Астрономичид амьдралын мөчлөг нь дуусаж буй од руугаа улам бүр татагдаж, ирээдүйд мөргөлдөх нь тодорхой болсон харь гарагийг анх удаа нээжээ.
Эндээс тэд манай дэлхий ирээдүйд ингэж төгсөх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна. Даваа гарагт “The Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг голдуу АНУ-ын эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг гүйцэтгэжээ.
Судалгаанд өгүүлсэн Kepler-1658b гараг нь нарны аймгийн гадна, дэлхийгээс 2,600 гэрлийн жилийн зайд оршдог юм байна.
Бархасбадь гарагтай ойролцоо хэмжээтэй уг гарагийг эрдэмтэд “халуун Бархасбадь” гэж нэрлэжээ.
Учир нь нар, Буд гарагийн хоорондох зайнаас найм дахин бага зайд уг гараг одоо тойрон эргэдэг тул маш халуун юм байна.
Kepler-1658b гараг гурав хоног хүрэхгүй хугацаанд одоо нэг бүтэн тойрдог бөгөөд энэ хугацаа нь жил бүр 131 миллисекундээр богиносож байгаа ажээ.
“Хэрвээ ингэж улам ойртсоор байвал гурван сая хүрэхгүй жилийн дараа энэ гараг одтойгоо мөргөлдөнө. Насжиж буй од руу гараг нь татагддаг болохыг анх удаа бид шууд баримтаар баталлаа” гэж судалгааг ахалсан Харвард-Смитсоний Астрофизикийн Төвийн эрдэмтэн Шреяас Виссапрагада тайлбарлаж байна.
Kepler-1658b гарагийн од нь “subgiant” гэгддэг амьдралынхаа сүүлчийн шатанд орсон тул улам өргөжиж, тодорч байгаа юм байна. Үүний улмаас од ба гарагийн массын харьцаанд өөрчлөлт гарч, хоорондоо татагдах үзэгдэл эхэлсэн юм байна.
Манай дэлхийн далай тэнгисийн ус сарны татах хүчний нөлөөгөөр хэрхэн татарч, түрдэгтэй ижил үйл явц дээрх гараг дээр явагдаж, тойрог зам нь улам богиносож байгаа ажээ.
Жишээлбэл сар дэлхийгээс маш удаанаар холдож байгаа тул татах хүч нь ингэж нөлөөлдөг байна.
“Оддын мөхөл олон гараг ертөнцийн хувь заяаг шийддэг гэж үзвэл манай дэлхийг бас хэдэн тэрбум жилийн дараа ийм тавилан хүлээж байж болзошгүй юм” гэж судалгааны дүгнэлтэд өгүүлжээ.
Виссапрагада таван тэрбум жилийн дараа нар амьдралынхаа сүүлчийн шатанд шилжинэ гэж үзэж байна. Энэ үеэс эхлэн манай гараг нар руу татагдаж эхлэх боломжтой ч “дэлхий эцэстээ яаж төгсөхийг шууд тааварлан хэлэх боломжгүй” гэж тэр тайлбарлажээ.
Kepler-1658b гараг нь 2009 онд сансарт хөөргөсөн Kepler телескопын илрүүлсэн анхны харь гараг юм байна.
Гэхдээ уг гараг үнэхээр оршдогийг батлахад эрдэмтэд дахиад арав орчим жилийг зарцуулж байжээ.
Эх сурвалж: AFP