Боловсролын салбар дахь авлигын эрсдэл, авлигаас ангид боловсрол “Ёс зүй ба шударга байдал” хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын байранд боллоо. Уг хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, багш буюу боловсон хүчний ёс зүйг сайжруулах асуудлын хүрээнд болсон юм. Боловсролын салбар дахь авлигын суурь болж буй асуудлын нийтлэг хандлага нь танил тал, хувийн ашиг сонирхол, уламжлалт сэтгэлгээ зэрэг зүйл нөлөөлдөг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн нийт тоо 121,411. Түүнээс төрийн өмчийн цэцэрлэгт 91,736 хүүхэд хамрагдсан, хувийн өмчийн цэцэрлэгт 29,675 хүүхэд байдаг. 2022 оноос цэцэрлэгт элсүүлэх үйл явцад тойргийн бодлогыг хатуу барьсан боловч тойргийн бусаар элссэн элсэгч 23 хувьтай байсаар л байгаа юм.
Боловсролын салбартай холбоотой АТГ-т ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 50-аас дээш хувь нь гэмт хэргийн шинжтэй байна. Тухайлбал, 2020-2021 оны байдлаар гэмт хэргийн шинжтэй гомдол,санал 173, 2022 оны нэгдүгээр улиралд 26 гомдол ирүүлсэн. Гэмт хэргийн шинжгүй гомдол 2022 оны нэгдүгээр улиралд 48, 2020-2021 онд нийтдээ 341 байна.
2018-2022 онд ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын салбар дахь ажилчдын 1654 хүнээс 942 хүнийг шийдвэрийн дагуу ажил, мэргэжлийн байрыг нь сольжээ. Үүнээс 22 хувь нь ажилтны хүсэлтээр, 16 хувь нь тэтгэвэрт гарсан, 10 хувь нь өөр албанд томилогдсон, 52 хувь нь бусад шалтгаанаар байдаг байна.
Мөн 2020-2021 онд боловсролын салбарын захирал, удирдах албан тушаалтнуудыг ихээр сольсон. Боловсролын салбарт ажилладаг нэг хүн ямар нэгэн асуудал гаргахад нийгэм тухайн салбарыг нийтээр нь тийм юм шигээр хардаг" хэмээн ярилаа.
АТГ-ын судалгаа шинжилгээний алба дарга, комиссар Ц.Шинэбаяр "Авлигад хамгийн ихээр өртсөн салбар дундаас боловсролын салбар тэргүүлж байна. Учир нь боловсролын салбар дахь авлигын индекс 70.7 хувийн үзүүлэлттэй гарсан. Боловсролын салбар дахь асуудлаар АТГ-т нийт ирүүлсэн өргөдөл гомдол 2021 онд 7.5 хувийг, 2022 онд 9.7 хувийг эзэлсэн.
Боловсролын бодлого болоод түүнийг хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал авлига авах нөхцөлтэй уялдаатай байгаа юм. Хүнийг ёс зүйтэй төлөвшүүлж чадахгүй байгаа учраас нийгэм тэр чигтээ ёс суртахуунгүй болж байна. Энэ асуудалд ганц боловсролын салбар буруутай биш" гэв.