Коста-Рика улсын засгийн газар хакеруудад барьцаалагдаад байна

оруулсан Алсын Хараа

Ransomware нь ямар нэг байгууллага, хувь хүний компьютерын систем, мэдээллийн санг барьцаалж, мөнгө нэхдэг кибер халдлагын төрөл юм. Сүүлийн жилүүдэд хакерууд ийм аргаар олон тэрбумыг олдог болоод байгаа. Тэгвэл одоо бүр бүхэл бүтэн улс орны засгийн газрыг барьцаалдаг болжээ.

Тухайлбал Төв Америкийн Коста-Рика улсын засгийн газрын 27 яам, агентлаг Conti нэртэй хакерын бүлэгт барьцаалагдаад байна. Дөрөвдүгээр сард эхний халдлагаа үйлдсэнийхээ дараа Conti бүлэг $10 саяыг нэхэж байсан бол одоо барьцааны мөнгө $20 сая болж нэмэгджээ.

Компьютерын системээ барьцаалуулсан байгууллагуудын дотор тус улсын сангийн яам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам багтаж байна. Үүний улмаас Коста-Рика улсын засгийн газар татвараа хурааж чадахгүйд хүрчээ.

Өчигдөр Коста-Рика улсын ерөнхийлөгч Родриго Чавез улс орон нь кибер дээрэмчдийн бүлэгтэй дайны байдалд байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр 10 хоногийн өмнө үүрэгт ажилдаа орсон шинэ ерөнхийлөгч юм. Чавез хакеруудад тусалж, дотроос нь мэдээлэл өгч буй хамтрагчид улс оронд нь байгааг мэдэгдээд гадаадын холбоотон улс орнуудаас тусламж гуйсан байна.

“Хэтрүүлэлгүйгээр хэлэхэд бид дайны байдалд байна. Коста-Рикад өөрийн хүмүүстэй олон улсын террорист бүлэгтэй бид дайтаж байна. Conti бүлэгтэй хамтран ажиллаж буй этгээдүүд манай улсад байгаа нь тодорхой боллоо” гэж Чавез мэдэгдэлдээ өгүүлжээ.

Conti бүлэг өөрийн вэб сайтад гаргасан мэдэгдэлдээ Коста-Рикагийн иргэдийг засгийн газартаа шахалт үзүүлэх замаар барьцааны мөнгө төлүүлэхийг уриалсан байна. Бас мөнгө төлөхгүй бол “засгийн газрыг кибер арга хэрэгслээр унагах”-аар сүрдүүлжээ.

Одоогоор Коста-Рика улсад АНУ тусламжийн гараа сунгаад байна. Тухайлбал Conti бүлгийг илрүүлэхэд чухал мэдээлэл өгсөн хүнд $10 саяын шагнал өгөхөө АНУ-ын засаг захиргаа амласан юм. Бас тус бүлгийн аль нэг гишүүнийг баривчлахад шаардлагатай мэдээлэл өгвөл $5 саяыг төлөхөө амлажээ. Одоогоор Коста-Рикагийн засгийн газар хакеруудад ямар ч мөнгө төлөхгүй гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: The Verge

Сэтгэгдэл бичих