Украины Ерөнхийлөгч В.Зеленский твиттер хуудсандаа “Хятадын удирдагч Ши Жиньпинтэй урт бөгөөд гүн гүнзгий утга агуулга бүхий яриа өрнүүллээ” хэмээн жиргэсэн нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байна.
Учир нь, хоёр улсын удирдагчид Орос-Украины дайн эхэлснээс хойш анх удаагаа хоорондоо утсаар ярьсан нь энэ бөгөөд Хятадын удирдагч 3 дугаар сард Москвад айлчилсны дараачаас ийм телефон яриа болох нь гарцаагүй гэсэн хүлээлт бий болоод байв. Энэ тухай айлчлалаас өмнө Wall Street Journal сонинд бичиж байсан бол Financial Times сонинд “Европын Холбооны зүгээс Хятадын удирдагчийг Зеленскийтэй яриулахаар оролдож байгаа” тухай мэдээ гарсан байлаа.
Харин Зеленский гуравдугаар сард Японы “Yomiuri Shimbun” сонинд ярилцлага өгөхдөө, Хятад улсын даргатай ярих саналаа дипломат шугамаар хүргүүлсэн гэдгээ дурдаж байсан бол 4 дүгээр сарын эхээр Хятадын удирдагч мэдэгдэхдээ, Украины Ерөнхийлөгчтэй ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.
Өчигдөр хоёр улсын удирдагчид утсаар ярилцах үеэр Ши Жиньпин хэлэхдээ “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай том гүрний хувьд бид Украины хямралыг зүгээр хараад суухгүй, гэхдээ гал дээр тос нэмэхгүй, тэр тусмаа хямралаас ашиг хонжоо олох гэж оролдохгүй” гэснийг Хятадын мэдээллийн Синхуа агентлаг онцолжээ.
Түүнчлэн яриа хэлэлцээ бол Украины хямралаас гарах цорын ганц боломжит арга зам бөгөөд хэрвээ цөмийн дайн дэгдвэл түүнд ялагч гэж үгүй хэмээн Хятад улсын дарга хэлсэн байна. Дайныг буруушаахаас түдгэлзэж буй дэлхийн хэмжээний хамгийн нөлөө бүхий удирдагч бол Ши Жиньпин бөгөөд тэрбээр 2 дугаар сард Украины хямралыг зохицуулах 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг санал болгосон билээ.Синхуа агентлагийн мэдээнд дурдсанаар, мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээг холбогдох бүх талтай хийх үүрэг хүлээсэн Хятадын тусгай төлөөлөгчийг Украин руу томилон илгээнэ гэдгээ телефон ярианы үеэр Ши Жиньпин дурдсан бөгөөд тусгай элчийн үүргийг Орос улсад сууж байсан Хятадын элчин сайд Ли Хуэй гүйцэтгэх бололтой.
Бүтэн цаг үргэлжилсэн телефон ярианы тухайд Украины Ерөнхийлөгчийн цахим хуудсанд юу гэж бичсэнийг товч сийрүүлье.
Ярианыхаа эхэнд Зеленский хэлэхдээ, Оросын дайралт эхлэхээс өмнө Украины худалдааны хамгийн том түнш нь Хятад улс байсныг дурдаад “өнөөдөр бид утсаар ярьсан нь энэхүү далайц эрчмийг эргүүлэн сэргээж, улмаар бүх түвшинд цаашиид хөгжүүлэхэд дорвитой түлхэц өгөх нь лавтай” хэмээн мэдэгдлээ.
“Энх тайвныг Украины ард түмнээс илүүтэйгээр хүсэж буй хүмүүс гэж үгүй. Бид өөрсдийн газар нутаг дээр байгаа бөгөөд өөрийгөө хамгаалах салшгүй эрхээ хэрэгжүүлэн ирээдүйнхээ төлөө тэмцэж байна. Олон улсын эрхзүйн зарчмууд дээр үндэслэсэн, НҮБ-ын дүрмийг хүндэтгэдэг тийм энх тайвныг тогтоох аваас шударга бөгөөд тогтвортой байх болно.
