Судлаач Б.Галаарид
Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа монгол зурхай, гагцхүү сарын эх, үргэлжлэх хугацаа зэргийг тооцох аргачлал, математик томъёолол нь ялгаатай, түүнээс биш аль аль нь өөрийнхөөрөө зөв гэдгийг зарим нөхөд яагаад олон түмэнд хэлдэггүй юм бол?
Түвэдүүд анхны хаан Nyatri Tsenpo(gNya’-khri btsan-po)-гийн үе буюу нийтийн тооллын өмнөх 127 оноос мөрдсөн өөрийн цаг тоололтой, шинэ жил нь зунаас эхэлдэг байсан. Энэтхэг бярман Chandranath Tsilu Pandit 1025 онд Түвэдэд ирж жарны тооллын системийг танилцуулснаар 1027 оноос түвэд лит буюу Tibetan calendar түүхээ эхэлсэн. Гэхдээ нийтэд дэлгэрээгүй, сүм хийдийн газруудад хэрэглэж байхад нь Хубилай хаан Пагва(1235-1280)-ыг Түвэдийн захирагчаар томилж, түвэд литийг тэндхийн төрийн албан ёсны цаг тоолол болгосноор сая дэлгэрч эхэлсэн. Хөх нуурт төрж, Амдогийн Гонлун хийдийн хамбаар насан элтлээ суусан хошууд аймгийн тайж гаралтай монгол хүн, нэрт соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) түвэд зурхайн 14-15-р зуунд бий болсон пүг, цүр гэх хоёр өөр ёсны шимийг нь авч монгол газрын хуваарьт тохируулсан шинэ зурхай бий болгосон нь “Төгс буянт шинэ зурхай”.
Энэ бол дараа дараагийн олон монгол мэргэд нэмж сайжруулсаар ирсэн жинхэнэ монгол зурхай.
Түвэд зурхайг ба-бэ-гүй хуулаагүй, дээр нь шар зурхай, хар зурхайн зарим элементийг ч ашиглаж баяжуулсан харагддаг. Сарны арвидал, хомсдол буюу тэргэл, битүүнийг гол болгож тооцоолол хийдэг учраас өдөр давхардаж, алгасдаг нь алдаа биш, Сар тодорхой одны ордыг туулан өнгөрөх жигд бус замыг харин ч маш нарийн тооцож чадаж байгаагийн илэрхийлэл юм.
Рабжун буюу жарны тооллыг монголчууд 1027 оноос хэрэглэж эхэлсэн гэдэг бол худал. Түвэдүүд 1027 онд жарны тоолол анх хэрэглэсэн, тэр жил нь туулай жил байсан учраас жарныг туулайгаас эхэлдэг, тэр нь Хятад зэрэг Азийн орнуудын хулгана жилээс жарнаа эхлэн тоолдог системээс 4 жилээр зөрдөг. 1027 онд монголчууд Түвэдээс он тооллын систем авах хэмжээнд ойр дотно харилцаа тогтоогүй байсан болохоор түвэд ёсоор туулай жилээс жарнаа эхлүүлдэг систем Монголд хожим нэвтэрсэн нь тодорхой.
Шар зурхайг хятад зурхай гэж олон хүн боддог. Яг хятад зурхай бол бас биш.
Хятадууд Хань улсын үед зуны тэргүүн сарын шинийн нэгнийг жилийн эх гэж үздэг зурхайтай байсан. Өөр ч олон янзын зурхай бий. Хятадууд Шан (МЭӨ 1600-1046 оны орчим) улсын үеэс билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг “Хаврын баяр” гэж нэрлэн бурхан шүтээн, өвөг дээдсээ тахих ёслол үйлддэг байсан болохоос, жилийн эхлэл гэж тэмдэглэдэггүй байсан нь одоо ч зарим байдлаар ажиглагддаг.
Хубилай хааны үед исламын онуудын зурхайчдыг од эрхэс судлах тоног төхөөрөмжтэй нь Юань хэмээх Их монгол улсын нийслэлд дуудан ирүүлж, хятад, монгол, түвэд зэрэг газар газрын эрдэмтдийг цуглуулан 1278 оны орчим Зурхайн хэргийн хүрээлэн байгуулж, эрдэмтдийн боловсруулсан албан ёсны зурхай, цаг улирлын бичгийг харьяа улсуудын хэлээр хэвлэн түгээж эхэлжээ. Тэгэх явцад 1280 онд Сүн улсын зурхайч Гуо Шоужин(1231-1316) маш сайн цаглабар боловруулж чадсан тул Юань гүрний хэмжээнд төрийн бодлогоор түгээн хэрэглүүлсэн байна. Тэгэхээр манайхан шар зурхайг хятад зурхай гэж үздэг нь буруу бөгөөд тухайн үеийн дэлхийн олон соёл, иргэншлийн мэдлэгт тулгуурлан, Монгол хааны ивээл дор Бээжинд бүтээгдсэн, Хубилайгаас Тогоонтөмөр хүртэлх монгол хаад төрийн үйлд мөрдөж байсан тооллын систем юм.
Их Юань улсын монгол хаадын зарлиг, шийдвэрээр бий болгож, төрийн хэрэгт мөрдөж байсан цаг тооллын систем илүү төгс болсон учраас дараа нь Мин улс (1368-1662), Манж Чин улсууд (1636-1912) хэвээр нь авч хэрэглэсэн. Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн олон орон авч хэрэглэсэн.
Нэг зүйл нэмж хэлэхэд Чингис хаан 1227 онд нас барсан, түүнээс 53 жилийн дараа буюу 1280 онд Шар зурхай зохиогдсон тул уг зурхайг зарим хүмүүс “Чингисийн шар зурхай” гэж нэрлэж байгаа нь бас буруу юм.
Монголчууд эртдээ намар шинэлдэг байсан гэдэг нь Н.Нагаанбуу тэргүүтдийн ярьдаг монгол тооллын систем. Дөрвөн улирлын эхийг өдөр шөнийн тэнцлээр авдаг учраас Өвөл гэхэд европ тооллын 12 сарын 22-нд эхэлнэ. В.Котвич, Г.Н.Потанин нарын судлаачид энэ системийг монголчуудын ардын он тоолол, бөө мөргөлийн зурхай зэргээр нэрлэж байв. Өнгөрсөн зууны эхэн хүртэл ардын дунд тод, бүдгээр уламжлагдан хадгалагдаж байсан тооллын систем. Хамгийн анх, тэгээд ч нэлээд гүнзгий судалсан эрдэмтэн нь В.Котвич. Тэрээр 1924, 1928 онуудад “O chronologji mongolskiej” хэмээх бүтээлдээ монголчуудын уламжлалт тоололд сарыг хэрхэн нэрлэж байсан, жилийн эх хаана байсан зэргийг ордосын монголчууд, халимаг, буриадуудын жишээн дээр түлхүү тайлбарлахыг хичээсэн байдаг. Харамсалтай нь монголчуудын 4 улирлын тайлга тахилгын утга учир зэрэг гол чухал ойлголтуудыг судлаагүй учраас хангалттай гүнзгийрүүлж чадаагүй нь харагддаг. Монгол тоололд анхаарал хандуулсан дараагийн судлаач нь Н.Л.Жуковская. Араас нь нэрлэх хэд хэдэн судлаач бий. Алиных нь ч судалгаа Н.Нагаанбуугийнхад хүрэхгүй.
Энэ мэтийг нуршихын учир нь Төгс буянт зурхай, Шар зурхай, эртний монгол тооллын аль аль нь монголчуудын бүтээл. Хүн төрөлхтний мэдлэгт ийм их хувь нэмэр оруулснаараа бахархах ёстой атал биесээ үгүйсгэн “Зөвхөн минийх үнэн” гэж муудалцаж суугаа нь харамсалтай. Одоо монголчууд нийтээрээ григорийн тооллыг хэрэглэж байна. Мөн хүн амын үнэмлэхүй олонхи нь жилийн эхийг Төгс буянт зурхайгаар гаргаж байна. Уламжлалт монгол толлоороо намар, мөн Шар зурхайн дагуу шинэлж байгаа хүмүүс ч бас бий. Тэгэхээр монголчууд та бид он тооллын хэд хэдэн системийг зэрэг хэрэглэж байгаа ард түмэн гэсэн үг. Алийг чухалд үзэх нь хувь хүний сонголт, бусад нь тэрхүү сонголтыг хүндэтгэдэг байхад л зурхайн тухай хэрүүл тасарчих юм шүү дээ, уг нь.