Г.Аюурзана: Монгол үндэстэн гурван улсад хуваагдсан ч Монгол хэлээрээ ойлголцож байгаа нь Чингис хааны гавьяа

оруулсан Алсын Хараа
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Зохиолч, яруу найрагч Гүн овогт Г.Аюурзанийн баярын сэтгэгдлийг товчхон хуваалцлаа.
Бид Эзэн Богд Чингис хааныхаа мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдрийг хэлбэр талаас нь сайн тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл агуулга талаас нь энэ баярыг хэрхэн тэмдэглэвэл зохих вэ?
Агуулга талаас нь харвал нилээн гүнзгий баяр юм. Нилээн гүнзгий зүйл ярина. Чингис хаан ямар гавьяа байгуулсан юм бэ? Монгол үндэстнийг нэгтгэсэн гэдэг нь оюун санааны хувьд яг юу байсан юм гэдгийг эргэж харах хэрэгтэй. Миний ойлгодгоор Чингис хааны хамгийн гол зүйл бол улсын бичгийг тунхагласан.
Чингис хаан Монгол үндэсний бичгээ улсын бичгээр зарлигаар зарлаад, Монгол бичиг дээр суурилсан монгол бичгийн уран зохиолын хэлийг бий болгосон. Энэ бол Чингис хааны түүхэн гавьяа.
Монгол овог аймгуудыг зүгээр л нэгтгээд орхисон бол амархан задрах байсан. Гэтэл оюун санааных нь хувьд нэг хэл, бичигтэй, хэзээ ч салшгүй болгож зангидсан. Өнөөдөр Монгол үндэстэн гурван улсад хуваагдсан байгаа ч гэсэн Монгол хүн Монгол хэлээрээ яриад нэгдэж, ойлголцож чаддаг байгаа нь Чингис хааны гавьяа. Энэ бол оюун санааны нэг тал. Магадгүй дэлхийн талыг эзэлсэн гэдгээс илүү чухал зүйл байх. Бид нар түүхээсээ ямар учраас Монгол хүн, Монгол үндэстэн тухайн үедээ ялгарч гарч ирж чадсан юм бэ гэдгээ дахиад харах хэрэгтэй. Энэ бүгдийг бид ямар нэгэн цэрэг дайны түүхээр бус сэтгэлгээний, оюун санааны цаад уг уурхай нь юу байсан бэ гэдгээр харах юм бол агуулга нь гарч ирнэ. Тэгэхээр Монгол бахархлын хамгийн зөв утга учир нь тэр оюун санаандаа юм байна л гэж бодож байна.
Ч.Явуу

Сэтгэгдэл бичих