Нефть, хүнсний үнийн нөлөөгөөр зургаадугаар сард Их Британи, Японд инфляц эрчимжив

оруулсан Алсын Хараа

Зургаадугаар сард дэлхийн томоохон эдийн засгуудад инфляц өмнөх сараасаа нэмэгдээд байна.

ИХ БРИТАНИЙН ИНФЛЯЦ 9.4% ХҮРСЭН НЬ СҮҮЛИЙН 40 ЖИЛИЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ БОЛОВ

зураг

Гэрэл зургийн эх сурвалж: Reuters

Их Британийн инфляц 9.4% хүрсэн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үнийн өсөлтөд түлш шатахуун, хүнсний үнэ голлон нөлөөлснийг Статистикийн байгууллага нь мэдээлжээ. Олон улсын геополитикийн нөхцөл байдал, цар тахлаас үүдсэн тээвэр ложистикийн гацаа өндөр инфляцын гол шалтгаан болсон хандлага дэлхий нийтэд түгээмэл байна.

Английн төв банк инфляцыг хязгаарлахын тулд сүүлийн таван удаагийн мөнгөний бодлогын хорооны хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлээд буй. Мөн ирэх 8-р сард дахин 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж магадгүй байна. Хэрэв ийм хэмжээгээр нэмэгдүүлбэл сүүлийн 30 жилийн түүхэнд мөнгөний бодлогыг чангаруулсан хамгийн эрчтэй алхам болох юм.

Английн төв банк энэ оны төгсгөлд инфляц 11% буюу оргил түвшиндээ хүрнэ гэж таамаглаж байна. Тус банк нь инфляцыг 2% орчимд тогтворжуулах зорилттой ажилладаг.

ЯПОНД ИНФЛЯЦ ТӨВ БАНКНЫ 2% ЗОРИЛТОТ ТҮВШНЭЭС ДАВААД БАЙНА

зураг

Гэрэл зургийн эх сурвалж: CNBC

Олон жил дефляцын дарамттай явж ирсэн Япон улсад сүүлийн 3 сар инфляц нь төв банкны зорилтоос нь өндөр байна. Тухайлбал хэлбэлзэл өндөртэй хүнсний үнийг хассан суурь инфляц нь 6-р сард 2.2% хүрчээ.

Олон улсад түүхий эд материалын үнэ өссөн нь үнийн өсөлтийг эрчимжүүлээд байгаа юм. Мөн иений ханш суларсан нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болсон байна.

Японы төв банк өчигдөр буюу Пүрэв гарагт энэ жилийн суурь инфляцын төсөөллөө 1.9 хувиас нэмэгдүүлж 2.3 хувьд хүргээд байна. Гэхдээ инфляц зорилтот түвшинд тогтвортой хадгалагдах хүртэл зөөлөн мөнгөний бодлогоо үргэлжлүүлсээр байгаа юм.

Сэтгэгдэл бичих