Ц.Дэмбэрэл: Монгол хүн үнэнхүү дэлхийд гайхагдахуйц өндөр IQ-тэй

оруулсан Алсын Хараа
Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Багшлахуйн шинэ парадигм
Та контент ярилаа. Яам багш ярина гэсэн. Энд эрэмбэ оор байх мэт?
Өмнө дурдсан боловсролын чанарын шинэчлэлийн агуулга нь багшаас бус контентоос эхэлж буй. Олон улсын жишиг, НҮБ, ЮНЕСКО-ийн удирдамж ийм болой. Контент одоогийнхоороо байвал багш яаж ч зүтгээд нэмэр бага. Манай зарим нөхөд "Одоогийн ажлаа л сайн хийчихье, багшаа чадваржуулъя, тэгвэл боловсролын чанар сайжирна" гэж байгаа нь хуучинсаг хандлага мөнөөсөө мөн.
“Чанартай сайн багштай болъё гэвэл үйл явцаар бус үр дүнгээр нь эхэлж оролдъё.”
Монголын сурагчид, багш нар, эцэг эхчүүд тийм ч муу биш ээ. Асуудлын гол нь хуучинсаг нөхдийн бүтээсэн "контент" хоцрогдсонд байна. Үндэстний IQ-ээрээ монголчуудаас хавьгүй доогуур олон улс биднээс боловсролын чанараар хавьгүй урд явж байна. БШУЯ хуучинсаг баримтлалаасаа шийдвэртэй салах биз ээ. Багш бол боловсролын үйл явцад оролцогч. Миний тухайд багш руу бүгдийг чихэх тухайд арай өөр бодолтой. Би монгол багшийг тийм муу, чанаргүй гэж бодохгүй байна. Багшийн болон багш бэлтгэх сургуулийн чанарыг сайжруулах, тэнд сайн элсэгч авах энээ, тэрээ бол ЗАВСАР-ын шинжтэй хоёрдогч асуудал юм. Яагаад гэхээр, эдгээр нь дандаа үйл явц. Үйлээр оролдох нь эцэс төгсгөлгүй байдаг. Манайд магистр, доктор багшийн тоо нэмэгдээд л байгаа. Тэгээд яахаараа сургалтын чанар буураад байгаа билээ? Манай ШУА шинжлэх ухааны докторуудыг үйлдвэрлээд л байгаа. Гэтэл үр дүн хаана байна вэ? Улам л дордоод байгаа биз дээ. Ерөнхий шалгалтын өндөр оноотой хүүхдүүдийг МУБИС-д элсвэл төлбөрийг нь төрөөс дааж буй. Тэдгээр оюутан гайгүй багш болох нь болно. Гэхдээ тэд төрийн ЕБС-д ажиллах уу? Харин ч бүр өөр зүг рүү явчих биш биз? Тэгсэн байх шүү. Дутуу бодсон ажил араасаа ГАЙ дагуулдаг гэдэг. Ийм завсрын шинжтэй хоёрдогч юмаар оролдох нь БШУЯ-д амар, элдвийн үг хэлнээс ангид байгаа хэрэг. Зүй нь завсрын хоёрдогч юмаа орхиод, анхдагч суурь юмаа барьж авах ёстой л доо. Тэр нь БАГШИЙН ҮНЭЛГЭЭ юм. Одоо багш бэлтгэх үйл явцаар оролдоод амжилт олох магадлал тун эргэлзээтэй. Миний санал чанартай сайн багштай болъё гэвэл үйл явцаар бус үр дүнгээр нь эхэлж оролдъё гэдэгт оршмой.
Манай боловсролын чанар сул байгаа нь багшаас л эхтэй гэх хандлага нийгэмд тархмал болсон, харахад ч тийм юм шиг?
Энэ нь хоёр талтай. Багшийн чанар тэгтлээ муудсан уу, эсвэл асуудал бор юманд байна уу, одоо тэгээд багшаа л чадвартай болгочихвол ажил сайжирчих уу, үүнд баталгаа байна уу? Эдгээр нь эргэлзээтэй. Ер нь сулавтар багш олширсонтой маргах юун. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ асуудал хүндээ биш байх аа, би ингэж бодно. Асуудал боловсролын контент хөтөлбөрт л байгаа даа. Үнэхээр л сайн контентыг авч чадахгүй бол тэр багшийн ЧАДВАР СУЛ болой. Одоогийн манай боловсрол чинь судлагдахуунд суурилдаг. Судлагдахуун бол контентын гол цөм нь.
Контент, судлагдахуун нь үнэхээр хоцрогдсон гэдгийг өмнө хэлсэн. Судлагдахуун нь ийм муу байхад багш хэчнээн чадварлаг байгаад ч нэмэргүй.
Учир нь багш судлагдахуунаа л дагана. Үхэр тэрэгний дээд хурд гэж бий. Захирал, багш хоёр яаж ч хичээгээд үхэр тэрэг хэзээ ч машин шиг хурдтай болохгүй л дээ. Харин шинэ сайн хөтөлбөр контенттой бол ямар ч монгол хүн, төрөлхийн эргүү л биш бол, яаж ийгээд л даваад гарна. Монгол хүн чинь үнэнхүү дэлхийд гайхагдахуйц өндөр IQ-тэй. Иймд манай багш нар тэгтлээ дор орчихоогүй байх аа. Би вээр БШУЯ-д хандаж "Монгол багш нартаа итгэе, тэдэндээ сэтгэх эрх чөлөө өгье, өрсөлдүүлье тэгээд үнэхээр л явахгүй бол өөр арга бодъё" гэж уриалмой.
Боловсролын чанарт сайн багшийн нөлөө чухал гэдэгтэй Та маргахгүй биз дээ?
Сайн багш өмнө ч байсан, одоо ч байгаа. Гэхдээ тэд цөөн. Эцэг эхчүүд хүүхдээ сайн багштай ЕБС руу зөөж байгаа нь ч буруу биш. Гэтэл яагаад сул, муу, дундавтар багш нар багшилсаар байгаа билээ? Тэд яагаад сайн болъё гэж урагшаа зүтгэхгүй өдий хүрэв? Сайн багш гэж чухам хэн бэ? Багш нарын цалин бага, гэтэл сайн багш ажлаа хийсээр л байгаа. Ингэхлээр цалин нэмэхээр багш сайжирна гэдэг баталгаатай биш ажээ... гэх мэт олон асуудал байна.
Үхэр тэрэгтэй байх үеийн сайн багш, тоёота жиптэй үеийн сайн багш хоёр их ялгаатай. Тэгэхлээр багшийг сайжруулах асуудал ярихаасаа өмнө ямар тээврийн хэрэгсэл ашиглахаа шийдмээр юм. Тээврийн хэрэгслээ солихгүй ээ, үхэр тэрэг монголчууд бидэндээ таарч байгаа гэвэл одоогийн багш нарыг чанаржуулах асуудал ярьж болно.
Миний тухайд эхлээд үхэр тэргээ машинаар солих тухайд санал нэгдье гэж уриалсаар 28 жилийн нүүрийг үзэв. Сүүлдээ ч залхах аястай болж байна шүү. Өвөл өнгөрч, цас хайлсан, ИРЭЭДҮЙ хүссэн ч эс хүссэн ч өөрөө өөртөө зам гаргана л даа. Монголчууд үхэр тэргээ машинаар солих цаг ойртсоор байна. Иймд одоо үхэр тэрэгтэй боловсролын багшийг бус, машинтай боловсролын жолооч багшийг ярих цаг. Ирээдүйн багш гэсэн үг. Энэ бол сайхан гэгээлэг сэдэв шүү.
Манай багш нар ЗААДАГ?
Эдүгээ хүртэл манай боловсролд МЭДЛЭГ заасаар. Нарийндаа бол мэдлэг заах ч бас биш юмаа, зүгээр л мэдлэг дамжуулдаг. Гэтэл мэдлэг интернетээр дүүрэн, ямар ч үнэ төлбөргүй, бас их гангалсан, илүү ойлгомжтой, хүртээмжтэй болжээ. Мэдлэгийг зааж, дамжуулж болно. Харин түүнийг эзэмшүүлнэ гэхээр асуудал бий. Үүний оронд чадварыг эзэмшүүлнэ гэвэл болно. Эдүгээ "Багшлахуй" бол УРЛАГ юм гэх болов. Урлаг гэхээр мэдлэг рүү бус чадвар руу эргэчихнэ. Ингэхлээр багш нь өөрөө чадварлаг байх, багшлах урлаг эзэмшсэн байх ёстой болчихно. Энэ нь багшид тавигдах шинэ шаардлага юм. Ийм чадвартай, урлагтай багшийг ЖИНХЭНЭ БАГШ гэх. Тийм шинэ, жинхэнэ багшийг бүр багаас нь бэлтгэх учиртай. Яахаараа нэг зохиолын дуу дуулахад авьяас шаардах атлаа багш гэхээр таг байдаг билээ. Тэгээд багш чинь дуулахаас дор ажил юм уу? Үгүй ээ, тийм байх ёсгүй. Тэгэхлээр багш гэдэг нь нэлээд нарийн урлаг байх нь. Урлаг заавал төрөлхийн авьяасыг шаарддаг. Тэр тусмаа багш вээр тун дажгүй төрөлхийн өндөр IQ-тэй байх ёстой болно. Ингээд л шинэ, жинхэнэ багш, өндөр IQ хоёр айлсаад ирнэ. Би одоогоор багш бэлтгэдэг их сургуулиуд, тухайлбал МУБИС-аас хэзээ ОЮУН УХААН, IQ гэх үгс сонсогдох бол гэж Хүлээгээд л байгаа. 25 жил хүлээлээ. Ойрын 10 жилдээ сонсогдох болтугай гэсэн билэгтэй ерөөл өргөе.
Жинхэнэ багш гэхээр сонин сонсогдож байх чинь?
Монголын багш нарыг авармаар байна. Манай багш нар бол нэг талаасаа суралцагчиддаа мэдээ мэдээлэл мэдлэг цээжлүүлж, тэднийхээ хөндий цээжлэх  чадварыг (хөндий хоосон цээжлэх сургалтыг хориглоод байгаа) шалгадаг Дарангуйлан захиргаадагч ноён мэт, нөгөө талаасаа өөрийн эрх мэдэлгүй, хичээлээ шинэ аргачлалаар ч заачихъя гээд хөдлөх л юм бол ажлаасаа хөөгдөх өндөр магадлалтай боол мэт. Ийм нөхцөлд багш ердөө л унтаж байдаг. Ийм байдлаар удаж болохгүй ээ. Гол нь багшид итгэх хэрэгтэй байна. Багшид үүрэг хариуцлагыг нь хамт үүрүүлэх ёстой. Тэгвэл манай багш нар сэрэх болно.
Багшийг яаж сэрээх билээ?
Багшийн асуудлаар цоо шинэ үзэл баримтлал гаргаж эрчтэй ажилламаар байх юм. ХХI зууны багш ямар байх тухайд загвар шаардлагууд нь аль хэдийнээ гараад мөрдөгдөж байна шүү дээ. Олон улсын жишиг загвар, үлгэр гэж бий. Ядаж түүнийг харахсан. БАГШЛАХУЙН ШИНЭ ПАРАДИГМ-ыг хүлээн авъя.
Багшлахуйн шинэ парадигмын гол агуулга нь юу бол?
Эдүгээ дэлхий даяар "Багшилдаг парадигм"-аас "Суралцдаг парадигм"-д шилжиж байна. Тэгэхлээр багш гэж ярих нь ч бас өөр илүү өргөн утгатай болно.
“Багшлах биш ээ, гол нь суралцах.” Багшлах гэхээр тэр нэг багш гэх хүнийг онцлох бол суралцах гэхээр багш, суралцагч хоёулаа хамт орж ирнэ.
Багш нь бас суралцана. Эдүгээ заримдаа сурагч нар маань багш нараасаа хол илүү болчихоод байна. Би гэхэд л шинэ технологитой холбоотой, гар утас, интернет гээд ирэхээр ач нараараа заалгадаг боллоо. Би ач нартаа шавь оржээ. Ингэхээр хэн нь багш хэн нь шавь болох асуудал ээдрээтэй болно, хоёулаа л суралцаж байгаа юм чинь. Технологийн шинэчлэлийн хурдыг гүйцнэ гэдэг залуусын л ажил юм. Орчин үед ЗААДАГ багш бол багш биш гэх болсон. Гэтэл манайхан тувт заасаар. Бас суралцдаггүй багш бол багш биш болсон. Мэдээ, мэдлэг дамжуулдаг багшийн үе ард хоцорлоо. Багшлахуйн шинэ парадигмын гол агуулга нь: Багшид өсөж дэгжих эрх чөлөө өгөх, өрсөлдүүлэх, багшийн стандартыг байнга чангалж сайжруулах, тэгээд багшийн чадамжийг хөндлөнгөөс нь тогтмол үнэлэх, ЕБС- ийн захирал нь сургуулийнхаа багш нарыг чадамжийн оноогоор нь эрэмбэлэн цалинжуулдаг байх, ЕБС-ийг чөлөөт өрсөлдөөнд оруулах чигтэй байна. ЕБС-ийг төдийгүй их сургуулиудыг ХХК хэлбэрт ойртуулах боллоо. Бидний өмнө Монгол хөрснөөс ургасан, дэлхийд гайхагдсан БАГШЛАХУЙН ШИНЭ ЗАГВАР боловсруулах ажил хүлээгдэж байна. МОНГОЛ БАГШ!!!
"Монгол багш" гэх дэлхийд тэргүүлж, бусдад гайхагдсан ЗАГВАР-ыг бид боловсруулж чадах болов уу?
