/Harvard Law School/. Харвардын Хуулийн сургуульд Фулбрайтын тэтгэлгээр суралцаж буй Болдын Түшигжаргал хэмээх монгол оюутныг тус сургууль онцолсныг хүргэж байна.
Өдгөө магистрт сурч буй Б.Түшигжаргал ухаан орсон цагаасаа л маш олон зүйл сонирхдог байсан учир нэг дээр нь төвлөрөх нь хүндхэн сонголт байсаар иржээ. Тэрбээр бяцхан охин байхдаа л шинжлэх ухаан, физик, одон оронд сонирхолтой байсан төдийгүй цэцэрлэгт байхаасаа эхлэн дууны уралдаан тэмцээнд оролцжээ. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуульд элсэн орсон ч бичих сонирхолтой, монгол хэлний хичээлдээ дуртай байв. Сонирхлыг нь татсан зүйлс олон байсан учраас өөртөө тохирох мэргэжлээ зөв сонгож чадах эсэхдээ санаа зовж байжээ.
"Янз бүрийн л зүйл сонирхдог байсан, гэхдээ зарим нь тийм ч ач холбогдолтой биш байсан” гэж энэ жил Фулбрайтын тэтгэлэг болон АНУ, Канадад магистрт суралцаж бусад орны эмэгтэй оюутнуудыг дэмждэг “Delta Kappa Gamma World Fellowship” тэтгэлгийг авч чадсан Б.Түшигжаргал дурсан ярилаа.
Өөртөө тохирох мэргэжлээ сонгоход нь түүнд дэлхийд алдартай мөрдөгч хэрэг болжээ. Түшигжаргал ахлах сургуульд байхдаа "BBC" телевизийн “Шерлок” цуврал киноны шүтэн бишрэгч болсон байна. Киноны гол дүр Шерлок Холмс нарийн төвөгтэй нууцуудыг тайлахдаа зөвхөн логик сэтгэлгээ төдийгүй бусад олон ур чадварт тулгуурлаж байгааг тэр олж харжээ. Ингээд агуу хуульч, хувийн мөрдөгч нарын аль аль нь логик сэтгэлгээ, бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байдгийг анзаарч ажигласан байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2019 онд төгссөн Түшигжаргал ангийнхаа шилдэг оюутнуудын нэг байсан бөгөөд их сургуульд байхдаа хэлэлцээ хийх, арбитр зэргийг сонирхох болжээ. Японы Токио хотноо зохиогдсон Их сургууль хоорондын хэлэлцээ хийх урлагийн тэмцээнд Түшигжаргал сургуулийнхаа багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон бөгөөд Монголын баг анх удаа уг тэмцээнээс сертификат авчээ. Тэмцээнд бэлдэж байхдаа Харвардын Хэлэлцээ хийх төслийн хамтран үүсгэн байгуулагч, олон улсын эрх зүй ба хэлэлцээ хийх арга зүйг үндэслэгчдийн нэг Рожер Фишерын хамтран бичсэн алдарт бүтээл болох “За гэж хэлүүлэхүй” номыг ангийнхантайгаа хамт уншсан байна. Монгол багш нарынхаа нэг А.Мандуулын зөвлөгөөнөөс урам зориг авснаар тэрбээр Харвардын хуулийн сургуульд үргэлжлүүлэн суралцахаар шийджээ.
Гэхдээ эхлээд олон улсын арбитрын чиглэлээр мэргэшсэн хуулийн компанид Улаанбаатарт гурван жил ажиллажээ. Түүний ажилласан олон төслийн нэг нь Монгол, Япон, Хятадын хөрөнгө оруулагчдын консорциумын нар, салхины эрчим хүчний төсөл байсан бөгөөд уг төсөлд зөвлөгөө өгчээ. “Багийн бүрэлдэхүүн маань цомхон байсан болохоор шинэхэн ажилтан надад ч кейсүүд, асуудлууд дээр шууд ажиллах боломж олдсон" гэж Түшигжаргал ярилаа.
Тэрбээр мөн хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой Монголын ашгийн бус байгууллагад үйл ажиллагааныхаа хүрээг олон улсын түвшинд тэлэхэд нь зөвлөгөө өгөх "pro-bono" буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх төслийг санаачилжээ. Мөн “Бүдэг цэнхэр цэг” нэртэй цахим боловсролын платформ, шинжлэх ухааны клубийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд уг платформ нь 18 мянган дагагчтай юм.
Түшигжаргал 2018 оны зун Канзас муж улсын Лоуренс хотод АНУ-ын Төрийн департаментын судалгааны хүрээнд Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт хамрагдан "дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гайхалтай эмэгтэйчүүдтэй” хамт суралцжээ. “Канзас бол Кембрижээс тэс өөр" гэж тэр инээд алдан хэлээд харин төрөлх гэрээс маань тийм ч өөр биш гэлээ. Яагаад гэвэл Канзаст фермерийн аж ахуй эрхэлдэг нэгэн айлд амьдарч байсан болохоор "яг л Монголд өвөө, эмээтэйгээ, гэртээ байгаа юм шиг л санагдаж байсан" гэж ярилаа.
