Б.Лхагвасүрэн: Оны эцэст эдийн засгийн өсөлт 3 хувьд хүрэх төсөөлөлтэй байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын эдийн засагт гадаад орчны таагүй нөхцөл байдал нөлөөлж байгаа ч энэ оны эцэст эдийн засгийн өсөлт 3, ирэх онд 4-5 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл төслийн хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ тэмдэглэсэн юм. Тэрбээр, “Инфляц 13.2 хувьтай байгааг 2023 онд 1 оронтой тоонд тогтворжуулах бодлого барьж байна. Уул уурхай, барилга, тээвэр ложистикоос бусад салбарт эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч оны эхнээс валютын орох урсгал саарч, төлбөрийн тэнцэл алдагдаж, экспортоо хүссэн хэмжээгээрээ хийж чадахгүй байна. ГЕГ-ын мэдээлэл болон банкаар дамжин орж ирсэн валютын урсгалд 2.3-2.5 тэрбум ам.долларын зөрүү үүссэн нь валютын орлого бараа бүтээгдэхүүнээр орж ирж байгаатай холбоотой”-г онцлов.

Түүнчлэн, ирэх онд макро эдийн засгийн бодлогод анхаарч, дунд, урт хугацаанд аж үйлдвэрийн боловсрулалтын шат дамжлагыг ахиулах шаарддагатайг тусгажээ. Тодруулбал, манай улс жилд самнасан 10 мянган тонн ноолуурынхаа 7 мянгыг нь түүхийгээр экспортолж, 3 мянган тонноор нь бүтээгдэхүүн хийдэг. Иймд ноолуураа ахисан түвшинд боловсруулах тухай олон улсын байгууллагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж.

Гадаад худалдааны экспортын 93 хувийг уул уурхай бүтээгдэхүүн, 6 хувийг аж үйлдвэрийн бусад салбар эзэлдэг байна. Уул уурхайн салбар давамгайлсан бодлогын дүнд нэг салбараас хамааралтай эдийн засагтай болно. Иймээс бусад салбарын экспортыг нэмэх, бүтээн байгуулалтыг аль болох гадаад эх үүсвэрт тулгуурласан байдлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэйг хэлэлцүүлгийн үеэр ярьж байв.

Гадаад нөхцөл байдал, тээврийн зардалтай холбоотой байдал нь инфляцын 50-60 хувьд нөлөөлж байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гарсан, гурилын үнэ өссөн зэрэг нь инфляцыг 2 хувиар нэмэх нөхцөл бүрдүүлж байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тэмдэглэлээ. Тэрбээр “Улирлын шинж чанартай бараа бүтээгдэхүүний үнэ инфляцид хамгийн их нөлөөлдөг тул нийлүүлэлтийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв төсвийн зардлыг тэлж, гадаад үнэ, тээвэр, газрын тосны үнэ, нэрлэсэн цалин нэмэгдэж, зээлийн хэмжээ өсөхгүй байвал инфляц 8 хувьд буух бус 17-18 хувьд хүрэх магадлалтай”-г хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих