“Үндэсний бөх үздэг бүсгүйчүүд” нэгдэл 9000 гишүүнтэй

оруулсан Алсын Хараа
Зодог шуудаг өмссөн монгол эр хүн хийморьтой, сүр жавхлантай харагддаг. Монгол түмэн  эрт дээр үеэс бөхөө хүндлэн дээдэлж ирсэн. Эрийн гурван наадмыг үндэсний бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч   монгол хүн бөхөө шимтэн үздэг. Тэдний дотор  чин сэтгэлээсээ дэмждэг эмэгтэйчүүд цөөнгүй бий. Гэтэл  “Эмэгтэй хүн бөх үзнэ гэж юу байх вэ” гэсэн  хандлага байсаар байна. Тиймээс  “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа үндэсний бөхийг эмэгтэйчүүд ямар зорилгоор үздэг, тэд юу боддог, барилдаан үзэх мэдрэмж, сэтгэгдлийг нь сонсохыг зорилоо.  Бид чөлөөт нийгэмд аж төрж байна. Тиймээс бөх үздэг эмэгтэйчүүдийг сөрөг талаас харах нь зохимжгүй юм шүү.
С.Атарцэцэг:  Намайг дагаад охин минь бөх үздэг болсон
сонин mn
-Анх бөх үзэж эхлэхэд гэр бүлийнхэн маань эергээр хүлээж авсан. Аавыг бөх үзэхээр  хажууд нь суучихдаг байлаа. Ингэж явсаар бөхчүүдийн нэр цолыг тогтоож эхэлсэн. Харин сүүлийн нэг жилд тогтмол үзэж байна. Бөхийн өргөөнд болж буй сум, аймаг, улсын цолтой бөхийн барилдааныг дэргэдээс нь үздэг. Зарим тохиолдолд Бөхийн өргөөнд очиж үзэж амжихгүй үе гарна. Гэхдээ байгаа газраасаа  зурагтаар үзчихдэг. Намайг дагаад охин минь бөх үздэг болсон. Бөхийн өргөө орж бөх үзлээ гэхээр хамт явъя гэдэг. Охиноо хараад би зөвийг үлгэрлэж байгаагаа ойлгодог. Бид хойч үедээ уламжлалт өв соёлоо таниулах хэрэгтэй. Дэргэдээс нь очиж үзэх бүр сайхан санагддаг. Бөхчүүдийн  хүч бяр, барилдаан нь гайхалтай. Бахархаж үзээд эрч хүч, эерэг энерги, дулаахан мэдрэмж аваад л гэртээ харьдаг даа. Хүн бүрт дэмждэг, барилдаан бүрийг нь шимтэн үздэг бөх байдаг. Сэтгэлд хүрсэн хэзээ ч мартагддаггүй барилдаан гэвэл өнгөрсөн жилийн Төрийн баяр наадмыг нэрлэж болно. Үзүүр түрүүнд үлдсэн аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр нарын барилдааныг  их огшиж үзэж билээ. Арслан Б.Орхонбаярыг уйлахад нь өөрийн эрхгүй нулимс гарсан.
Гэтэл найзууд гайхаад “Хэзээнээс бөх үздэг болчихов оо” гэж асууж байлаа.  Мөн зарим хүн “Чи бөх үздэг юм уу, хэнийг дэмждэг, ямар бөх  таалагддаг вэ” зэрэг сонирхсон асуулт асуух нь элбэг. Яагаад эмэгтэй хүн үндэсний өв соёл болсон бөхөө үзэж болохгүй гэж. Монгол хүн бөхөө үзэж баясаж цэнгэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс би бөх сонирхож үздэг эмэгтэйчүүд байдаг гэдгийг таниулж, хүмүүсийн дунд буй хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд “Үндэсний бөх үздэг бүсгүйчүүд” гэсэн групп нээсэн. Одоогоор 9000 гишүүнтэй. Бид сайн сайхан эерэг зүйлийг санаачлан түгээхийг хүсдэг.
Х.Ичинноров: 2019 онд наадам үзээд дэмждэг бөхтэй болсон
сонин mn
-Би одоогоос долоон жилийн өмнө үндэсний бөх үзэж эхэлсэн. Бөхийн спортыг сонирхох болсон нь гадаад орны соёл, уламжлалыг  судалж эхэлсэнтэй холбоотой. Учир нь улс орнууд өөрийн гэсэн онцлог,  уламжлалтай.  Тиймээс манай улс бусад орноос ямар өв соёл, уламжлалаараа ялгардаг билээ. Эртнээс уламжлагдаж ирсэн өв соёл олон бий. Үүний нэг нь үндэсний бөх. Одоо үед мэргэжлийн хэмжээнд хөгжиж байна. Тиймээс эрэгтэйчүүд л бөх үзэх ёстой гэсэн хандлага утгагүй.Үндэсний спортоос эмэгтэй хүмүүсийг хол хөндий гэж ойлгож болохгүй. Бөх үздэг эмэгтэй хүнийг аальгүй гэсэн явган яриа байдаг. Энэ утгаараа эрчүүдийн л сонирхол мэт  ойлголт бий болсон байх.