Харвардын Хуулийн сургуульд энэ жил Түшигжаргал хэлэлцээ хийх, арбитрын талаар хэд хэдэн хичээлд суусан бөгөөд үүнд хэлэлцээ хийх семинарын хичээл багтжээ. "Та хэлэлцээ хэрхэн хийх талаар суралцаж байна гэж бодож магадгүй, гэхдээ үндсэндээ та өөрийгөө, өөрөөр хэлбэл таны боловсрол, мэргэжлийн суурь, соёл, сэтгэлгээ хэлэлцээ хийх үед таны зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг суралцана гэсэн үг. Хэрхэн үр дүнтэй хэлэлцээ хийх талаар бас өөрийнхөө талаар маш их зүйлийг сурч мэдсэн" гэж тэрбээр семинарын үеэр өөрийг нь гайхшруулсан зүйлсийн талаар ярилаа.
"Харвардын нэг давуу тал бол үе тэнгийн оюутнууд маань үнэхээр гайхалтай"
Америкийн хууль эрх зүйн профессор Майкл Кларманы заасан “Үндсэн хуулийн эрх зүй: Эрх мэдлийг хуваарилах нь, федерализм ба 14 дүгээр нэмэлт заалт” гэдэг хэлэлцээ хийх урлагаас тэс өөр хичээлд дурласан нь Түвшинжаргалын олон зүйл сонирхдогийн бас нэг илрэл юм. “Профессор М.Кларманы хичээл нийгэм, улс төрийн нөхцөл байдал, түүхийн өнцгөөс тайлбарлаж байгаа нь ялангуяа Монголын хуулийн сургуульд сурч байхдаа энэ талаар огт бодож үзээгүй байсан болохоор миний хувьд “нүдийг маань нээх шиг” болсон доо” гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.
“Үе тэнгийнхээ маш гайхалтай оюутнуудтай хамт суралцаж байгаа маань Харвардын давуу талуудын нэг гэж би боддог. Манай ангийнхан бүгд үнэхээр мундаг болохоор тэднээсээ, багш нараасаа сурах зүйл их байна. Энэ бол бас нэг боломж шүү дээ. Сайн боловсрол гэдэг маш чухал, учир нь би дундаж амьдралтай гэр бүлээс гаралтай, ээж маань намайг ахлах ангид сурч байхад илүү сайн сургууль руу шилжүүлэхийн тулд зээл авч байсан” гэж тэрбээр хэлээд “шинэ сургуульд гайхалтай хүмүүс, гайхалтай ангийнхантайгаа хамт суралцах боломж олдсон учраас энэ бол амьдралыг минь өөрчилсөн хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. Харвардад ирсэн маань ч мөн адилхан. Боловсрол энгийн хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна. Харвардын Хуулийн сургуулийн бүх боломжид би үнэхээр талархаж байна" хэмээн ярилаа.
Түшигжаргал долоодугаар сард Нью-Йорк муж улсын хуульчдын холбооны хуралд суухаар төлөвлөж байгаа бөгөөд Монголд очоод хуулийн профессор болох хүсэлтэй. МУИС-ийн оюутны баг энэ жил Филип С.Жессапын нэрэмжит Олон улсын хуулийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцон түрүүлж анх удаа “Шилдэг шинэ баг”-ийн шагналыг хүртжээ. “Би тэднээр маш их бахархаж байна” гээд хэзээ нэг өдөр тэмцээнд оролцох оюутны багийн удирдагч багш болохсон гэж мөрөөддөг гэв.
Түшигжаргал хуулийн хичээлээ судлахын хажуугаар бусад сонирхолдоо ч цаг зав гаргадаг. Хичээлийн ачаалал стрессээ тайлах хэрэг гарвал Харвардын төгөлдөр хуурын сургуулилалтын танхимд очиж хөгжим тоглоно. Мэдээж тэрбээр өөрийгөө төгөлдөр хуурын анхан шатны түвшний тоглогч гэсэн л дээ. Түүнчлэн Бостон хотын соёлын үзүүлбэрүүд түүний дотор “Хамилтон” алдарт хөгжимт жүжгийг үзэж амжжээ. “Энэ жүжгийг үзэх юмсан гэж үргэлж бодож байсан, ялангуяа, профессор Кларманы хичээлийн дараа бүр ч илүү үзэхийг хүссэн” гэлээ.
Оюутны хотхон дотроо Түшигжаргалын хамгийн дуртай газар бол Шинжлэх ухааны төвийн дээвэр дээр байдаг одон орны ажиглалтын талбай юм. Тэнд очиж "Clay" сансрын дуран авайгаар тэнгэрийн уудмыг дурандан хүүхэд насныхаа хүсэл тэмүүлэлд умбах сайхан байдаг, “Мэдээж би мэргэжлийн одон оронч биш л дээ, гэхдээ дурангаар ажиглалт хийх дуртай”. Урьд өмнө нь дурангаар харж байгаагүй зүйлээ ажиглав уу? гэж асуухад тэрбээр “Бархасбадь, Санчир гараг” гэж хэлээд инээмсэглэв.