Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 2.5 хувьд хүрч болзошгүй байна. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан Паскаль Н.Нганоугийн хэлж буйгаар манай улсын эдийн засаг энэ онд “даруухан” байдалд байх нь. Өсөлтөд хөрш БНХАУ-ын хилийн хязгаарлалт, Орос-Украины хямралт байдлаас үүдэлтэйгээр түлш, бордоо зэрэг импортын бусад бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, инфляц нэмэгдэхэд сөргөөр нөлөөлөх талаар Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг Монголын эдийн засгийн тайланд дурджээ. 2020 онд манай улсын эдийн засаг 4.4 хувиар агшсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны эхний улиралд хурдтай тэлсэн. Үүнд үйлчилгээний болон уул уурхайн салбарын сэргэлт нөлөөлжээ. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө өнгөрсөн оны эхний улирлаас хэтрээгүйг Дэлхийн банкнаас өнөөдөр мэдээллээ.
Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь задлан үзвэл, дотоодын хөрөнгө оруулалт, үүний дотор уул уурхайн салбарын бараа, материалын нөөц өсөж бүрдүүлжээ. Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлсэн ч хувийн хэрэглээ өнгөрсөн онд 4 хувиар буурчээ. Гадаад худалдаанд тулгарсан саад бэрхшээл нь Монгол Улсын уул уурхайн салбарын экспортыг хязгаарлаад зогсохгүй, дотоодын үйлдвэрлэлд нэн шаардлагатай орц, завсрын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулжээ.
Эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилттой тулгараад буйг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев өнөөдрийн мэдээлэлд цахимаар оролцон мэдэгдэв. “Цаашид яах вэ? Ямар төсөөлөл байна?”.
Дээрх асуултад Дэлхийн банкны зүгээс Оюутолгойн ордын гүнийн уурхайн олборлолт ирэх оны хоёрдугаар хагасаас эхлэх тул Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онд хурдсаж, 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байгааг мэдэгдлээ. Ирэх онд 5.8, 2024 онд 6.8 хувьтай байхаар байна. Үүнд хүрэхийн тулд Монгол Улс дотооддоо юунд анхаарч, юу хийх шаардлагатай байна вэ? Энэ асуултад Дэлхийн банкнаас:
- Инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах,
- Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах,
- Өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого хэрэгжүүлэх гэжээ.
Мөн Дэлхийн банк нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэхийг дахин сануулав. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй, орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг болно. Ингэхгүй бол халамжийн зардал төсөвт дарамт болсоор байна гэв.