ТӨСӨВ-2023: Хүүхдийн мөнгийг эдийн засгийн ангилалд оруулан төсөвт бүрэн тусгая

оруулсан Алсын Хараа

Ирэх оны улсын төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байна. Төрийн ордонд болж буй “Төсөв-2023” хэлэлцүүлэгт оролцогч зарим хүний санал, байр суурийг хүргье.

Г.Батдорж: Хүүхэд хамгааллын төсвийг танахгүйгээр үлдээж өгөхийг хүсч байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд улсын хэмжээнд байгаа түр хамгаалах 33 байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 4500 иргэн үйлчлүүлсэн. Үүний 3 мянга нь хүүхдүүд байсан. Энэ тоо энэ онд буураагүй, 15-20 хувиар нэмэгдсэн.

Тиймээс ирэх оны төсөвт хүүхэд хамгаалалд зарцуулах хөрөнгийг бууруулахгүй байх, бусад орны жишгээр хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг бид УИХ-ын байнгын хороо болон холбогдох яам, газруудад тавьж байна. Хүүхэд хамгааллаас гадна ялангуяа гэр бүл рүү чиглэсэн соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, үүнд түлхүү зарцуулах хэрэгтэй байгаа гэв.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, ингэхгүй бол манай улс хүний хөгжлөө орхигдуулсан орон болон хувирч, эрсдлийг араас нь нөхөж ажилладаг болох нь гэж байлаа. Монгол Улсын нийт 3.4 сая хүн амын 1.3 сая нь буюу 30 гаруй хувь нь хүүхдүүд байдаг. Хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээ тэдний дөнгөж 30 хувьд хүрдэг. 70 хувь нь хөгжлийн гадна үлдэж байгаа нь Монгол Улс “Алсын хараа-50” хөгжлийн бодлогод туссан хүн амын хөгжил, хүүхдэд хамгааллын талаар тавьж буй зорилтдоо хүрэхэд томоохон бэрхшээлтэй учрахаар болоод байгааг хэллээ.

Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын төсвөөс 1.6 тэрбум төгрөг танахаар тусгаад байна. Мөн энэ онд төсөвт 2.1 тэрбум төгрөг суулган хуваарилаад байгаа хүүхэд харах үйлчилгээний төсөв 80 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдаж, ирэх онд энэ төсөв орон нутагт нэмэгдэхээр байгааг хэллээ. Учир нь БШУЯ нийслэлд сургуулийн өмнөх боловсролд анхаарч дүүргэлтийг нэмэгдүүлэх гэж байгаа тул хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо хөдөө, орон нутагт нэмэгдэхээр байгаа аж. Улсын хэмжээнд хүүхдийн асуудал хариуцсан 100 орчим алба хаагч, ажилтан ажиллаж байна гэв.

М.Оюунчимэг: Төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө хэлэлцүүлэх нь илүү үр дүнтэй болно

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монголын парламент анх удаа улсын төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байгаа нь хүн бүрд хамаарах чухал үйл ажиллагаа болж байна. Уг нь Засгийн газар УИХ-д өргөн барихаасаа өмнө ийм хэлэлцүүлгийг зохион байгуулж байвал хаана, хэдий хэмжээний төсөв шаардагдах нь гээд хөрөнгө мөнгөтэй асуудал нь илүү шийдэгдээд явах болов уу гэж хардаг.


Тиймээс дараагийн удаад төсвийн төслийг УИХ дээр орж ирэхээс өмнө нэг хэлэлцүүлээд, УИХ дээр орж ирсний дараа иргэд, олон түмний санал тусгагдсан эсэхийг нь парламент нь өөрөө хянаад явдаг болбол илүү боловсронгуй болно.

Иргэдээс ирүүлж буй зарим саналыг харж байхад Засгийн газар ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс нэг их наяд төгрөг хэмнэнэ гэж байгаа ч эрүүл мэндийн салбараас хэмнэх шаардлагагүй гэдгээ илэрхийлж байна. Төр өөрөө хэмнэх санаачилгыг гаргаж байгаа нь нэг талаас маш чухал ч, нөгөө талаас юуг хэмнэх, юунд илүү төсвөө зарцуулах гэдгийг хүн амын эрүүл мэнд, улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс авч үзэн, хүнс, эрүүл мэндийн салбаруудын төсөв, санхүүжилтийг эргэн харахыг иргэд хүсч байна гэв.


Тэрбээр энэ талаар 2013 оноос хойш нэг ч хөрөнгө оруулалт, шинэчлэл хийгдээгүй ирсэн, өнөөдөр техник, технологи нь гацан зогсчихоод байгаа, Монголд цорын ганц байдаг Эмийн шинжилгээний лабораториор жишээ татаж байлаа. Энд оруулах 5.7 тэрбум төгрөгийг тэрбээр, энэ бол шинэ хөрөнгө оруулалт биш, зайлшгүй хийх ёстой хөрөнгө юм гэдгийг онцолж байлаа.

 

С.Цэрэнпүрэв: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамж гэсэн ангиллаасаа гарган эдийн засгийн ангилалд оруулан төсөвт тусгах хэрэгтэй

“Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, өнөөдрийн хэлэлцүүлэгт Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр олгох хэрэгтэй байна гэсэн саналаа хэллээ. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, түүнчлэн олон улсын болон Монгол Улсын хууль эрх зүйгээр бол манай улс хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг болно гэдгийг шийдвэр гаргагч нар анхаараасай гэлээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нялх болон насанд хүрээгүй хүүхэд, баталгаатай гэр бүлээс гарсан болон бутач хүүхэд ч бай төрөөсөө, нийгмийн онцгой тусламж, туслалцаа авах эрхтэй байгааг заасныг дурдлаа. Энэ нь хүүхэд бүр нийгмээсэ адил тэгш хамгаалалт авах эрх юм гэдгийг тодотголоо.

Тэрбээр ингэж хэлэхдээ, Хүүхдийн мөнгийг халамж гэсэн ангиллаасаа гаргаж, Эдийн засгийн ирээдүйн хөрөнгө оруулалт гэдгээр эдийн засгийн ангилалд оруулж, “Хүртээмжтэй эдийн засгийг хүртээж байна” гэсэн үзэл баримтлалаар байгалийн баялгаасаа хойч үедээ зарцуулах хэрэгтэй байна гэсэн зарчмын саналыг дэвшүүлэв. Хүүхдийн мөнгийг ингэж шийдэж өгвөл олон улсад үүнийг халамж хэмээн үзэхгүй гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих