Б.Галаарид: Тарсан олон Монголын хурсан түүхийг судлаач эрдэмтэн

оруулсан Алсын Хараа
“Буурлаас үг сонс” гэсэн алтан сургаалтай явж ирсэн дээ, манай ард түмэн. Одоо л ахмадаа адалдаг, үхээд өгөөч, тэгвэл бид хөгжих гээд байна гэж хараадаг болж. Гэтэл хүний насаараа хураасан туршлага, мэдлэг, эрдэм, ухаарал гэдэг үнэлж болшгүй өв их эрдэнэ бөгөөд оюун ухаан тэтгэвэрт гардаггүйг нотлон бүтээж туурвиж яваа олон сайхан хүмүүсийн нэг нь ахмад дипломатч О.Нямдаваа гуай юм. Тэрээр Монголын эх түүхтэй холбоотой олон сайхан бүтээл туурвисны заримынх нь талаар товчхон танилцуулъя.
1. БАЛБЫН МОНГОЛЧУУД NEPALI MONGOLS (УБ., 2013). О.Нямдаваа гуай Балбатай 1997 оноос холбогдож, ажлын шугамаар олонтаа очиж байхдаа тэнд байдаг монгол гаралтнуудын талаар судалж, харилцаа тогтоож, тэдний зан заншил, соёлын өв дэх монголчуудтай ижил төстэй зүйлүүдийн талаар ихээхэн баримт цуглуулснаа эмхэтгэсэн ном. Монгол судлалд цоо шинэ чиглэл буй болголоо гэж номын редактор Л.Хайсандай  доктор тэмдэглэсэн байна. Өмнө нь судалгааны эргэлтэд орж байгаагүй олон чухал мэдээ занги, баримт энэ номонд буй.  Балбын Засгийн газрын 1990 оны хүн амын тооллогоор тус улсын иргэдийн 35.6 хувь нь монгол гаралтай гэснийг монгол гаралтнууд нь хүлээн зөвшөөрдөггүй, 42 хувиас дээш буюу 10-12 сая хүн байгаа гэж үздэг аж. Монгол нутгаас нүүж очсон эртний монголчууд НТ 350-879 онд Балбын засаг төрийг удирдаж байжээ. Энэ цагийнхан нь болохоор “Монголын дуу хоолой” нэртэй сэтгүүл гаргаж, “Монголын зүрх сэтгэл” нэртэй хамтлаг байгуулж, “Мисс Монгол” тэмцээн зохион байгуулж, эрийн 3 наадмаа хийж, шимийн архиа нэрж, цагаан идээгээ бэлтгэн эртнээс түүхт соёлын өвөө хадгалж байгаа аж.
2. ИЛ ХАНТ УЛС (УБ., 2015). ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгааны бүтээл. Монголчуудын байгуулсан эзэнт улсуудын тухай тоймлон өгүүлээд Ил хант улсын түүх, засаглалын онцлог, шашин, ёс заншил, хэл соёл, хоолны соёл, урлаг, уран зохиол, дуу хөгжим, архитектур, хаадын бичиг захидал, өнөөгийн Монгол-Ираны харилцаа зэрэг өргөн сэдвээр олон хэлээрх судалгааны бүтээлүүд, ховор баримтууд, эх сурвалжид тулгуурлан бүтээжээ. Монгол төвт үзлийн үүднээс монгол хүн бичсэн гэдгээрээ үнэ цэнэтэй чухал бүтээл гэдгийг Ж.Баясах доктор онцолсон байна. Доктор Д.Цэвээндорж өмнөх үг бичихдээ уг бүтээлийн анхдагч шинж, ач холбогдлыг мөн өндрөөр үнэлжээ.
3. IL KHANS (УБ., 2015). О.Нямдаваа, С.Чулуунбаатар нарын бүтээл. Доктор О.Нямдаваа Ил хант улсаар мэргэшсэн гадаадын эрдэмтэн судлаачидтай харилцаж, Ил хант улсын түүхэн нутгаар явж судалсны үндсэн дээр Ил хаадын амьдрал, ордны жаяг ёс, соёл, захидал харилцаа, барилга архитектур зэрэг өргөн сэдвийг хамарсан сонирхолтой дүгнэлт, ажиглалтууд хийснээ эл бүтээлд тусгасан байна. Зураач С.Чулуунбаатар монгол зураачдаас анх удаа Ил хаадын хөргүүд бүтээсэн нь энэ номонд бас оржээ. Номын редактор Ш.Бира академич “Ил хант улс, тэдний хаадын түүх, монгол ухаан орж бүтээсэн шинэ зүйлийг нь монгол хүний нүдээр харж, шинэ тайлбарыг бий болгож, зарим зөрөөтэй зүйлийг нь тэмдэглэсэн байна” гэж энэ бүтээлийн талаар олзуурхан бичжээ.
