152 гишүүнтэй болохын давуу тал

оруулсан Алсын Хараа
УИХ -аас 2022 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн дагуу "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-ийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ удаад Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. УИХ нэг танхимтай, 76  гишүүн можаритор, 76 гишүүн пропорцианалаар сонгохоор өөрчлөн мэдүүлэв.
Төсөлд УИХ-ын гишүүний тоог 152 хэмээн тусгав. УИХ-ын гишүүн 152 болох нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт юм. Тойрогт 3-5 тэрбум төгрөг зарлагадаж гардаг дүрмээр 152 болохгүй. 76 “мал” 152 болохгүй. Учир нь зөвхөн одоогийн мажоритар дүрмээр 152 бүрдэхгүй юм.
76 нь тойргоос, 76 нь жагсаалтаар сонгогдоно. Нийгмийн янз бүрийн төлөөллийнхөн намуудын жагсаалтад бичигдэж, төлөөлөх чадвар, нэр хүнд, мэдлэг боловсролоороо УИХ-ын гишүүн болцгооно.
Намууд ялагдахыг хүсвэл нэр нүүргүй хүмүүсийг жагсаана. Ялахыг хүсвэл нэр нүүртэй, нийгмийн төлөөлөл болсон нэрсийн жагсаалтаар гоёно. Товчхондоо, нэр дэвшигчид нь намын ард биш, нам нь нэр дэвшигчдийнхээ ард бичигдэнэ гэсэн үг. Намууд хүн нуухаар нэр хүндтэй биш байгаа нь ч хэн бүхэнд ил байна.
Хамгийн гол нь 4 кноптой байхад Байнгын хороог, 20 карттай байхад УИХ-ын шийдвэрийг захиалдаг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр төрийн ордон тойрсон өндөр барилга дотор хэдхэн банкны эзэн Монголын хувь заяаг шийддэг олигархуудын хаанчлал зогсоно. Монголын сонгуульд аль нэг нам биш 30 гэр бүл тасралтгүй ялж эрх барьдгаас үүдэлтэй авлигын ноёрхолд цэг тавих боломж юм. Танай аймгийг 2 биш 4 хүн төлөөлнө гэсэн үг. Аль ч тоглоомын дүрэмд давуу ба сул тал бий. Хүн ам сийрэг, газар нутаг томтой Монголд зөвхөн пропорциональ байвал ард түмний шууд сонгох эрх алдарна. Нэг төсөвтэй, нэгдмэл улсад 76 ноён байхаар тал тал тийш чангааж, улсын бодлого мартагддаг. Хүн ам нь бүгдээрээ цуглаад ч томдох соёлын ордон мэтэд нүүрснээс олсон хэдэн төгрөгийг аваачиж наадаг гишүүд хоёр дахин олон болохгүй. Тойргоо ч төлөөлдөг нь байна, улсаа бүхлээр нь харж бодлого өрсөлдүүлдэг нь ч байна гэсэн үг. Сонгуульд зарах 5 тэрбумгүй ч Монголоо засах мэдлэг чадвартай олон мянган залуус, идэр дунд насныхан жагсаалтыг чимнэ үү гэхээс гутаахгүй. Дэлхийн улс орнууд дунджаар парламентдаа 150 гишүүнтэй байгаа Монголынх хоёр дахин цөөн байна. Цөөн хүнийг худалдаж авах, хууль захиалах, айлган сүрдүүлэх хялбар. Тэр тусмаа өнгө мөнгөний хүчээр гарсан хүмүүс хууль тогтоох эрхээ худалдан борлуулах ашиг сонирхолтой байдаг.  УИХ ард түмнээ төлөөлөх биш навчин тамхи, хурдан морины эдийн клубын баталж буй хууль нь амьдралд хэрэгжих чанаргүй. Мах, талхны үнэ мэддэггүй, эмнэлэгт хүн эргэдэггүй навчин тамхины клубынхны баталсан хууль амьдралд хэрэгждэггүй. Хоёр нам ээлжилдэггүй, олон өнгөтэй, 3-5 намын төлөөлөлтэй олон өнгөтэй парламент хууль хэлэлцдэг болно. Нэг намын дарангуйлал тогтох үүд хаалга хаагдах давуу тал үүснэ гэж харж байна.
C.Янжмаа

Сэтгэгдэл бичих