/VOA/. АНУ-д нярай, хөлд орж буй хүүхдүүд, цэцэрлэгийн өмнөх насныхныг “COVID-19”-ийн вакцинд хамруулахыг зөвшөөрчээ. Ингэснээр энэ долоо хоногоос зургаан сартайгаас дөрвөн настай хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг орон даяар эхлүүлэхээр болжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ зөвлөхүүд бага насны хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмжийг гаргасны дараахан тус төвийн дарга Рошель Валенски холбогдох зөвшөөрлийг олгожээ. Тэрбээр хэлэхдээ, олон сая эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдүүдээ вакцинд хамруулах хүсэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн шийдвэрээр ийм боломж бүрдлээ гэсэн байна.
Хэдийгээр АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ аливаа вакцинд зөвшөөрөл олгодог ч ямар бүлгийн хүмүүс вакцинд хамрагдах шийдвэрийг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв гаргадаг. “COVID-19”-ийн вакцинууд хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах, урт хугацаанд зовуурь илрэхээс хамгаалж байгааг “CDC”-ийн зөвлөх ажлын хэсэг цохон тэмдэглэжээ.
Засгийн газар дархлаажуулалтын аяныг өргөтгөхөд хэдийнээ бэлтгэж эхэлсэн бөгөөд олон сая тун вакциныг орон даяарх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад түгээхээр захиалсан байна. Улсын хэмжээнд 18 сая хүүхэд вакцинд хамрагдах боломжтой болж байгаа ч хэчнээн нь вакцинд хамрагдах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн 11 дүгээр сараас вакцинд хамрагдах боломжтой болсон 5-11 насны хүүхдүүдийн гуравны нэг орчим нь одоогоор вакцин хийлгэжээ.
Ямар вакцинд зөвшөөрөл олгосон бэ?
“Pfizer”, “Moderna” компанийн вакцинд “FDA” баасан гарагт, “CDC” бямба гарагт тус тус зөвшөөрөл олгожээ. Эдгээр вакциныг ижил технологиор гарган авсан ч бага насны хүүхдүүдэд өөр өөр тунг санал болгоно.
Тухайлбал, “Pfizer”-ийн вакциныг зургаан сартайгаас дөрвөн настай хүүхдүүдэд тарих бөгөөд нас хүрэгчдийн тунгийн 1/10 тэнцэх тунг гурван удаа хийлгэнэ. Ингэхдээ эхний хоёр тунг гурван долоо хоногийн зайтай, гурав дахь тунг хоёр сарын зайтай тариулна.
“Moderna”-гийн вакцины хувьд насанд хүрэгчдийн хамрагдсаны дөрөвний нэгтэй тэнцэх хоёр тунг хийх бөгөөд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд дөрвөн долоо хоногийн зайтай тарина. “FDA” мөн хүндээр өвчлөх эрсдэлтэй эмзэг бүлгийн хүүхдүүдийг гурав тунд хамруулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ тунг хамгийн багадаа нэг сарын дараа тариулах боломжтой байна.
Вакцинууд хэр үр дүнтэй вэ?
“COVID-19”-ийн вакцинд хамрагдсан бага насны хүүхдүүдэд өсвөр насны хүүхдүүдийнхтэй ижил түвшний эсрэг биет үүссэн байна. Гэхдээ эсрэг биетүүд хэр сайн ажиллахыг тодорхойлоход хүнд байгаа бөгөөд тэр дундаа “Pfizer”-ын вакцинд ийм байдал ажиглагдаж байгаа аж.
“Омикрон” хувилбар голчлон тархаж байх үед явуулсан судалгаагаар “Moderna”-гийн вакцины хоёр тун хөнгөн хэлбэрээр өвчлөхөөс ойролцоогоор 40 хувиар хамгаалсан байна. “Pfizer”-ийн судалгаагаар гурван тун вакцин 80 хувийн үр дүн үзүүлжээ. Гэхдээ энэ дүгнэлтийг цөөн тооны тохиолдолд үндэслэн гаргасан тул мэргэжилтнүүд найдвартай мэдээлэл гэж хараахан үзэхгүй байна.