Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” үндэсний V тэмцээний ялагчдыг тодууллаа. Зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, ШУА, нийслэлийн Бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллага зохион байгуулж, Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ.
Манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдсан тэмцээн нь сансрын технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залууст физик электорникийн гол суурь ойлголтыг маш богино хугацаанд олгодогоороо онцлог юм.
Мөн манай улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаач болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтойг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа хэлж байв.
Энэ жилийн “Кансат-2022” тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог болохыг Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд бичил хиймэл дагуул хөөргөх тэмцээний үр дүнг танилцуулах үеэр мэдээллээ.
Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан болон шийдвэрлэх загварын, хөөргөхийн өмнөх, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрт оноо цуглуулж, нийлбэр оноогоор дүн тодорхой болжээ.
Тэмцээнд 7 сургуулийн 12 багийн 90 гаруй залуу оролцлоо. Кансат төрөлд 1- р байрт High Tech /ШУТИС-ийн МХТС/, 2 дугаар байрт New Space /Шинэ Монгол технологийн коллеж/, 3 дугаар байрт Аравт /ҮБХИС/, тусгай байрт Моко /Монгол Коосен технологийн коллеж / шалгарсан байна.
Шилдэг шийдэл шагналыг Эрч /ШУТИС-ийн МХТС/ баг авсан бөгөөд буцагч төрөлд 1 дүгээр байрт Numsat /МУИС-ийн ШУС/, 2 дугаар байрт Wersat /МУИС-ийэ ШУС/, 3 дугаар байрт Аравт/ҮБХИС/, тусгай байрт High Tech /ШУТИС-ийн МХТС/ тодорчээ.
“Кансат” тэмцээн дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулагддаг аж.