/AFP/. “James Webb” сансрын дурайн авай Нарны аймгийн гадна орших хадархаг гаргийн температурыг анх удаа хэмжиж ийм гарагуудыг судлах түүхэнд чухал алхам хийжээ.
АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн эрдэмтдийн энэхүү судалгааны талаарх өгүүлэл "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
2017 онд “Trappist-1” системийг нээхэд одон орон судлаачид хэмжээ, массын хувьд дэлхийтэй бараг л ижил төстэй долоон хадархаг гаргийнх нь заримд нь амьдрал байх боломжтой гэж таамаглаж догдолж байв.
Дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд орших энэ гарагууд нь манай Нарны аймгийн хад чулуурхаг гаргуудыг бодвол хэт хүйтэн улаан одой одоо хамаагүй ойр зайтай тойрдог ажээ. Гэхдээ тэдний од нь манай Нарнаас хамаагүй бага энерги ялгаруулдаг байна.
Одон орон судлаачид улаан одой одтой хамгийн ойр орших “Trappist-1b” гарагт гол анхаарлаа төвлөрүүлжээ. Учир нь энэ гаргийг илрүүлэхэд илүү хялбар байсан аж.
Уг гаргийг өөрийн одны ард шилжиж, илүү тод од нь бүдэг одыг халхлах үед гэрлийнх нь өөрчлөлтийг “James Webb”-ийн хэт улаан туяаны багажаар (MIRI) хэмжжээ.
“Үндсэндээ "өдрийн талаа" харуулж байгаа учир энэ гараг одныхоо ард орж алга болохын өмнөхөн хамгийн их гэрэл ялгаруулдаг" гэж “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааг хамтран бичсэн Эльза Дюкро AFP агентлагт ярьжээ.
Судлаачид энэ гараг хэдий хэмжээний хэт улаан туяа ялгаруулдаг болохыг тооцоолжээ. Харин “MIRI” төхөөрөмж нь "аварга том контактгүй термометр" болж ажиллаж чадсан гэж NASA мэдэгдэлдээ дурдсан байна.
Гаргийн өдрийн температурыг Цельсийн 230 хэм гэж тогтоосон бөгөөд энэ нь "бараг пицца жигнэхэд тохирох температур юм" гэж NASA нэмж дурджээ.
“Trappist-1b” гараг дээр дулаан эргэн тархдаггүй, тиймээс эрдэмтэд уг гараг нь "бага, эсвэл огт агааргүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж Францын Цөмийн эрчим хүчний комисс (CEA) мэдэгджээ.
Нарны аймгийн гаднах ийм хад чулуурхаг гаргуудын агаар мандалд дүн шинжилгээ хийх боломжтой болсноороо манай Нарны аймгийн гадна орших гаргуудын судалгаанд “шинэ эрин”- ийг нээж байна гэж эрдэмтэд онцолж байна.