Б.Түвшинжаргал: Дизель түлшний 21 хоногийн нөөцтэй болсон, цаашдаа ч нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

оруулсан Алсын Хараа

- ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 21 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БОЛСОН ГЭВ -

Дизель түлш нийслэл орон нутагт аль алинд нь хомсдол үүсээд багагүй хугацаа өнгөрсөн.

Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн бүсэд дизель түлшний нөөцгүй болсон нь хүндрэл учруулж эхлээд байв. Нүүрс тээврийн компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болж, дизель түлш хомсдоод зогсохгүй олдсон нь литр тутам нь 5,000 төгрөгт хүрч байгааг орон нутгийнхан хэлж байв.

Түүнчлэн нийслэлд ч ялгаагүй ШТС-уудад тасарсан хэрнээ шагийн түлш энд тэндгүй худалдаалсаар байсан юм. Бид энэ талаар тогтмол сурвалжилга, ярилцлага бэлтгэн хүргэсээр байгаа.

ПЕТРОВИС: 13 ШТС-ААР ДИЗЕЛЬ ТҮЛШИЙГ ХУДАЛДААЛЖ БАЙНА

Энэ долоо хоногт нөхцөл байдал ямар байгаа талаар нефть импортлогч компаниудтай холбогдон тодрууллаа. Ялангуяа дизель түлш худалдаалж байгаа ШТС-ууд хаана ямар байршилд байгааг мэдээлэхийг хичээв.

“Петровис" компанийн борлуулалтын менежер н.Мөнх-Оргил "Манай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд тасалдал үүсээгүй. Бид хэвийн үед ямар хэмжээгээр нөөцөө бэлддэг байсан тэр нөөцөөрөө л явж байсан. Гэвч улсад гаднаас нийлүүлж байгаа нөөцийнх нь хэмжээ багассан. Тэгэхээр бусад компаниудын нөөц ч багасаж таарна шүү дээ.

Ингэхээр яалт ч үгүй эрэлт бий болно. Зэргэлдээ хоёр ШТС байлаа гэхэд нэг нь байхгүй бол нөгөөхөөс нь худалдаа хийх эрэлт өснө. Ийм шалтгаанаар манай худалдан авалт нэмэгдсэн. Бид тээврээ гүйцэхгүй байсан. Хамгийн гол нь аюулгүйн нөөц болох эмнэлэг, цагдаа, онцгойгийн хэрэглээг таслахгүйн тулд өдөр бүр 500-1,000 литр түлшийг үлдээж дараагийн орлогод шилжүүлж байсан.

Өнөөдөр ч манай ШТС-ууд хэвийн түгээж байгаа. 13 ШТС-аар дизель түлшийг худалдаалж байна. Удахгүй есөн ШТС-д нэмж бууна" гэв.

ШУНХЛАЙ: ХОТЫН ТӨВ БОЛОН ЗҮҮН ХЭСГЭЭР ХЭВИЙН ОЛГОЖ БАЙГАА

Тэгвэл “Шунхлай" компанийн борлуулалтын менежер "Дизель түлшний нийлүүлэлт бага байгаа. Өдөрт 2-3 вагон л орж ирж байна. Тийм болохоор бид бүрэн хүчин чадлаараа 24 цагийн турш худалдаалж чадахгүй байгаа. Ялангуяа хотын баруун чиглэлд нэлээд эрэлттэй байдаг юм байна. Нийлүүлэлт хийлээ, удахгүй дууссан мэдээлэл ирдэг. Харин хотын төвөөр болон зүүн хэсгээр хэвийн олгож байгаа" гэв.

Бусад компанийн хувьд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.

Дизель түлшний нөөц болон цаг үеийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний хэлтсийн дарга Б.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

- Дизель түлшний нөөц юу болж байна вэ?

- Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 21 хоногийн нөөцтэй болсон.

- БНХАУ болон ОХУ-аас ачигдсан дизель түлш ирсэн үү?

- Ирж байгаа. Тасралтгүй орж ирсээр байгаа. Одоо цаашид хэвийн болно. Ер нь яагаад тасалдах шалтгаан үүссэн бэ гэвэл манай улс сард 80-85 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 45,000 тонныг нь ОХУ-ын нефть, үлдсэн 35,000 тонн бусад компаниуд нийлүүлдэг.

Гэтэл бусад компаниудын хомсдолоос болоод нийлүүлж чадахаа больчихсон. Ангарск нь бас хэмжээгээ багасгаад цаанаасаа татдаг болоод явдал, зай нь холдоод татан авалт удааширсан. Гэтэл манай ердийн хэрэглээнийхэн өдөрт 20,000 төгрөгт авдаг байсан бол ховордох сургаар 100,000 төгрөгт авдаг болоод хомсдол үүсгэчихсэн. Одоо бол тогтворжсон.

Сая Хятадаас 280 вагон "Евро-5" авлаа. ОХУ-ын нийлүүлэлт ч тогтворжлоо. Сая төмөр замын асуудал гацаад байсныг бүгдийг шийдлээ. Өмнө нь хоногт 20, 30 вагон түлш орж ирдэг байсан бол одоо 100 вагон түлш орж ирж байна.

- Шатахууныг боломжтой нэг нь чөлөөтэй оруулж ирэх тухай асуумаар байна. Заавал наана нь олон төрлийн шат дамжлага гэхгүйгээр үндсэн том лабораториор оруулаад шаардлага хангавал худалдаалж болдог эрхийг олговол ямар вэ. Тэгвэл өнөөдрийн хомсдол, үнийн хөөрөгдөл буурах биш үү?

- Нефтийн бүтээгдэхүүн чинь онцгой бараа бүтээгдэхүүн. Тэсэрч дэлбэрэх аюултай. Стандарт шаардлага нь өндөр, хэн дуртай нь оруулж ирээд байх боломжгүй. Тиймээс яамнаас импортлох, худалдах, жижиглэнгийн худалдаа хийх тусгай зөвшөөрлийг яам олгодог.

Тэсэрч дэлбэрэх аюултай онцгой бараа бүтээгдэхүүн учраас аюулгүй ажиллагааны нарийн стандарт бий. Түүнийг нэлээд сайн үзэж харж шалгаж байж зөвшөөрлөө олгодог. Дурын хүн оруулж ирээд дэлбэрэх тэсрэх, алдаж асгах гэх мэт олон сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй.

- Тэгвэл өнөөдрийн нефть импортлогчид эрэлтийг бүрэн хангаж чадаж байгаа юу?

- Хангалтай. 100 гаруй компани оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй.

- Дизель түлшний импортын эх үүсвэрийг нэмэх талаар ямар байр суурьтай байна вэ. Хоёрдогч, гуравдагч хөрш улсаас авдаг байх хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа шүү дээ?

- ОХУ-аас яагаад түлхүү аваад байна вэ гэхээр манай Засгийн газар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацааны гэрээ хийчихсэн.

Жишээ нь, АИ-92 гэхэд 830 ам.доллароор, дизель түлшийг 10 хувь хөнгөлөх зэргээр нэлээд хөнгөлөлттэй нөхцөлөөр авчихсан. Хоёрт, 45 хоногийн дотор төлбөрөө цувуулж төлж болдог. Тэр нь манай импортын компаниудад давуу.
Яах вэ, БНХАУ-аас авч болно. ОХУ-аас одоо бидний авч байгаа нь "Евро-2" шүү дээ. Тэгвэл Хятадаас "Евро-5" гээд арай үнэ өндөр үнэтэйг авах хэрэгтэй болно. Тэд төлбөрөө 100 хувь төлсний дараа ачуулдаг. Тэгэхээр манай компаниудад нэлээд хүндрэл үүсгэдэг.

- Ер нь цаашид нэмэх шаардлагатай биз дээ?

- Мэдээж шаардлагатай. Гэхдээ бид хоёр л улстай хиллэж байна. Жишээ нь, Казахстанаас авъя гэхээр ОХУ-ын нутгаар дамжиж таарна. Дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Бид мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч улс гэхээр энэ хоёр улсын нутгаар дамжих болчхоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих