Чойжин ламын сүм музейн удирдлага соёлын өвийн хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орчин нөхцөл, шинээр барих сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэхүү сүмийг 1904-1908 онд Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээжээ. 1908-1930-аад оны сүүл үе хүртэл 350 хурлын ламтай, шашин номын үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайд асан А.Амар нарын шийдвэрээр 1938 онд сүмийн үйл ажиллагааг зогсоож, үзэсгэлэн судалгааны зориулалтаар сүм музей болгож авч үлдсэн. Монголын хосгүй нандин 6000 гаруй үзмэр хадгалаастай. Тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүдийг хадгалдаг музей гэдгээрээ онцлог. Түүхэн дурсгалт зургаан сүмтэй. Мөн хүндэтгэлийн хаалга, ямпай хаалга зэрэг түүхэн дурсгалт цогцолборын дээжүүдтэй. Энэ сүмийг дөрвөн жилийн турш Омбо тэргүүтэй урлаачид ур ухаанаа шингээн барьсан гэдгийг мэдээллийн эхэнд тус музейн захирал Д.Отгонсүрэн онцлов.
Тэрбээр мэдээлэлдээ, "Энэхүү байгууллага Соёлын яамны харьяа, төрийн үйлчилгээний төсвийн байгууллага. Өдгөө байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манай музей төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүний худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Манайх 20 ажилтантай. Музейг төвийн халаалтад холбож болох эсэх талаар мэргэжлийн байгууллагад үзүүлж шинжлүүлсэн. Халаалт тавихын тулд дулаан алдалтыг нь арилгах хэрэгтэй гэсэн. Сүмийн урдуур өрлөг өрөөд, пин барина гэсэн үг. Айл биш үзвэр үйлчилгээний газар болохоор үзэгчдэд үргэлж үүд хаалга дэлгэх учир дулаан алдалтыг алга болгох боломжгүй. Тиймээс халаалт тавихгүйгээр үр хойчдоо өдгөө байгаа өнгө төрхөөр нь өвлүүлэх тухайд музейн хамт олон ажиллаж байна" хэмээв.
Шинэ сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимын тухайд: Энэ музей Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор хоёр га хамгаалалтын бүс тогтоолгосон. Гэсэн хэдий ч 2010 онд миний бие энэхүү музейн захирлаар ирэхэд газрын кадастрын зураг, газрын гэрчилгээгүй байсан. Үүний дараа манай музейн дөрвөн газрыг дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч, кадастр, гэрчилгээтэй болж, зарим нь барилга байгууламж барьсан байсан. Бид хотын А зэрэглэлд байгаа музейн газрыг кадастр, гэрчилгээтэй болгохоор хөөцөлдөхөд 906.7 га газартай гэсэн. Бас урд хэсэгт хоёр давхар хувийн орон сууц барьсан байсан. Хойд талын 800 ам метр газрыг автомашины зогсоолоор ашиглаж байсан. Бид 13 жилийн турш хамт олноороо хичээж, дарамт шахалт үзсэний дараа гурван шатны шүүх дээр таван маргааныг эцэслэж, Засгийн газрын тогтоолоор зургаан байгууллагаас заасан газраа баталгаажуулж авч чадсан.
Австрали улсын иргэний санхүүжилтээр, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран эрсдлийн нөлөөллийн есөн төрлийн судалгаа хийлгэсэн. Эрдэмтэн судлаачид хоёр жил ажиллаж, зөвлөмжийг боловсруулж өгсөн. Бид энэ зөвлөмжөөр үйл ажиллагаагаа явуулж, “Өв эрдэнэ” төсөлд шалгарч, музейн ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэгтэй болсон. Дэлхийн хөшөө дурсгалын санд дэлхийн шилдэг 25 дурсгалын нэгээр шалгарч, дэлхий дахинд ийм том соёлын өв байна гэж зарласан.
Музей авто зогсоолтой байх ёстой. Музейн стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Манай байгууллагын хойно сүндэрлэж буй Ядам сүмийг АНУ-ын санхүүжилтээр 200 мянган ам.доллароор сэргээн засварлаж байгаа. Олон улсын анхааралд музей маань хүрсэн. Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт тус музейн сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимыг барина гэж тусгасан байгаа.
Музейн сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих тухайд: Ус агааргүйгээр хүн амьдарч чадахгүйтэй адил музей үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Сүм хийдийн зориулалтаар баригдсан зориулалтын бус барилгад байгаа учир сан хөмрөгийн өрөөгүй. Сан хөмрөгийн үзмэр, эд өлгийн зүйлээ судалж, шинжилж, арчиж, тордох ёстой. Гэтэл манайд тийм сан хөмрөгийн өрөө байдаггүй. Үүнээс шалтгаалан хана тааз, хоргонд байгаа үзмэрүүдийг гаднаас нь хараад байж болохгүй. Тэрхүү мод, даавуу, төмрөөр хийсэн бүтээлүүд, үзмэрүүд, эд өлгийн зүйлс олон төрлийн эрсдэлд орох аюултай. Тиймээс эдгээр сан хөмрөгийг урт удаан хугацаанд үр хойчдоо өвлүүлэхийн тулд сан хөмрөгийн өрөө байх хэрэгцээ шаардлагыг олон жилийн турш удирдлагууддаа тавьж байсан. Харин Соёлын яамтай болсноор сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих хэрэгцээ шаардлагатай хэмээн дэмжиж байгаа.
Музейн ажилтнуудын нийгмийн асуудлын тухайд: Музей үзэгчдэд үйлчлэхийн тулд тав тухтай орчин бүрдүүлэх ёстой. Гэтэл халаалтгүй, маш хүйтэн орчинд ажилтнууд маань ажилладаг. 115 жилийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан сүмд 21 дүгээр зуунд хүмүүс эсгий гуталтай ажиллаж байна. Манай ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай, бөөр, эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөж байна. Сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойн үрэвсэл өвчтэй болсон. Халаалтгүй учраас үргэлж хуурай өрөөнд байрлаж ажилладаг. Монгол гэрт оффис хийдэг. Архивын бичиг хэргээ агуулах сав байхгүй. Бичиг баримтнуудынхаа дунд багтаж ядан ажилладаг. Гадаа гарч цэцэрлэгжилтийн зүлэг ногоо зулгаадаг. Өнөөдөр манайх 2 га газраа баталгаажуулж авсан ч цэцэрлэгжүүлэгчийн орон тоо, төсөв байдаггүй. Манай ажилтнууд 580 мянган төгрөгийн цалин авч, сэтгэл зүрхээрээ ажиллаж байна. Ажилд орохоор ирсэн хүн цалин сонсоод орохгүй, ажиллах хүн олдохгүй байна. Музейн үзмэр харгалзагч нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандахад хортой нөхцөл гэж тооцож, цалин нэмэх боломжгүй гэсэн. Хүн ажиллах стандартыг хэд дахин зөрчсөн тийм хүнд нөхцөлд бид ажиллаж байна. Музейн удирдлагын хувьд, мэргэжлийн байгууллага нь тогтоосон байхад би үүнийг уламжлах ёстой.
Мөн тэрбээр музейн сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимыг барихын тулд Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газар зэрэг мэргэжлийн байгууллагын сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү эскиз зураг бол хэрмэн хашаа, дурсгалт барилгын орчинд баригдахгүй. Энэ бүхний төлөө олон жил тэмцчихээд юу гэж дурсгалт барилгаа хөндөнө гэж ярих вэ. Музейн урд хэсэгт, авто зогсоолын зүүн хэсэгт зориулалтын сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимтай болохоор Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны хөтөлбөрт тусгагдсан гэдгийг тодотгосон юм.