4. BOLOD CHIGSANG (УБ., 2016). Өмнө дурдсан  “Ил хант улс”, “Ил хаад” номонд Болод Чинсангийн талаар зохиогч товч дурдсан нь буй. Тэрбээр Болод чинсангийн талаар судалгаа хийж, Ил хан Өлзийтийн 1304 оны нэгэн зарлигийг баталгаажуулж Болод чинсан гарын үсэг зуралцсан баримтыг судалгааны эргэлтэд оруулсан гавьяатан юм. О.Нямдаваа доктор үүгээр сэтгэл ханалгүй, Болод Чинсангийн талаар “Дорно, Өрнөдийг холбогч гүүр, Хубилай хааны Элчин, Ил хант улсад “монгол ах” нэрээр дурсагдан хүндлэгдсэн Болод Чинсан” нэртэй судалгааны өгүүлэл бичсэнээ 2016 онд монгол, англи хэлээр хэвлүүлжээ.
5. ИРАН ДАХЬ МОНГОЛ ӨВ СОЁЛ (Уран барилга, зоос, шашин). ШУА-иас эрхлэн хэвлүүлсэн. Ил хаадын үед монгол соёл, зан заншил, хэл, шашны нөлөө персийн орнуудад хэрхэн шингэн үлдэж, уламжлагдсан талаар өгүүлж, Ил хаадын дэлдүүлсэн зооснууд, зарлиг захидал зэрэг баримт бичиг, архивын материалуудыг ашигласнаас гадна Ил хант улсын талаар судалсан монгол, иран эрдэмтдийн бүтээлээс оруулснаараа энэхүү ном үнэ цэнэтэй.
6. АЛТАН ОРД УЛС (УБ., 2018). ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээл. ОХУ-ын Казань, Толгоград, Астрахань, Саратов зурэг хотуудын хооронд буй Алтан орд улсын нийслэлүүд байсан газруудад очиж, Крымйг хөндлөн гулд туулж, Батын Сарай, Бэрхийн Сарай, Үхэг зэрэг хотуудын малтлага судалгаатай танилцаж, Алтан Орд улсын талаар судалгаа хийж буй эрдэмтэдтэй уулзаж, монгол хэлээрх бичиг баримтууд, язгууртны хувцасны соёл, монгол нэртэй газар ус, зоос, барилга байгууламж, хаадын бунхны талаар өгүүлсэн энэ номын редактор Д.Цэвээндорж академич ийм нарийн судалгааг өөрийн биеэр явж газар дээр нь хийсэн анхны монгол эрдэмтэн гэж үнэлсэн нь яалтгүй оносон дүгнэлт мөн.
7. МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ХЭЛХЭЭ ХОЛБОО (УБ., 2020). Энэ номонд Энэтхэгийн үндэсний музей дэх хүннү зоос, чулуун бичиг, баганын бичээс, хүннүчүүд Энэтхэгийг эзэлсэн тухай 12 эх сурвалж, Их Монгол, Цагадайн улс, ил хант улсын үеийн харилцаа, монгол хаадын миниатюр зураг, Энэтхэгийн монголжуу хүмүүсийн тухай зэрэг маш олон сонин содон, чухал мэдээлэл энэ номонд оржээ. “Энэхүү бүтээл нь Монголын түүхчдэд төдийлөн мэдэгдээгүй байсан зүйлийг ил болгон судлан гаргасан” гэж номын өмнөх үгэнд Жавахарлал Неругийн их сургуулийн профессор Шарад К Сони үнэлсэн байна.
8. ЦАГААДАЙН УЛСЫН ӨВ СОЁЛ (УБ., 2022). Цагаадайн эзэнт улсын түүх, соёлын өвийг тусгайлан судлахын тулд Төв Азийн орнууд, Шинжаанаар явж, Цагаадайн монголчуудын ахуй амьдрал, хаад хатдын дурсгал, түүхт хотуудын талаархи мэдээ баримтыг монгол, англи хэлээр оруулсан. Энэ номонд Афганы монголчууд, Бабурын монголчууд, Цагадайн эзэнт улсын төрийн хэл, Цагаадай ханыг  дагалдан Төв азид очсон монгол аймгууд, Чингис хаан түүний удмынхны дэлхийд оруулсан 37 хувь нэмэр зэрэг сонирхолтой баримт, бичвэр, илтгэлүүд багтсан байна.
 Доктор, профессор О.Нямдаваа “Иран дахь монгол өв соёл”, “Хүннүчүүд Энэтхэг, Персид”, “Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран”, “Монгол-Энэтхэг: Өнө эртний, өнөөгийн түншүүд”, “Дэлхийн монголчууд” зэрэг монгол, англи хэлээр бичсэн номууд, баримтат кинонууд, үзэсгэлэнгүүд гээд Монголын түүх, соёл, гадаад харилцааны талаар бүтээл туурвил арвинтай эрдэмтэн юм.  Тарсан олон монголчуудын хурсан их түүхийг судлах ажилд зүрх сэтгэлээ зориулж, дараа дараагийн судлаачдад зам гаргаж яваа ахмад дипломатч, буурал эрдэмтэн О.Нямдаваагийн бүтээлүүдийг унших бүрт дараагийн бүтээл нь юу байх бол, ямар гээчийн сонин содныг гаргаж ирэх бол хэмээн сэтгэл долгисдог билээ. Та минь урт насалж, улам ихийг бүтээгээрэй!
Урианхан Б.ГАЛААРИД

Сэтгэгдэл бичих