Үндэсний Аудитын газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨГГ-ын 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар нийт 231.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 19 алдаа, зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал,
1. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага 2020 онд хийсэн үл хөдлөх хөрөнгө болон бусад үндсэн хөрөнгүүдийн үнэлгээг 2021 онд албан ёсоор нэг, албан бусаар 3-4 удаа өөрчилж, нийт 124.89 тэрбум төгрөгийн зөрүү үүсгэсэн. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ ойрын жилүүдэд данснаас хасагдах байсан дахин үнэлгээ хийх шаардлагагүй, эдийн засгийн үр өгөөжгүй болсон хөрөнгүүдийг хэт өндөр дүнгээр үнэлсэн. Ингэснээр байгууллагын ашгийг хийсвэрээр нэмэгдүүлсэн.
2. "Люксвүүд групп" ХХК-аас худалдан авч байгаа 19 ширхэг амины орон сууц нь дундаж хэрэглээнээс хэтэрхий том буюу 180-280 метр квадрат хүртэлх талбайтай байна. Мөн амины орон сууцуудыг худалдан авахдаа 80 хувийн гүйцэтгэлээр тооцоо нийлж гэрээний дагуу төлбөрийг төлсөн. Өөрөөр хэлбэл, 80 хувь баригдсан хаусууднуудад 100.0 хувь төлбөр төлж, төлөгдөөгүй 20.0 хувиар өглөг үүсгэсэн аж. Зөрчлийн хэмжээ 1.417 тэрбум төгрөг.
3. Монголбанкнаас банкны зохистой харьцааны үзүүлэлтүүд алдагдсан, асуудалтай гэж тодорхойлсон Үндэсний Хөрөнгө оруулалтын банканд 42.35 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Тус банкнаас мөнгөн хөрөнгийг татан авч чадаагүй.
4. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 8 дугаар бүлэгт заасныг зөрчиж, үйлдвэрийн ажилтан болон тэдгээрт хамааралгүй хүмүүст нийт 74.2 сая төгрөгийн сургалтын төлбөр олгосон.
5. Нийт 66 хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, үйлчилгээ авч, төлбөр төлсөн. Үүнээс өөрийн албан ёсны веб сайтгүй буюу редакцгүй 13 хэвлэл мэдээллийн байгууллагад ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус, ажил гүйцэтгэснийг нотлох баримтгүй байхад 162 сая төгрөг төлсөн.
6. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу 108.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохдоо байгууллага төлж, буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй байна.
7. Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн цехүүд буюу үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс бусад үйл ажиллагаа эрхэлдэг 11 нэгжээс Сэлэнгэ аялал жуулчлалын бааз, түүний харьяа зочид буудал, оёдлын цех, ресторан, соёлын ордон, дээд сургууль зэрэг өөрийгөө санхүүжүүлэх боломжтой нийгмийн цехүүд алдагдалтай ажиллаж байна. Улмаар Нийгмийн цехүүдийн 2021 оны санхүүгийн тайлан дахь алдагдлын хэмжээ 19.5 тэрбум төгрөг болсон.
8. Шилэн дансны цахим хуудсанд тайлант онд нийт 6.347 тэрбум төгрөгийн 4562 мэдээллийг ил тод байршуулах ёстой байсан. Гэвч 819.2 сая төгрөгийн 68 мэдээллийг ил тод байршуулаагүй.
9. Баяжмал худалдан авагч “Таурус металс” компаниас авсан богино хугацаат зээлийн гэрээнд "Зохион байгуулалтын шимтгэл"-ийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан. Гэвч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийг өглөг үүсгэж бүртгээгүй. Зөрчлийн хэмжээ 7.777 тэрбум төгрөг.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн нийт борлуулалтад эзлэх дотоодын борлуулалт 0.5 хувь боловч НӨАТ-ын буцаан авалтын тооцооллыг энэ хувьтай уялдуулаагүй. Мөн үйл ажиллагааны бус зардалд холбоотой НӨАТ-ыг буцааж авахаар бүртгэсэн.
Хамгийн ноцтой нь, Дотоод хяналтын хэлтсийн шалгалтын ажлын илрүүлэлт, зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг эсэх нь тодорхойгүй. Шалгалтын мөрөөр арга хэмжээ авч ажиллаагүй. Уг хэлтсийн ажиллах журмыг өдий хүртэл батлаагүй нь байгууллагын дотоод хяналтын тогтолцоонд эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна гэжээ.
Аудитын дүгнэлтээс харахад8 Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ямар ч дотоод хяналтгүйгээр их хэмжээний санхүүгийн алдаа, зөрчилтэй үйл ажиллагаа явуулдаг. Алдаа зөрчлөө нуун дарагдуулахын тулд Шилэн дансанд зарим мэдээллийг ил тод байршуулдаггүй. Халаасны сайтуудтай хамтран ажиллаж, тэднийг санхүүжүүлдэг. Үйдвэрт хамааралгүй хүмүүсийн сургалтын төлбөрийг төлдөг. Удирдлагуудаа хаусаар шагнадаг байж болзошгүй асуудлууд харагдаж байна.
Мөн Үндэсний аудитын газрын илрүүлсэн эдгээр алдаа, зөрчлүүд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас халж, хариуцлага тооцох хангалттай шалтгаан юм. Гэвч төрийн албаны хуулиар тэтгэврийн насанд хүрсэн тэрээр өнөөдрийг хүртэл албан тушаалдаа байсаар байна.
Эх сурвалж: ITOIM.MN