Засгийн газар малчдаас ноолуур худалдан авч дотоодын үйлдвэрлэлд нийлүүлэхэд зориулж 3 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэр гаргасан. Энэ зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан олгох юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, ХАА-н түүхий эд, бараа, бүтээгдэхүүнийн биржийн захирал Х.Баатар нар өнөөдөр мэдээллээ.
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, "Засгийн газар ноолуурын бэлтгэлийг өргөжүүлж, аль болох эх орондоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж экспортоо нэмэгдүүлэх зорилготой "Монгол ноолуур" хөтөлбөр батлаад одоо 2 дахь жилдээ хэрэгжиж байна. 3 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл нь үүний нэг үйл ажиллагаа бөгөөд нэг талаар малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаар түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулах ач холбогдолтой.
Энэ жил "COVID-19"-ийн халдвартай холбоотойгоор ноолуурын гол бэлтгэн нийлүүлэгч боловсруулагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-экспортлогч БНХАУ-д үйлдвэрүүд зогсож нөхцөл байдал хүндэрсэн. Манай улс урд хөршид угаасан ноолуураа тодорхой хэмжээгээр гаргадаг.
Мөн манай улсын самнасан ноолуурыг авдаг Итали, Их Британи улсуудад ч зах зээл хумигдсан. БНХАУ-д үйлдвэрүүд нь эхнээсээ ажиллаж эхэлж байна. Гэхдээ нөхцөл байдал манай улсад ноолуураа дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүний гаралтаа нэмэгдүүлэх, экспортод гаргах боломж энэ жил гарч ирж байна" гэдгийг онцлов.
Тэрээр, "Манай улс 9-10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Үүний 9-10 хувийн дотооддоо авч үлдэн ноос, ноолуурын үндэсний үйлдвэрүүд боловсруулж, бүтээгдэхүүн хийдэг. Өнгөрсөн жил манайх ноолуурынхаа 27 хувийг дотооддоо авч үлдсэн. Энэ нь том ахиц. Үүнийг энэ жил үргэлжлүүлнэ. Одоо зүүн аймгуудад ноолуураа самнаж эхэлж байна. Энэ жил ноолуурын үнэ чанартай холбоотойгоор тогтох байх" гэв. ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн захирал Х.Баатар, "3 хувийнх гэдэг малчдад хамгийн хөнгөлөлттэй зээл. Энэ боломжийг алдалгүй түүхий эдээ дотоодын үйлдвэрүүддээ нийлүүлэхийг малчдад уриалж байна" гэв.
Ноолуураа дотооддоо боловсруулж, экспортоо нэмэгдүүлэх боломж гарч ирж байна
Ноолуур бэлтгэхэд олгож буй зээлийг авах малчид болон хоршоо, ААН-үүд ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ хийх аж. Ноолуурын зээлийн мөнгийг ирэх 4 дүгээр сарын 5-наас эхлэн олгоно. Ингэхдээ гэрээ хийсэн малчид болон ноолуур бэлтгэсэн ААН-ийн дансанд бэлтгэсэн ноолуурын хэмжээгээр шилжүүлэн олгохоо мэдэгдлээ.
"Өнгөрсөн онуудад ноолуурын зээлийн хөрөнгийг ноолуур бэлтгэлийн үеэс хождуулж олгож байсан. Энэ жил өмнөх жилийн алдааг гаргахгүй, цаг хугацаанд нь олгоод явна. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалж энэ жилийн зээлийг богино хугацаанд олгож зохицуулахаа"-аа салбарын яам мэдэгдэж байна. Ноолуур бэлтгэх ААН-үүдээс өнөөдрийн байдлаар 47 аж ахуйн нэгж ноолуур бэлтгэлийн зээлийг авах хүсэлтээ Монголын Ноос, ноолуурын холбоогоор дамжуулан ХХААХҮЯ-нд ирүүлжээ.
Тодруулга: Манай улс өнгөрсөн онд 9500 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 260 тонн сарлагийн хөөвөр, 33600 тонн хонины ноос бэлтгэжээ.