Үр тарианы худалдааны хязгаарлалтын бодлого дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляцыг цаашид ч нэмэгдүүлнэ гэв

оруулсан Алсын Хараа
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Адитиа Мату "Синьхуа" агентлагт өгсөн ярилцлагадаа: "Дэлхийн үр тарианы үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа нөхцөлд зарим улс орнууд экспортыг хязгаарлах нь тухайн орны хүндрэлтэй байдлыг зохицуулж чадахгүйгээр барахгүй харин ч эсрэгээрээ дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляцыг цаашид нэмэгдүүлж, зарим үр тариа импортлогч орнуудын тулгарч буй хямралыг улам хурцатгах болно" гэсэн байна.
Мату "хязгаарлалтын хүндрэл" хэмээн өнөөгийн үр тарианы худалдааны нөхцөл байдлыг дүгнэсэн байна.
Олон улсын үр тарианы бодлогын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш 4-р сарын эцэс гэхэд үр тарианы экспортын хяналтын арга хэмжээ авч буй улс орнуудын тоо 3 байснаа  23 болжээ.
Мату энэ тухай: "Эдийн засгийн зарчим, түүхэн туршлагаас харахад, хязгаарлах арга хэмжээ нь ашиггүй төдийгүй тооцоолсноос нь эсрэг үр дүн дагуулж, эцэстээ улс орнууд сөрөг нөлөөг нь амсана. 2008, 2011 онд дэлхийн үр тарианы үнэ огцом өсөхөд улс орнууд нийтдээ 80 гаруй төрлийн үр тарианы худалдааны арга хэмжээ  хэрэгжүүлсэн бөгөөд дэлхийн үр тарианы үнэ харин 13-15 хувиар өссөн юм.
Орос-Украины мөргөлдөөн эхэлсний дараа, эрчим хүч, үр тариа зэрэг  барааны үнийн өсөлт нь өмнө нь ажиглагдаж байсан үр тарианы инфляцыг улам хурцдуулж, дэлхийн үр тарианы аюулгүй байдалд хүндрэл авчирсан. Орос, Украин нь дэлхийн үр тарианы экспортын гуравны нэгээс илүү, наран цэцгийн тосны экспортын зах зээлийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Умард Африк, Ази зэрэг бүс нутгийн  бага орлоготой улс орнууд Орос, Украины хүнснийг ихээр импортоор авдаг.
Өнөөгийн үр тарианы үнийн өсөлт мөн хомсдлыг үүсгэж мэдэх бөгөөд энэ нь цаашдаа дэлхийн үр тарианы үйлдвэрлэл, худалдаанд ихээхэн аюул учруулж болзошгүй.
Орос, Украинаас хүнс импортоор авдаг зарим орнуудад нийлүүлэлтийн хүндрэл учирч байна. Хэрэв хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тасалдах, эсвэл улам олон орон үр тарианы худалдааны хязгаарлалтыг хэрэгжүүлбэл байдал улам дордох болно" гэжээ.
Мату үр тарианы экспортыг хязгаарлахгүй байхыг улс орнуудад уриалжээ.
С.Ренчин

Сэтгэгдэл бичих