Газар нутагтай холбоотой буулт замаар ямар ч энх тайвныг тогтоох боломжгүй. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал нь 1991 оны үеийн хилээр сэргэн тогтох ёстой” гэж Украины Ерөнхийлөгч ярьсныг Укринформ агентлаг онцолжээ. Ши, Зеленский нар утсаар ярьсан тухайд ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “Орос-Украины энхийн хэлэлцээг эхлүүлэхийн тулд Хятад улс хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг Оросын тал өндрөөр үнэлж буйг” дурдлаа. Түүнчлэн сөргөлдөөнийг зогсооход чиглэсэн Орос ба Хятадын “хандлагууд нийцэн зохицож” буйг онцолсон байна. тЭдгээр дурдсан зүйлс нь бүгд албан ёсны байр суурь бол одоо олон улсын харилцааны сэдвээр бичдэг ВВС агентлагийн сэтгүүлчдийн дүгнэлтийг сонсоё.
Украин дахь ВВС агентлагийн сурвалжлагч Жэймс Уотерхаус: Ши Жиньпинтэй ярих хүсэлтэй байгаагаа Зеленский нэг сарын өмнө илэрхийлж байсан төдийгүй В.Путинтэй уулзсаных нь дараа түүнийг Киевт урьж байв. Гэвч шаардлагагүй үед Хятадын удирдагч хэзээ ч иймэрхүү айлчлал хийж байгаагүй билээ.
Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагааг Бээжин буруушаахгүй байгаа төдийгүй Орос улстай эдийн засгийн хэлхээ холбоогоо улам бэхжүүлсээр ирлээ. Харин одоо Украинтай хамтран ажиллахаар болж байх шиг байна.
Гэхдээ дайныг дуусгахтай холбоотой асуудлаар Хятад, Украины хооронд байр суурийн асар том ялгаа бий. Тодруулбал, Хятадын тал улс төрийн зөвшилцөлд хүрэхийг дэмжиж байгаа бол украинчууд цэргийн ялалт байгуулахыг хүсэж байгаа юм.
ВВС-гийн хятад хэлний албаны сэтгүүлч Ховард Жан: Телефон ярианы нарийн ширийн зүйлүүд рүү орохгүйгээр Хятадын албан ёсны хэвлэлүүд “Ши Жиньпин нөхцөл байдлыг хяналтандаа авлаа” гэсэн магтаалын үгсийг урсгахын зэрэгцээ Хятадын “төвийг сахисан байр суурь”-ийг онцолж байна. Гэхдээ Хятадын албан ёсны байр сууринд тун нарийн өөрчлөлт гарсныг анзаарах нь зүйтэй. Тодорхой хэлбэл, Украин ба түүний удирдагчийн талаарх илт сөрөг дүгнэлтүүд алга болжээ. Үүний оронд Украин улс дахин “Хятадын стратегийн түнш” боллоо, Зеленский бол хоёр талын харилцаанд үргэлж онцгой анхаарал хандуулдаг ерөнхийлөгч мөн гэсэн санааг тусгах болов. Дайн эхэлсний дараах эхний өдрүүдэд Хятадын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан Украины эрх баригчдад Ши Жиньпин анх удаа талархал илэрхийлснийг Хятадын хэвлэлүүдэд дурджээ. Энэ бүхэн бол дайны эхэн үед Хятадын хэвлэлүүд Украин ба Ерөнхийлөгч Зеленскийд хандаж байсан хандлагаас эрс ялгаатай байгаа юм.
Дайн эхэлсний дараачаас Хятадын албан ёсны хэвлэлүүд дан ганц Оросын талын үзэл бодол, байр суурийг дамжуулж байв. Харин одоо ийм өнгө аяс өөрчлөгдсөн нь Европ тивд найз нөхөдтэй болохын тулд Ши-гийн засгийн газрын хийсэн “томоохон дипломат довтолгоо” гэж зарим ажиглагчид дүгнэж байна.
Ялангуяа Францад суугаа Хятадын элчин сайд ярилцлага өгөх үеэрээ, хуучин ЗХУ-ын харьяанд байсан улсуудын бүрэн эрхийн статус эргэлзээтэй гэсэн агуулга бүхий зүйл ярьснаас хойш хэдхэн хоногийн дараа хоёр удирдагч утсаар ярилаа. Тэгэхээр Ши, Зеленский хоёр утсаар ярьсан нь элчин сайдын алдаатай үг яриаг залруулах гэсэн оролдлого уу? Ши Жиньпин бодит байдал дээр “нөхцөл байдлыг хяналтандаа авч чадах уу”? Энэ бүхнийг дэлхий даяараа маш анхааралтай ажиглан харж байна.
Б.Адъяахүү