх. Аав, ээжийнхээ хайранд умбаж бас зэмлүүлж өссөн тэдний бага насны амьдралын гэгээн түүхийн нэгээхэн хэсэг нь ийм ажээ.
ЗОДОГ ШУУДГАА ӨӨРСДӨӨ ОЁЖ ӨМССӨН АХ ДҮҮС
Ш.Даваахүү хэмээх айл анхны хүүгээ өлгийдөж аваад удаагүй байжээ. Гэтэл үеэлийнх нь хоёр настай хүү өлгийтэй бяцхан үрийг нь Тулга хэмээн дуудсан гэдэг. Үүнээс улбаалан том хүүдээ Тулгаа хэмээх нэр хайрласан юм билээ. Тулгаа хүү араасаа зургаан “залуу” дагуулсан бөгөөд хөвгүүдэд “Тулга” орсон нэрүүдийг өгсөн түүхтэй. Тэднийг Д.Тулгаа, Д.Мөнхтулга, Д.Мөнгөнтулга, Д.Түвшинтулга, Д.Бүрэнтулга, Д.Эрдэнэтулга, Д.Баттулга гэнэ.
Ах дүү долоон заан насны хувьд хоорондоо холгүй. Хамгийн ихдээ гурван насны зөрүүтэй. Тэдний бага нас говь хангай хосолсон хонгор нутгийн Шинэжинст хэмээх сайхан нутгийн хөдөө өнгөрсөн аж. Хонь хариулах, морь унах, ус авах гээд дуусдаггүй үргэлжилдэг өрнүүн ажилд шамдаж өссөн хөвгүүд загнуулах нь ч элбэг, магтуулах нь ч их. Тэглээ гээд тэд гудийх ч үгүй.
Ихэр мэт дэрсхэн хөвгүүд барилдаж, ноцолдож бас ч үгүй гар зөрөлцөх нь ч бий. Энэ бүхэн тэдний бага насны нандин дурсамж. Том бага гэлтгүй барилдчихна. Унасан, унагасан тухай гомдол харин хэзээ ч гарахгүй. Тэд унаж, босч сурснаар амьдралд нугарахгүй хугарахгүй бас бартааг туулах амьдралын хичээлээс суралцаж буйгаа тухайн үедээ ч анзаараагүй гэдгээ Д.Бүрэнтулга заан ярьж байв. “Бага дүү нь барилдъя гээд салахгүй. Мэдээж жаахан юм чинь уначихна шүү дээ. Тэгсэн хэрнээ л барилдъя л гэдэг байсан” хэмээн тэрбээр бага дүүгийнхээ тухай ярив. Ах нартайгаа барилдаад дийлэхгүй байх нь бий. Дэрсхэн хөвгүүд барилдаад хэн унасан нь гэрийн ажлаа амжуулах ачааг үүрэх тохироотой. Тэгэхээр бага дүү ч гэрийн ажилд бусдад гологдохооргүй суралцсан байх нь. Хоорондоо “ноцолдож” өссөн тэд бөхийн спортыг багаасаа л сонирхож, дурлажээ. Заан аавын залгамж Заан хөвгүүд ийнхүү төрсөн гэлтэй. Харин авъяаслаг, уран ээжийн “шийрийг хатаах” хүү тэдний дунд бий. Үйлэнд уран Д.Тулгаа ээждээ тусалсаар 15 настайдаа анх зодог шуудаг ширж сурчээ. Ах дүүс өөрсдийнхөө зодог, шуудгийг ширж өмсдөг байж. Нас биед хүрсэн хойноо ч улаан торгон зодог шуудгаар гангарч, наадмын дэвжээнд зодоглодог байсан дурсамжаа тэд хуваалцсан юм.
АХ ДҮҮ ДОЛООГИЙН АМЖИЛТЫН ТҮҮХ
сонин mn
Ш.Даваахүүгийн ууган хүү Д.Тулгаа 2003 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын наадамд түрүүлж заан цол хүртсэн аж. Сумын баяр наадамд хоёр удаа шөвгөрч аймгийн баяр наадамд гурав давжээ. Харин хоёр дахь хүү Д.Мөнхтулга нь 2011 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж заан цол хүртсэн. Гурав дахь хүү Д.Мөнгөнтулга аймгийнхаа наадамд хоёр удаа гурав давсан түүхтэй. Тэрбээр 2005 оны Баянхонгор аймгийн Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж заан цол авсан байна.
Ах дүү долоогийн дундах хүү Д.Түвшинтулга Ш.Даваахүүгийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Тэрбээр бусдыгаа манлайлан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2000 оны баяр наадамд түрүүлсэн түүхтэй. Тиймдээ ч хамгийн түрүүнд Заан цолонд хүрсэн түүхтэй.
Үүний дараа 2002 онд Шинэжинст сумын наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан гэдэг. Мөн сумын баяр наадамд хоёр түрүүлж нэг үзүүрлэж, хоёр шөвгөрсөн байна.Харин тав дахь хүү Д.Бүрэнтулга 2002 онд Баянхонгор аймгийн Галуут сумын баяр наадамд түрүүлж байсан гэдэг. Мөн 2008 онд Шинэжинст сумандаа заан цолоо баталсан ажээ. Түүний хувьд сумын наадамд тав үзүүрлэж, нийт 11 удаа шөвгөрсөн байна. Тэрбээр жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, самбо бөхийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байж. Зургаа дахь хүү Д.Эрдэнэтулга нь 2006 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын наадамд түрүүлснээр заан цолоо авч байсан бөгөөд сумын наадамд нэг үзүүрлэж, дөрөв шөвгөрсөн амжилттай явна. Отгон хүү Д.Баттулга 2007 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын наадамд түрүүлж мөн л заан цолны болзол ханган Заан Ш.Даваахүүгийн гэр бүлд “отгон заан” нь болсон байна. Мөн Жүдо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь түүний амжилтын “гэрч”. Дашрамд дурдахад, гар бөмбөгийн нэгдүгээр зэрэг, даамны II зэрэгтэй тамирчин Д.Баттулга ийнхүү Ш.Даваахүү гэх айлын найм дахь заан болон “мэндэлжээ”.
