/Anadolu/. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын (ДЭЗЧУ) судалгаанд оролцсон эдийн засгийн салбарын нэрд гарсан шинжээч, судлаачдын дийлэнх нь энэ онд инфляцын түвшин, амьжиргааны өртөг дэлхийн даяар өндөр хэвээр байх төлөвтэй байгаатай санал нэг байна.
ДЭЗЧУ-аас эдийн засгийн салбарын хувийн болон төрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор бэлтгэсэн “Урьдчилсан таамаг 2023” тайланд дурдсанаар, бүс нутгуудын эдийн засгийн өсөлт, инфляцын талаарх таамаглал өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна.
Эдийн засагчдын 45 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг хямарна гэж таамаглаж байгаа бол 45 хувь нь хямрал болох магадлал бага гэж үзэж байна.
Хятадад “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээг цуцалсантай холбоотойгоор Азийн бүс нутгийн эдийн засаг хамгийн их идэвхжих төлөвтэй байна.
Эдийн засагчдын тал хувь нь энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт дунд зэргийн түвшинд байна гэж таамаглаж байгаа бол 43 хувь нь эрчимтэй өснө гэж үзжээ.
Үүний зэрэгцээ 93 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт дунд зэрэг байна гэж таамаглаж байгаа бол 50 хувь нь АНУ-д, 75 хувь нь Европт сул буюу маш сул өсөлт ажиглагдана гэдэгт санал нэгджээ.
Эдийн засагчдын 90 хувь нь Европт, 68 хувь нь АНУ-д инфляцын түвшин өндөр эсвэл маш өндөр байна гэж таамаглаж байна.
Сахараас урагш орших Африкийн орнууд, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад мөн инфляцын түвшин өндөр хэвээр хадгалагдана гэж эдийн засагчдын дийлэнх нь үзэж байна.
Үүнээс гадна, судалгаанд оролцсон эдийн засагчдын тал хувь нь Ойрхи Дорнод болон Хойд Африкт инфляц дээд хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байгаа бол ердөө 14 хувь нь ийм үзүүлэлт Хятадад мөн ажиглагдана гэж үзжээ.
Эдийн засагчдын 79 хувь нь Төв банкуудын өмнө тулгамдаж буй асуудал бол инфляцыг удирдах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёрын тэнцвэрийг хадгалах явдал гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ 76 хувийнх нь үзэж байгаагаар, Төв банкууд инфляцыг зорилтот түвшинд хүртэл бууруулахад амаргүй байх аж.