ЧАДНА, чадна. Чадахгүй ээ, хэцүү байх, бусдаас л зээлдье гээд өөрсдийгөө доош хийгээд ухраад байвал чадахгүй л дээ. Харин чадна, чадах ёстой, бид тэргүүлэхгүй юм бол тэгээд хэн тэргүүлэх юм гээд зүтгэвэл чадах л болно. Монголчууд бидэнд тэгж зүтгэх, зүтгэсэндээ хүрэх суурь нөхцөл байна. Дэлхийн хамгийн том тархийг монголчууд бид л эзэмшиж буй. Тэгээд л болоо, бусад нь дандаа хоёрдогч зүйл.
Багш нь эдүгээ өндөр хөгжилтэй орнуудад хамгийн нэр хүндтэй, хамгийн сайхан мэргэжил болжээ. Орчин үеийн багш гэдэг чинь суралцахуйн дизайнер болсон. Тэрээр шавь нараа суралцахуйд хэрхэн сургах арга зүйг эрж хайж, олдог, хүүхэд бүрийн хөгжлийн замын зургийг гаргаж хөтөлдөг, тулгарсан асуудлыг томоор загварчлан харж чаддаг нэг ёсны чиглүүлэгч менежер юм.
Манай бүх шатны сургуулийн багш нарыг ийм дизайнер менежер багш болгож болно.  Монголчууд дээрхийн гэгээнтэн ДАЛАЙ багш гээд мөргөөд сөхөрч унаад сүйд болдог. Данзанжамц бол жирийн л хүн, гэхдээ ухаалаг. Тухайн жилд төрсөн хөвгүүдээс шалгаад олчихсон учраас 1Q нь гайгүй байж таарна. Данзанжамц шиг хэмжээний сэтгэдэг багш Монголоор дүүрэн. Тэгэхлээр Данзанжамцыг шүтэх биш, харин түүнээс сурах ёстой. Багш бүр өөрийгөө Данзанжамц гэж бодох учиртай. Монголын бүх багшийг Данзанжамц шиг болгоно гээд ДИЗАЙНЕР БАГШ ГЭХ ХӨДӨЛГӨӨН зохион байгуулж яагаад болдоггүй билээ. Болно, гол нь зориглоод хийх. Манай энэ тор монгол хүндээ үнэнхүү халтай, тэдэндээ итгэхгүй, тэднийгээ амьгүй боол гэж бодох юм аа. БШУЯ ядаж багш нартаа итгэж болмоор доо. Тэднийгээ уриалаад хөдөлгөхсөн.
Мэдээ, мэдлэг дамжуулдаг багшийн үе өнгөрлөө гэв үү?
Монголын багш нар суралцагчиддаа мэдээ мэддэг дамжуулдаг, өөр хийх ажилгүй шахам байна. Эцэг эхчүүд бас үүнд ихэд дассан. Тэд хүүхдээсээ өнөөдөр багш чинь ямар мэдээ заав, түүнийгээ л сайн цээжлээрэй, тогтоогоорой гэдэг Нийгэм бүхэлдээ ийм болсон.
Доод эрэмбийн мэдээ, мэдлэг бол хүний тархинд маш хортой. Түүхэн мэдээ ихэд үнэд орлоо, сүүлийн 30 жилд. Гэтэл мэдээ ялангуяа түүхэн мэдээ, хэрүүлэн мэдээ, эгэл мэдээ бол хор, хог юм.
Хог идэн тархи өөрөө хог болдог. Бид шинжлэх ухааны мэдээ, мэдлэг хоёрыг ялгаж салгаж ухаарах ёстой юм л даа, уг нь. Мэдээ, өгөгдөл чинь хэрэгтэй газраа л хэрэг болно. Түүнийг хүн бүр тогтоох ямар ч шаардлага байхгүй. Мэдээ төдийгүй мэдлэг нь өөрөө дотроо эрэмбэтэй болсон. Доод эрэмбийн мэдээ, мэдлэг бол хүний тархинд маш хортой. Түүнийг хар тамхитай зүйрлэж байна. Хүн хар тамхинд донтдог шиг доод эрэмбийн хогон, хоосон, эгэл түүхэн мэдээнд бас донтоно. Бүр гарч чадахгүй болтлоо дотоод, түүндээ уусаад, тэгээд хүн биш болно. Тархи нь ӨМХИЙРНӨ. Огтоос сэтгэхээ болино. Уртхан өгүүлбэр хэлэхэд л учрыг нь ойлгохгүй хоосон хоцорно. Тэднийг оюун сэтгэлгээний талын судлаачид ДООД ТӨРӨЛТӨН гэсэн ангилалд оруулдаг. Эндээс Монголын боловсрол жирийн сайхан монгол хүүхдийг доод төрөлтөнд хөөн оруулдаг ажгуу гэвэл арай хатуудах уу, яах уу? Би үүнийг багш нартай холбож хэлэв ээ. Манай багш нар нэгийг бодох байх аа.
сонин mn

Сэтгэгдэл бичих