ТЭДНИЙ СЭТГЭЛД ТОД ҮЛДСЭН ДУРСАМЖ
сонин mn
Наадам дөхөхөөр “Тулгууд” барилдахдаа ойр тойрныхоо сумын баяр наадмыг тойрч наадах нь бий. Ихэнхдээ л хэн хэн аль наадамд барилдах вэ гэцгээн хоёр, гурваараа хуваагдан явж нааддаг байж. Тэдний амжилт Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас эхлэлтэй. Ш.Даваахүүгийн гурван хүү тус сумын Заан гэгддэг. Харин бусад дөрөв нь өөр, өөр сумаас заан цолны болзлыг хангаж байсан нь бас л сонин атлаа бахархам түүх. Тэднийг ид барилдаж байх үе буюу 2000-аад онд Баянхонгор аймгийн говийн хэдэн сумдын наадамчид “Тулгууд ирсэн гэнэ” хэмээн ярьцгаах.
Тэд наадмыг сонирхолтой болгох “сэдэв” нь болдог байж. Тэр ч бүү хэл ах дүүс нэг зэрэг болж буй сумдын наадамд түрүүлжээ. Галуут, Шинэжинст сумын 2002 оны наадамд Д.Бүрэнтулга, Д.Түвшинтулга хоёр барилдаж түрүүлж байсан нь цаг хугацааны давхцал болж баяр дээр баяр нэмсэн түүх тэднийх.
Ах дүү долоон заан эр бяраа гайхуулан барилдаж улсын цолонд хүрэх эрэмбэтэй нь Д.Түвшинтулга хэмээн ярьж байлаа. Тэрбээр улсын аваргын барилдаанд зодоглож, дээгүүр амжилт үзүүлж явсан ч зодог тайлсан гэдэг. Үүний учрыг нь хэн нь ч асуудаггүй бас тайлбарладаггүй гэлцэв. Мөн Д.Бүрэнтулга аймгийнхаа наадамд нэг удаа дөрөв, гурван удаа гурав давж үзүүр түрүүний бөхчүүдэд өвдөг шороодож байсан аж. Барилдаж байхдаа аймгийн цолны эрэмбэтэй заан явсан гэж нутаг усны бөх сонирхогч олон ярьдаг юм билээ. Их спортоор хичээллэж байхдаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай нэг жинд эн тэнцүү өрсөлддөг байж. Мөн Д.Түвшинтулга нь Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах өсвөр, залуучуудын барилдаанд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяртай нэгэн үед барилдаж Мөнгөн медаль хүртсэн нь түүний амжилтын илэрхийлэл.
Долоон зааны дунд шагайн харвааны аймгийн гоц мэргэн бий. Заан Д.Бүрэнтулга Улсын хошой мэргэн цолтой юм билээ. Ах дүү долоогийн отгон нь болох Д.Баттулга Улаанбаатар хотод амьдардаг. Тэрбээр “Монгол шуудан” компанийн Стратеги төлөвлөлтийн газрын захирлаар ажилладаг байна. Харин дунд хүү Д.Эрдэнэтулга аймгийн төвийн “Хас” банкинд ажилладаг бөгөөд бусад тав заан нутаг орондоо амьдарч буй аж.
Тэд хурдан морьд уралдуулан сумын наадамдаа оролцдог. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай долоон зааны дунд “Аймгийн алдарт уяач”, спортын алдартнууд болсон ажээ.
ААВЫНХАА ЦОЛОНД ЭЗЭН БАЙХ “ДААЛГАВАР”-ЫГ ХУВЬ ТАВИЛАН ӨГСӨН
Монголчууд бид хүү төрвөл бөх, унага төрвөл хүлэг болно хэмээн билэгшээдэг. Долоон хүүтэй аав бөхийн удам тасрахгүй нь гэж хүлээсэн биз. Бас хөвгүүдээ бөх болгоно гэж санасан ч байх. Ижилдэж өссөн долоон хүү зүлэг ногоон дэвжээнээ аавынхаа нэрийг дуудуулж, цол хүртэн туг тойрсон нь аавынхаа хүслийг гүйцээж, буяныг хариулсан нь тэр биз ээ.
Бөхийн удамтай гээд бүгд л бөх барилдах учиртай гэвэл орчин цагт төдийгүй урд, хожид ч байхгүй бас ховор тохиол. 2011 он Заануудын хувьд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж бүтээсэн цаг хугацаа.
Тэр жил Д.Мөнхтулга сумын заан цол хүртэж наадмын талбайн голын асарын өмнө аавтайгаа хамт найман заан зогссож сүүдэр татуулсан санахын төдийд л сэтгэлд гэрэлтдэг сайхан дурсамж. Тэнгэрт одсон аав ээжийнхээ үргэлжлэл болж яваа долоон хүү өдгөө өнөр өтгөн айл өрх болон тус тусын ажил амьдралаа залгуулж явна. Заан өвөөгийн, уран эмээгийн ач, зээ нь бөхийн спортоор хичээллэж амжилт гаргаж байгаа нь бахархам. Төрүүлж өсгөсөн ижий аавынхаа нэрийг өндөр өргөж явахыг хичээн амьдарч яваа ах дүү долоон заан нутаг, хошууныхаа барилдааныг олон жил чимж явсан түүх ийм буюу.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих