Энэ удаагийн “Зочин”-ы хойморт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Б.Ууганбаярыг урьж ярилцлаа.
Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Юуны өмнө танд тун удахгүй тохиох “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе...
-Баярлалаа. Монголын бүх алтан мөрдэст генералууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Нэгэнт энэхүү бахархал, хүндэтгэл дүүрэн өдрийг угтан ярилцаж байгаагийнх генерал хэмээх эрхэм цолыг хүртэн зогссон тэр гэгээн агшны сэтгэгдлийг тань эргэн дурсаж ярилцлагаа эхлүүлбэл ямар вэ?
-Генерал цол хүртэх төрийн ёс жаягийг алдчихгүй юм сан гэж юуны түрүүнд хичээж байсан. Түүнчлэн иргэний хамгаалалт, онцгой байдлын байгууллага, угтаа бол эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэлийн минь үнэлэмж, хувь хишиг юм байхдаа гэж бодож байлаа.
Ингэхэд та Монгол Улсын хэд дэх генерал вэ, эл цолны үнэ цэн юунд оршдог гэж онцлох вэ?
-Генерал цолны үнэмлэхийн дугаар 188, тэгэхээр 188 дахь генерал юм болов уу. Цэргийн мөрдэс зүүсэн алба хаагч бүр төрийн генерал цолыг мөрөөддөг байх. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс хэмээх үг ч бий. Гэхдээ генерал цол бол асар их үүрэг хариуцлага, үлгэр дуурайлал, манлайлал. Нөгөө талаар хувь заяа ч юм уу. Генерал хүний бодол санаанд эх орон, газар шороо, тусгаар тогтнол багтдаг байх. Ер нь юутай ч харьцуулшгүй үнэ цэн, үүрэх ачаа энэ цолыг дагадаг.
Таны унасан газар, угаасан ус хийгээд бага насны дурсамжаар яриагаа үргэлжлүүлье...
-Би анхдагчдын өлгий хэмээх Булган хангайн хүн. Аав Бугат, ээж Сайхан сумынх. Харин би аймгийнхаа төвд мэндэлсэн. Аав минь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадын дарга байв.
Ээж минь мөн ялгаагүй тэрхүү үйлдвэрт аавтай хамт ажилладаг байлаа. Тийм ч учраас миний бага нас барилгын талбайд өнгөрсөн дөө. Барилгын шавар, цемент, шороо тоосон дотор өсөж өндийсөн гэхэд нэг их худал ярьсан болохгүй. Ер нь би бага сургуульд сурч чадаагүй.
Аав барилга барих гээд сум тойроод явчихна. Би хичээл тасална гэдгийг ёстой л үзүүлдэг байж дээ. Гэсэн хэдий ч сурлага сул байгаагүй, чамгүй сайн сурдаг байсан юм даг. Хичээл таслаад алга болчихоор ангийнхан маань хайна аа, намайг. Би гэдэг хүн өнөө хэдээсээ нуугдаад цементэн хашаан дотор ороод хэвтчихнэ. Хувцас хунар гэдэг найгүй, цемент шохой, тоос шороо болчихсон сүрхий амьтан л явна биз дээ. Гэрт орохоо бас үзэхгүй, гудманд л сахилгагүйтээд харайлгаж байна. Ам цангаж, гэдэс өлсвөл хальт орж ус залгилан, боорцог халааслаад л гарч одно. За нэг тиймэрхүү л сонин нөхөр байлаа. Ямархан хөдөлгөөнтэй, сахилгагүй твариш байсан нь ойлгомжтой байгаа биз. Гэхдээ бас ажилд чамгүй шүү, түлээ хөрөөдөх, ус зөөхийг гаргаадаггүй байсан. Бямба гарагт эдгээр ажлуудаа жин тан болгочхоод хашааныхаа үүдэнд аав, ээжийгээ ажлаасаа ирэхийг хүлээнэ. Ирэхээр нь киноны мөнгө авах гэж тэр шүү дээ. Аав ээж ч ирнэ, мөнгө ч өгнө, би ч кино театр руу чавхадна. Тэр үед “Тэнгэрээс тавуулаа” гэх мэт Оросын байлдаантай кино их үздэг байсан.
Сурах, хөдөлмөрлөх, сахилгагүйтэхийг ч хослуулдаг байж шүү, та...
-Яг л тийм. Зуны амралтаар аавыгаа дагаж барилга дээр ажиллаад сард 200-300 төгрөгийн цалин авдаг байлаа. Түүгээрээ хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, хувцас хунар гээд хэрэгцээтэй бүхнээ базаачихна. Ер нь багаасаа ажлын амт, хөдөлмөрлөж дуслуулсан хөлсний үнэ цэнийг мэдэрсэн дээ. Тэр ч чанараараа ангийн Хөдөлмөрийн аварга ч болдог байлаа. За, тоглож наадах, сахилгагүйтэх талаар бол ярих юмгүй. Тэвэг өшиглөнө, хашаа руу бутархай мөнгө шидэж төөлнө, цана, чаргаар гулгана, гудамд хатуурсан цасан дээр мөн ч их гулгаж тоглож дээ. Гэрээс аяганы мараль хэлэхгүй аваад нарийхан гол дээр очиж өдөржингөө загас барина, тэгээд барьсан загасаа консервны төмөр лаазанд чанаж иднэ. Аавынхаа авч өгсөн улаан өнгийн украин дугуйг унаад л өдөржингөө гадаа тоглоно, дугуйгаа бас жигтэйхэн гангалж, тоноглоно оо. Өмссөөр байгаад гандаж цайчихсан ганц пиджактай. Тэрнийхээ энгэрт хаанаас олсон юм бүү мэд, баахан тэмдэг зүүчихнэ ээ бас. Ингээд бодохоор цэргийн хүн болохоо зөгнөж байсан ч юм шиг... За ингээд бага балчир насны дурсамжаасаа багахан төдийг хуваалцахад ийм байна. Ер нь адал явдал их бий. Тэр үеийн амьдрал ч өөрөө өрнүүн байж дээ.
Цэргийн сургуулийг, тэр тусмаа цэргийн эдийн засагч хэмээх мэргэжлийг сонгох болсон нь юуных, яг хэзээнээс энэ сургуулийг, эл мэргэжлийг онилсон юм бэ?
-Ээжийн минь ах манайд нэг зун ирсэн юм. Тухайн үед би арван жилийн сургуулиа төгсөх дөхчихсөн байсан учир аав, ээж миний ирээдүйн талаар нагац ахтай хөөрөлдсөн хэрэг. Ер нь хотод суралцвал ахынд суулгах санаагаа ч хэлж. Тэгсэн ах ерөнхийдөө холдуулах маягтай, цэргийн сургуульд суралцвал хувцас, хоол, байр цаанаасаа энэ тэр гэдгийг хэлж зөвлөж л дээ. Тэгээд л цэргийн сургуулийг сонгосон доо.
Хичээл сурлагын хувьд муугүй тул шалгалтад тэнцэхгүй бол яана гэсэн айдас, шалгалтад бүдрэх тухай ойлголт огт байгаагүй. Торохгүй тэнцээд л авто инженерийн ангид суралцах хуваарь авдаг юм байна.
Гэтэл карантин дуусаад эмчийн үзлэгээр ортол нүд маань өнгө ялгадаггүй, завсрын өнгө мэддэггүй. Хар, цагаан, шар, улаанаа мэдээд байдаг. Тэр үед хүүхэд байсан тул туршлагагүйтсэн л дээ. Тэгээд энгийн сургууль руу ч шилжих юм боллоо, гэтэл ар талын ангид хуваарилчихсан. Гэвч азтай, сургалтын шинэ хөтөлбөрөөр маш олон төрлийн хичээл үзсэн, иргэний хамгаалалтын хичээл ч орсон. Би чинь тухайн үедээ Сүхбаатарын нэрэмжит цалинтай сонсогч явлаа.
Ажил амьдралын тань замнал хэрхэн эхэлж байв. Будаг нь ханхалсан дэслэгчийг анхны томилолт нь хааш нь хөтөлсөн тухайд тодруулбал...
-Цэргийн нэгдсэн дээд сургууль буюу төрөлх сургуульдаа дамжааны багшаар томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газар мэргэжилтэн, Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын ахлах мэргэжилтэн, Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Улсын иргэний хамгаалалтын газарт эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэн гээд л дараа дараагийн томилолтоо үргэлжлүүлсэн. Ер нь тэгээд иргэний хамгаалалтын байгууллагаас салсангүй дээ.
Батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн яаж яваад “Онцгой”-руу “урвачихсан”-ыг тань асуумаар байна...
-Онцгой руу урваагүй шүү дээ. Би чинь иргэний хамгаалалтын байгууллагын бүтээгдэхүүн. Тухайн үеийн төрийн бодлогын шийдвэрээр, шинээр УИХ-аар батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн үзэл санаад нийцүүлэн Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх, Улсын нөөцийн гэсэн гурван байгууллагыг нэгтгэж, Гамшгаас хамгаалах, улмаар Онцгой байдлын гэсэн нэртэй байгууллагыг байгуулсан. Тэгэхээр төрийн шийдвэрийн дагуу ажиллаж байна гэсэн үг. Тухайн үед Иргэний хамгаалалтын газар Батлан хамгаалах яамны харьяа агентлаг байсан юм.
Таны ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Ажлаа чин сэтгэлээсээ хийх, маш сайн менежменттэй байх нь миний зарчим. Ер нь энэ тухайд ярьвал их зүйл байна. Гэхдээ маш товч бөгөөд тодорхой хэлэхэд өдөрт нэг ажил амжуул, жилд 365 ажил хийгдэнэ.
Эх орны үнэ цэн юунд оршдог гэж та боддог вэ?
-Эх орон бол хэзээ ч, юугаар ч сольж болохгүй эрхэм нандин зүйл. Эх орны уг нь ард иргэд. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө байгаа ард иргэдтэй улс орон хөгжөөд л байх шиг. Би эх оронтой учраас генерал боллоо.
Генерал, цэргийн дарга гэхээсээ илүүтэйгээр Б.Ууганбаяр хэмээх эрхмийг эгэл жирийн хүн талаас нь олж харвал яг юу, ямар мөн чанар тод томруун харагдах бол?
-Би жирийн л хүн. Бусдаас ялгарах зүйл байхгүй. Цэргийн дарга гээд 10 аяга хоол идэхгүй. Хэмжээгээрээ л иднэ. Цэргийн дарга гээд гэртээ яах юм, ахуй амьдралдаа туслахгүй юм уу. Үгүй, жирийн л байх ёстой, тэгэх тусмаа амьдрал аз жаргалтай. Ер нь маш энгийн, бусдад дараа болохгүй юм сан гэсэн бас нэгэн зарчимтай.
Алтан мөрдэст генерал болох анхны шан, өнөөдрийн өндөрлөгт хүрэх шалтгаан болсон эрдмийн их өргөөнийхөө, эрдэмтэн багш нарынхаа, хүйтэнд хөрж, халуунд халж, хамтдаа бүтээсэн сонсогч насны нөхөрлөлийнхөө, анд найзуудынхаа тухайд эргэн дурсвал...
-Маш товчхондоо Цэргийн сургууль амьдралд тэвчээр хатуужил, амьдралын ухаан олгож, хүндрэл бэрхшээлийг даван туулах хат суулгасан. Хүний үг сонсож сурсан даа. Цэргийн сургууль төгссөн хүмүүс манай нийгэмд маш их үлгэрлэл үзүүлж байгаа. Ядаж унтсан ороо хураагаад сурсан. Ер нь амьдралын голыг бариад, жудагтай байгаа нь миний хувьд цэргийн сургуулиар хүмүүжсэн хүмүүжлийн минь ач. Тэгээд казармд 4 жил хамт байсан нэг ангийнхан гэдэг бол чулуу юм даа. Багш нарын шаардлага, өдөр бүр давтлага, хагас сайн бүрд гүйлт, янзтай.
Батлан хамгаалах салбар, ОБЕГ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна, Онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагын. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна, хамтарсан сургалтыг өргөн хүрээнд хийж байна. “Говийн чоно” арга хэмжээнд байнга оролцож байгаа. Цэргийн академид онцгой байдлын байгууллагын алба хаагч сурч байна. Корона вирустай тэмцсэн 2 жил, Шуурхай штабын ажиллагааны хэсэгт Зэвсэгт хүчний алба хаагч үүрэг гүйцэтгэсэн, сайн ажилласан. Хамтын ажиллагааны төлөвлөгөө хийж байна. Манай хоёр байгууллагын өмнө улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах нэг л эрх ашиг бий. Ирэх тавдугаар сард Стратегийн команд штабын сургууль хийнэ. Зэвсэгт хүчний Жанжин штаб чухал үүрэгтэй оролцоно.
Турк Улсад болсон байгалийн гамшгийн үед та Монгол Улсаас томилогдсон багаа ахлан үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед танд юу бодогдож байв?
-Хэрвээ монгол оронд ийм байгалийн аюул тохиолдвол яана даа гэж бодсон. Харин эрэн хайх, аврах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бие бүрэлдэхүүн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн. Манай Цэргийн төв эмнэлгийн эмч нар бахархалтай ажилласан. Цэргийн төв эмнэлэг корона вирус цар тахлын үед ч үүргээ нэр төртэй биелүүлсэн. Шуурхай штабын даргаар ажилласан хүний хувьд би мэдэлгүй яах вэ.
Цар тахал ч тэр, Турк Улсад болсон газар хөдлөлт ч тэр бидэнд ч маш том сургамж болсон шүү дээ...
-Үндэсний хэмжээний чадавхыг бий болгох хэрэгтэй байна. Газар хөдлөлт бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулах юм байна. Хүний амь нас, бүтээсэн баялгийг хормын дотор сүйрүүлдэг юм байна. Ийм үед яаж дахиж босож ирнэ ээ гэдэг айдас байна.
Ярилцлагынхаа төгсгөлийг таны мэдэлд үлдээе...
-Баярлалаа. Монгол орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө амьдралаа зориулсан эрхэм хүндэт генералууддаа дахин эрүүл энхийг хүсэж, мэхийн ёсолъё.
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин