Ням гарагт 72 хүн тээвэрлэж явсан нисэх онгоц Балба улсын аялал жуулчлалын Похара хотын ойролцоо унаж осолджээ. Онгоц тус хотын шинээр нээгдээд дөнгөж хоёр долоо хонож буй нисэх буудалд газардах гэж байгаад хавцал руу унасан байна. Нийт 68 хүн амь үрэгдсэн нь батлагдсанаар энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд Балбад гарсан хамгийн их хохиролтой осол болжээ.
Харанхуй болсон тул сураггүй алга болсон дөрвөн хүний эрлийн ажлыг түр завсарлаж, Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсон байна. Ослын улмаас гарсан гал түймэр болон тухайн нутагт үүссэн өтгөн манан эрлийн ажиллагаанд саад учруулж буйг эрх баригчид мэдээлжээ.
Онгоц газардах гэж оролдсоныхоо дараа агаарт хүчтэй эргэлдэж, хамраараа газарт хатгаад дараа нь хавцал руу унасныг гэрчүүд мэдээлсэн байна. Осолдсон онгоц Yeti Arilines компанийнх байсан бөгөөд нийслэл Катманду хотоос Похарагийн чиглэлд нисэж байжээ. Аяллын урт ердөө 27 минут юм байна. Уулархаг бүсийн Похарад газраар хүрэхэд хэцүү нөхцөлтэй тул агаарын зам нээжээ.
Хос хөдөлгүүртэй ATR 72 загварын онгоцонд нисэх багийн дөрвөн гишүүнээс гадна 15 гадаадын иргэн зорчиж явсан гэнэ. Тэдгээрийн тав нь Энэтхэг, дөрөв нь ОХУ, хоёр нь Өмнөд Солонгосын иргэд, бас Ирланд, Австрали, Франц, Аргентины тус бүр нэг иргэн байсан байна. Катмандугаас 200 км зайтай оршдог Похара нь Хималайн уулын авиралтын алдартай бүс болох Аннапурнад хүрэх гарц болдог. Похарагийн олон улсын нисэх буудлыг Балбын эрх баригчид Хятад улсаас авсан зээлээр бүтээн байгуулж байжээ.
1992 онд 167 зорчигчтой Пакистаны нисэх онгоц Катмандуд газардах гэж байгаад осолдсон нь үүнээс өмнөх хамгийн их хохиролтой осол байв. ATR 72 бол Францын Airbus болон Италийн Leonardo компаниудын хамтарсан үйлдвэрийн нисэх онгоц юм. Ийм нисэх онгоцыг дэлхийн хэд хэдэн агаарын тээврийн компани дотоодын богино зайн нислэгүүдэд ашигладаг.
Өчигдөр осолдсон нисэх онгоц 15 жилийн өмнө үйлдвэрлэгдэж байжээ. ATR 72 осолдсон сүүлийн тохиолдол 2018 онд Иранд болоход 65 хүн амь үрэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн өндөр 14 уулын найм нь байдаг Балба улсад агаарын тээврийн осол тогтмол гардаг. Уулархаг нутагт цаг агаарын нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж, нислэгт аюултай нөхцөл байдал үүсдэг нь үүнд нөлөөлдөг байна.
1946 оноос хойш Балбад нийт 42 онгоцны осол гарсныг Нислэгийн Аюулгүй Байдлын Олон Улсын мэдээллийн санд бүртгэжээ. Балбын агаарын тээврийн компаниудын аюулгүй байдлын стандарт мууд тооцогддог. Үүний улмаас Европын Холбоо тус улсын компаниудын нислэгийг 2013 оноос хойш өөрийн нутаг дэвсгэрт хориглоод байгаа юм.
??⚡At least 32 people have died in a #Yeti plane crash at Pokhara Airport in Nepal, according to local media, the number of injured is still unknown. There were 72 people on board including 10 foreigners and 4 crew.
The plane crashed during takeoff. Rescue work continues. pic.twitter.com/x6cFPMt9Hg
— Megh Updates ?™ (@MeghUpdates) January 15, 2023
Эх сурвалж: Reuters