Лхагва гарагийн өглөө Афганистаны зүүн хязгаарт хүчтэй газар хөдөлсний улмаас 1,000 гаруй хүний амь үрэгджээ. Бэртэж гэмтсэн хүний тоо 1,500 хүрсэн байна. Европын Газар дундын тэнгисийн Сейсмологийн Төв газар хөдлөлтийн хүчийг 6.1 магнитуд, АНУ-ын Геологийн Хүрээлэн 5.9 магнитуд гэж тус тус тодорхойлжээ. Газар хөдлөлтийн төв нь Пакистаны Хилийн ойролцоо Хост хотоос 44 км зайд, газрын гадаргаас 10 км гүнд байсан байна. Ийм хэмжээний газар хөдлөлт байшин барилгын чанар муу, хөрсний нуралт ихтэй нутагт ноцтой хохирол учруулдаг.
Афганистаны Пактика мужид хамгийн олон хүн нас барсан нь батлагджээ. “Алслагдсан тосгодоос мэдээ ирэхэд хугацаа шаардах тул амиа алдсан хүний тоо цаашид өсөх магадлал өндөр байна” гэж Афганистаны дотоод хэргийн сайд Салахуддин Аюуби мэдэгдсэн байна.
Талибаны дэглэм Афганистанд тогтсоноос хойш тус улсад олон улсын тусламж хүрэхээ больсон тул аврах ажиллагаанд хүндрэл гарч байгаа ажээ. “Ийм хэмжээний гамшиг ямар ч улсад тохиолдоход бусад улс орнууд тусалдаг. Манай улсын хувьд гамшгийн дараа хариу арга хэмжээ авахад маш хэцүү байна” гэж Талибаны албаны хүн мэдээлсэн байна.
Ерөнхий сайд Мохаммад Хассан Акхунд өчигдөр Кабул хотод шуурхай хуралдаан зарлаж, гамшгийн төв болсон Пактика, Хост мужуудад авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф хөрш улсдаа эмгэнэл илэрхийлж, Афганы ард түмэнд туслахаа мэдэгдсэн байна.
Газар хөдлөлт Афганистан, Пакистан, Энэтхэгт амьдардаг нийт 119 сая хүнд мэдрэгдсэн гэж судлаачид тооцоолжээ. Афганистаны Хиндукуш уулсын бүс нь Евразийн болон Энэтхэгийн тектоник хавтангуудын уулзвар болдог тул газар хөдлөлтийн эрсдэл өндөртэйд тооцогддог.
2015 онд Афганистаны зүүн хойд бүсэд хүчтэй газар хөдлөхөд 200 гаруй хүн амь үрэгдэж байжээ. 2002 онд энэ удаагийнхтай ижил хүчтэй газар хөдлөхөд Афганистаны умард хязгаарт 1,000 орчим хүн амиа алдаж байв.
Талибаны засгийн газрын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч тус улс олон улсын ямар ч байгууллагаас тусламж авахад бэлэн байгааг илэрхийлжээ. НҮБ-ын Афганистан дахь суурин төлөөлөгч Рамиз Алакбаров тус байгууллагын холбогдох агентлагууд хариу арга хэмжээ авахаар ажиллаж эхэлснийг сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters