Улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 801,765 иргэн хамрагдаад байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ, "Хамрагдсан иргэдийн 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 48.9 хувь нь Улаанбаатар хотод, 51.1 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 68.7 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд, 31.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд өмнө нь харьцангуй өндөр хамрагдаж байсан бол орон нутгийн иргэд одоо илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг дээрх тооноос харж болно.
Эрт илрүүлэг үзлэгийн мэдээллийг аймгуудаар харьцуулж үзэхэд Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 33,283 буюу 4.3 хувь, Орхон аймаг 28,709 буюу 3.7 хувь, Хөвсгөл аймаг 27,729 буюу 3.5 хувь, Сэлэнгэ аймаг 25,357 буюу 3.2 хувь, Төв аймаг 23,211 буюу 3.0 хувь байгаа нь бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр хамрагдалттай байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хүн амын 25 орчим хувь нь хамрагдаад байна. 5 хүртлэх насны хүүхдийн 32.7 хувь, 6-17 насны хүүхдийн 51.0 хувь, 18-30 насны залуучуудын 9.9 хувь, 31-45 насны хүн амын 9.8 хувь, 46-60 насны 13.8 хувь, 61-ээс дээш насны хүн амын 17.6 хувь хамрагдсан байна.
Хамрагдсан иргэдээс өвчлөлийн 459,688 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 57.3 хувь нь эмэгтэй, 42.7 хувь нь эрэгтэйчүүд байна. Өвчлөлийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 8.7 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 7.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 6.5 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.1 хувийг эзэлж байна" гэв.
Түүнчлэн 17 хүртэлх насны хүүхдийн дунд өвчлөлийн 214,096 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 154,271 буюу 72.1 хувь, шүдний гажиг 6,223 буюу 2.9 хувь, нүдний хараа алдах 2,757 буюу 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 127 354 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байгаа аж.