УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Тус хуулийн төсөл нь 8 бүлэг, 51 зүйлтэй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 9 бүлэг, 30 зүйлтэй. Дээд боловсролын тухай хууль 7 бүлэг, 33 зүйлтэй. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг 5 бүлэг 24 зүйлтэйгээр тус тус боловсруулсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулийг 2002 онд, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг 2008 онд, түүнчлэн 1995 онд батлагдсан Бага, дунд боловсролын тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд тус тус баталжээ. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, Бага, дунд боловсролын тухай хуульд 13 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд хуулийн үзэл баримтлал, түүнийг тойрсон асуудлуудыг асууж тодруулж байв. Мөн англи хэлийг сурагчдад хэддүгээр ангиас нь сургах нь зөв эсэх дээр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийнхний зүгээс “Хуулийн төсөлд ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтаар олгох ба бүх шатны боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь монгол хэл байна. Англи хэл бол дагалдах хэл юм. Хуулийн төсөлд хүүхдийг хэдэн наснаас нь эхлэн англи хэлийг сургах тухайд нарийвчлан тусгаагүй. Энэхүү хууль нь ерөнхий хууль. Хууль дагалдаж батлах хөтөлбөрт англи хэл заах анги, насыг тусгах бололцоотой” гэсэн тайлбарыг хийж байсан юм.
Түүнчлэн боловсролын байгууллагын ажилтан ажиллагсдын цалин хангамж, багшлах боловсон хүчний хомсдол зэрэг асуудлыг гишүүд хөндөж байв. Салбарын сайд энэ тухайд "Багшийн хомсдол салбарын хэмжээнд бүхэлд нь үүссэн гэвэл өрөөсгөл ойлголт. Цаашдаа хомсдол үүсэх чиг хандлага байна уу гэвэл байна. Иймд энэ тал дээр дунд болон урт хугацааны бодлогоор хангаж ажиллаж байна. Үүний зэрэгцээ багшийн үнэлэмжийн асуудал маш чухал. Хууль батлагдсанаар хамгийн өндөр ур чадвартай багш хамгийн их цалин авдаг болох юм. Өнөөгийн нөхцөлд цалин хөлсний тогтолцоог жигдрүүлэх шаардлагатай" гэлээ.
Түүнчлэн тэрбээр уг хуулийн төслийн гол үзэл баримтлалын тухайд "Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсролын хүртээмжийг ихээхэн дээшлүүлсэн. Өнгөрсөн жил цэцэрлэгийн сугалааг болиулсан. Сургуулийн өмнөх боловсролын түвшинг 90 гаруй хувьд хүргэнэ гэдэг бол бүс нутгийн хэмжээнд байхгүй амжилттай үзүүлэлт болсон. Сургуулийн завсардалт гэх ойлголт байхгүй болж, 98 хувьд хүргэлээ. Одоо боловсролын чанарт анхаарах цаг нь ирсэн байна. Одоо цагт хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч, чанартай боловсрол эзэмших хэрэгтэй.
Боловсролын багц хуулиар 6 шинэчлэлийг хийнэ. Үүнд, хот хөдөө, төр болон хувийн сургуулийн ялгааг арилгахын тулд хамгийн эхэнд санхүүжилтийн асуудлыг хөндөнө.
Удаад нь хөтөлбөрийн шинэчлэл. Дэндүү их академик буюу танхимын боловсрол олгож байгааг болиулна. Гуравдугаарт, багшлах боловсон хүчний асуудал байх болно. Багш бэлтгэх, ажлын байран дээрээ очоод давтан сурах, зөв үнэлэмжээр үнэлүүлэх гэх зэрэг асуудал энд багтана. Дөрөвдүгээрт, дүнгийн тогтолцоо. Энэ бол хуурамч дүнгийн тогтолцоо юм. Тавдугаарт, сургууль цэцэрлэгийн засаглалын асуудал яригдана. Цаашид шатлан дэвших зарчим үйлчилдэг байх болно. Зургадугаарт, цахим шилжилтийг нэрлэж байна" гэв.