УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Өчигдрийн шүүх хурлыг харахад уг хэргийг авлигын бус татвараас зайлсхийсэн асуудал мэт ойлгуулахаар боллоо.
Яагаад авлигын асуудал вэ гэдгийг тайлбарлая. Энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан зохицуулдаг. Доор нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга нь М.Цогт гээд саяхан ОХУ-аас ирсэн залуу ажилладаг. Энэ нь С.Батдөлийн дээд албан тушаалын дарга юм.
Энэ хоёр хүнтэй нэг удаа уулзахад надад “Баяраа дарга аа, ачаа тээвэр хариуцдаг тээвэр зуучийн компаниуд чинь оочероо хоёр гурван хүнд зэрэг зарчихаад асуудал гарахаар нь Д.Амарбаясгалан даргын вагон гэж нэр зээлдэж хүний нэр төрд халдаж байна. Яах ёстой вэ” гэж хэлж байсан удаатай. Үүнийг зохицуулах ёстой УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга нь уг асуудлаар шалгагдаад эхлэнгүүтээ татвараас зугтаасан болж хувирах гээд байгаа нь шүүх хяналтын байгууллага татагдан орсон асуудал байх вий. Иймд УБТЗ-ын дээд албан тушаалтнуудыг шалгах шаардлагатай" гэв.
БНХАУ 2022 оны есдүгээр сараас хойш хоногт 14 галт тэрэг солилцож эхэлжээ. Ингэснээр ачаа, нүүрсний экспорт ихээхэн өссөн ба нүүрс тээвэрлэдэг хагас вагоны эрэлт өссөн байна. Нүүрс тээврийн үнийг чөлөөлж, тарифыг нэмбэл УБТЗ-ын бодит орлого өсөж, ажилчдын цалинг нэмэх боломжтой. 16 мянган хүн төмөр замын тээврйг тасралтгүй, аюулгүй явуулахад хүчин чармайлт гарган ажилладаг гэдгийг тус холбооноос онцолсон юм.
Тарифын бодлогын талаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг "Энэ оны эцэст 34.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг ажилчдад замын захиргааны зүгээс мэдэгдэл хүргүүлсэн. БНХАУ-тай солилцох галт тэрэгний тоо болон хагас вагоны хангалт нь экспортын эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалан далд эдийн засгийн буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа.
Энэ асуудал нь хувь хүнд асуудал байна уу, тогтолцоон асуудал байна уу, далд эдийн засаг дахь авлигын мөнгийг нь хэрхэн төмөр замын орлого болгож, тэрхүү орлогоор төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчлэх, нийгмийн асуудал, технологийн шинэчлэлийг хийх вэ гэдэг өнөөдөр хамгийн чухал асуудал болоод байна. Тээврийн хөлсөнд өгч байгаа мөнгөний хэмжээнээс илүү авлигад өгч буй мөнгөний хэмжээ нь хэд дахин их байгаа нь тээврийн хэт бага байгааг нотлон харуулж байна.
Иймээс Монгол Улсын Засгийн газраас экспортын тарифын үнийг чөлөөлөх, тээвэрт ашиглагдаж буй хагас вагоны хангалт нь эрэлтийг гүйцэж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулах эрх зүйн орчныг бий болго. Мөн төмөр замын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг тээвэр /Зорчигч тээвэр, дотоодын ачааны тээвэр/-ийн алдагдлыг бууруулах талаар бодитой арга хэмжээ авахыг хүсэж байна" гэв.
"УБТЗ-Д 2021 ОНООС ХОЙШ УДИРДАХ АЖИЛТНЫ ТОО 20 ГАРУЙГААР НЭМЭГДСЭН. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ШУДАРГААР ЯВАГДДАГГҮЙ"
Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны талаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөх Б.Энхтөгс "УБТЗ-д 2021 оноос хойш удирдах ажилтны тоо 20 гаруйгаар нэмэгдсэн. Эдгээр удирдах ажилтны цалин хөлс, хангамж, өрөө тасалгааны тохижилтод эдийн засгийн хямрал үнийн өсөлтийн үед зардал нэмэгдүүлсээр байна.
Ажлын хүндийг нугалдаг ажилтнуудаас илүү удирдах газрын орон тоо данхайж байна. Үүнээс болж жирийн ажилтнууд болон салбар нэгжийн ажилтнуудын ажлын ачаалал зохиомлоор нэмэгдэж байгаа.
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд ялангуяа удирдах ажилтнуудын хувьд ил тод нээлттэй шударга зохион байгуулах шаардлагатай байна. Өнөөдөр сонгон шалгаруулалт шударгаар явагддаггүй" гэв.