Зарим эмэгтэйчүүд багаасаа бөх үздэг болсон байдаг. Харин би нас биед хүрч, бие даасан хойноо үндэсний бөхийг сонирхох болсон. Хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн барилдаан гэвэл 2019 оны улсын наадам. Тухайн жил анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмаа үзээд л дэмждэг бөхтэй болсон. Тэр бөх маань аймгийн арслан цолоо батлаад улсын наадамд тав давсан. Хамгийн залуу начинд олгодог даага хөтөлсөн. Энэ бөхийнхөө аав, ээжтэй санаандгүй байдлаар нэг дор суусан байсан даа.
Би цар тахлаас өмнөх жилүүдэд Бөхийн өргөөнд болсон барилдаануудыг тогтмол очиж  үздэг байлаа. Анх тэнд орсон мэдрэмж их сонин. Хүн бүр эвэртэй туулай үзсэн мэт хараад, олон эрэгтэй хүний дунд орох айдастай ч юм шиг. Анх  эрэгтэй найзтайгаа орж  байлаа.  Харин эмэгтэй найзууддаа бөх үздэг тухайгаа хэлэхээр “Ямар сонин юм бэ, яагаад үндэсний бөх сонирхох болов, юу нь гоё байдаг вэ” гэж асуудаг. Мөн эрэгтэй найзуудтайгаа барилдаан үзээд суухад “Эмэгтэй хүн хажууд бөх ярих ямар эвгүй юм” гэж хэлэх жишээтэй. Аав, ах нь барилддаг бөхийн удамтай мөртлөө барилдаан үзэж чаддаггүй гэх бүсгүйчүүд байдаг. Магадгүй тэд хүмүүс юу гэж хэлэх бол гэдгээс эмээж үздэггүй ч байж мэднэ. Элдэв ярианаас болгоомжилдог байх. Харин Японд эмэгтэйчүүд хөгшин залуугүй л сүмогоо үзэж харагддаг шүү дээ. Дэмжээд гарын хээг нь дурсгал болгоод  авдаг юм билээ. Хүмүүсийн дунд байх энэ хэвшмэл ойлголтыг халахын тулд би юу хийж болох тухай их эргэцүүлсэн. Ер нь эмэгтэй хүн яагаад бөх ярьж болохгүй гэж. Тиймээс анх "Монгол бөх" аудио контент хийж эхэлсэн. Үндэсний бөхийг  судалсан, олон ном бүтээл гаргасан хүн уриад үндэсний бөхийн түүх, уламжлалын тухай  яриулсан.
Эхний долоон дугаар гарсны дараа дүрсжүүлээд влог болгохоор шийдсэн. Тиймээс хүмүүст хүргэхийн тулд сонирхолтой, хөгжилтэй байлгахыг зорьсон. Хамт бөх үздэг эгчтэйгээ  анх 10 царайлаг бөх жагсаагаад оруулсан. Энэ нь одоо хүртэл их үзэлттэй,  хандалт авдаг. Мөн сүүлд бөх үздэг хоёр бүсгүйтэй хамтраад видео контент хийж байгаа.
Ажлынхаа хажуугаар зав гаргаж хийсэн зүйл маань бага ч гэсэн хүмүүст нөлөөлсөн гэж хардаг. Тухайлбал, бөхийн группэд эмэгтэй хүмүүс дуугардаг, ярьдаг болсон байна. Мөн охидууд дэмждэг бөхөө очиж үздэг болжээ. Бөх үзэхэд эерэг тал олон бий. Хүнийг сууж сургадаг. Бөхчүүдийн нутаг, барилдааны онцлог, мэх зэргийг мэддэг болно. Анхаарал төвлөрөлт ч нэмэгддэг. Нэг зүйлд тууштай байж болохыг мэдэрсэн дээ. Монгол эр хүний жудаг, ухаан ямар байх хэрэгтэйг бөх хүнээс харж болохоор. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй зан араншинтай. Бөхөөр хичээллэсэн хүн зөв төлөвшил, сайхан зан чанарт суралцсан байх нь бий. Учир нь хичээллэж эхэлсэн цагаасаа  төлөвшил, тэвчээрийг  сурдаг.
Хүнд зориулаагүй спорт гэж үгүй
Бяр, ухаан, ёс зүйн дээд болсон үндэсний бөх дэлхийд ховор өв соёл. Эрт цагт эмэгтэй хүн бөхийн барилдаан  үздэггүй  байсан байж болох. Алив бүхэн тогтсон хэв маяг, дүрмээрээ байдаггүй. Нийгэм цаг үеэ дагаад шинэчлэгдэж, өөрчлөгдсөөр. Тиймээс үндэсний бөх үзэх нь зөвхөн эрчүүдийн хобби биш. Хүнд зориулагдаагүй спорт гэж үгүй. Эмэгтэйчүүдийн бөх үзэхийг буруугаар ойлгодог үзэл хандлага нь хуучирсан хэвшмэл ойлголт болжээ. Өв соёлын нэг болсон үндэсний бөхөө үздэг бүсгүйчүүд нийгэмд зөв үлгэр дуурайлал болж буй нь бахархмаар. Хүн бүр бөхөө шимтэн үздэг болчихвол үндэсний бөхийн цаашдын хөгжилд  өөрчлөлт гарах нь тодорхой биз ээ.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих