Чингис хаан оюуны итгэлцүүрээр "Аугаа суут" зэрэглэлд багтжээ

оруулсан Алсын Хараа

Монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан бол Их Эзэн Чингис хаан юм. Дэлхийн талыг эзэлж Монгол хэмээх нэрийг цуурайтуулж, түүхийн хоёр дахь мянганд ч түүний үйл хэргийг олон орны судлаачид түүчээлэн хэлэлцсээр байна. Үйл хэрэг, гавьяа зүтгэл, төрсөн гал голомт, Монгол төрийг залгамжлан, туурга тусгаар улсын ёсоор оршиж буй Монгол Улс Их Эзэн Чингис хааныхаа нэрээр дэлхийд чимээлдэг.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭДТЭЙ ХАМТРАН СУДАЛНА

Эдүгээ их Монгол Улсыг үндэслэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхт ойг угтан Монгол Улс Эзэн Чингис хааныхаа алдар гавьяа, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг судлан шинжлэх, сурталчлан таниулах, мөнхжүүлэх зорилгоор олон бүтээлч ажлыг зохион байгуулж, их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа юм.

Сүүлийн үед дэлхийн олон орны архив, номын сангуудад хадгалж буй баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг судалж, нийтлүүлэх ажил идэвхтэй өрнөж Эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг шинээр туурвих нөхцөл боломж улам нэмэгдсээр байна. Түүгээр ч зогсохгүй, манай судлаачид гадаад орнууд дахь Монголын эзэнт гүрэнд холбогдох археологийн дурсгалыг тухайн улсын эрдэмтэдтэй хамтран судлах ажлын эхлэлийг  тавьж буй юм.

Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад XIII-XIV зуунд Ази, Европыг дамнасан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн төдийгүй энэ нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүйг шинжээчид онцолсоор ирсэн.

ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ”-ЫГ ГУРВАН ЖИЛ ТУТАМД ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгчид Их Эзэн Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсэн. Энэ дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв болон Улаанбаатар хотноо Чингис хаан музейг байгуулахаар ажиллаж байгаа юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их Эзэн Чингис хааны судлалыг нягтруулж, дэлхий нийтэд сурталчлан таниулах, мөнхжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Тэрээр энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг санаачилан өнгөрөгч наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Цогц арга хэмжээний хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тодруулбал “Монголын түүх, угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”, “Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” зэрэг сэдвийн хүрээнд 15 орны 155 судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Улмаар дээрх чуулганаар “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар эрдэмтэн судлаачид саналаа нэгтгэсэн юм. Түүнчлэн Монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ тухай монголч эрдэмтэд монголчууд эх түүхээ эргэн санах, үндэсний бахархлыг өвлүүлэн үлдээхэд түүхэн ач холбогдолтой төдийгүй өвөг дээдэс ураг төрлөө танин мэдэхэд ач тустай гэдгийг онцолж байсан юм.

                                    МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ТАЙЛБАР ТОЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц  арга хэмжээ нь Эзэн Чингис хаан хүн төрөлхтөнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг үнэн зөвөөр нь тунгаах, өмнө нь гарч байсан үзэл суртлын зөрүүтэй түүх, судалгааг залруулах боломжийг олгож буйг эрдэмтэд тодотгосон. Түүнчлэн Монголын эзэнт гүрнүүд дан ганц дайн байлдаан хийж байсан гэдгээр дөвийлгөн гуйвуулдаг. Чингис хааны бүтээсэн үйл хэргээс гадна түүний залгамжлагч болсон Эл хаан, Алтан орд, Юань гүрэн гээд  эзэнт гүрнүүдийн түүхийг судалж шинээр бичих шаардлага байгааг монголч эрдэмтэд ярьж байв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын нууц товчооны тайлбар толийн ажлыг эхлүүлж байгааг салбарынхан олон улсын хурлын үеэр тодотгосон. Үнэндээ Монголын нууц товчоог олон эрдэмтэд судалсан ч газар нутгийн нэрс болон  нууц товчоог өөр, өөрсдийнхөөрөө улс төр болоод үзэл бодлын зорилгоор тайлбарласан байдаг. Тиймээс үүнийг цэгцэлж нэгдсэн ойлголтод хүргэхэд нууц товчооны тайлбар толь тодорхой хувь нэмэр оруулна хэмээн дүгнэж байна. Монголын үе, үеийн түүхийг үнэн зөвөөр нь бичихэд Дэлхийн Монголч эрдэмтдийн оролцоо чухал бөгөөд сүүлийн үед Монгол Улсын түүхийг судлах залуу эрдэмтэд түрэн гарч ирж байгааг хурлын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэмдэглэж байв. Тэрбээр гадны улс орнуудад Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг сэргээснээр Монгол судлалд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.

“Цаашдаа Монгол гүрний түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол Улс төдийгүй дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ үйлсэд  ялангуяа Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан бүс нутаг, улс орнуудын эрдэмтдийн хамтын ажиллагаа чухал бөгөөд эрдэмтэд хүчээ нэгтгэснээр Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг бүрэн гүйцэд судалж чадах юм” хэмээн хурлын төлөөлөгчид онцолж байв.

ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХОЛБООГ  

МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Н.Н.КРАДИН УДИРДАХААР БОЛОВ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.

Тэгвэл энэ хүрээнд түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Монголч эрдэмтэн, Академич Н.Н.Крадиныг сонгосон. Тэрээр монгол судлалын чиглэлээр 20 гаруй жил ажилласан бөгөөд “Хүннүгийн эзэнт улс” сэдвээр судалгаа шинжилгээ хийж, ном болгон монгол хэлнээ хэвлүүлсэн нэгэн. Хурлаар холбооны удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон юм.

 “ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ЦААНА МОНГОЛЫН ОРШИХУЙ, ТҮҮХ БИЙ...”

Их Эзэн Чингис хаан оюуны итгэлцүүрээр 204 буюу "Аугаа суут" гэсэн зэрэглэлд орсныг “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын хурлын үеэр эрдэмтэд мэдээлсэн. 204 гэсэн оюуны чадварын “IQ”-тай хүн хоёр тэрбум хүнд нэг төрдөг  байна.  Үүнийг эзэнт гүрний үеэс тооцоод үзвэл 100 сая хүнээс аугаа суут төрсөн гэж үзэж болохоор юм. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд яагаад суут ухаантан төрөв гэдгийг эрдэмтэд байгаль дэлхийн цаг агаар үүнийг даван туулах гэсэн нүүдэлчдийн тэмцэл, өсч бойжсон ахуй, бие бялдар, оюун санаатай холбон тайлбарлаж байв. Эдүгэ Монгол хүний оюуны чадвар, итгэлцүүр  103-104 “IQ” гэж тодорхойлогдсон байдаг. Энэ үзүүлэлтээр монгол түмэн дэлхийн улс орнуудын аравт жагсдагийг эрдэмтэд тодотгосон юм.

Ийнхүү Чингис хааныг судална гэдгийн цаана Монгол хүнийг судалж буй үйл явц өрнөж буй юм. Монгол хүний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, аж амьдрал, ахуй бүхний цаана Чингис хааны ертөнц агуу их философи оршиж байгаа. “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээ нь дэлхий нийтэд монголын оршихуй, түүхийг цогцоор нь судлах нэгдсэн ойлголтод хүрэхэд томоохон түлхэц болно гэдэгт хурлын төлөөлөгчид санал нэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих