АНУ-ын хэрэглээний үнийн индекс сүүлийн 40 жилд байгаагүй өндөр дүнтэй гарав

оруулсан Алсын Хараа

 /Xinhua/. АНУ-ын хэрэглээний үнийн индекс /CPI/ гуравдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн байна. Жилийн өмнөхөөс өссөн үзүүлэлт нь 1981 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус улсын Хөдөлмөрийн яамнаас нийтэлсэн тоо баримтад дурдсанаар, савалгаа өндөр байгаа эрчим хүчний болон хүнсний бүтээгдэхүүний үнийг хасч тооцвол 3 дугаар сард үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар өсөж, өмнөх жилийн мөн үеэс 6.5 хувиар өссөн байна.

ОХУ, Украины мөргөлдөөний улмаас олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдсэний улмаас АНУ-ын эрчим хүчний үнэ өмнөх сараас 11 хувиар, өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсчээ.

Тухайлбал, шатахууны үнэ өмнөх сараас 18.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 48 хувиар, шатах тослох материалын үнэ өмнөх сараас 22.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 70.1 хувиар огцом өссөн байна.

Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар өссөн нь мөн л 1981 оны 5 дугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Хэрэглээний үнийн индексийн гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг орон сууцны зардал өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх оноос 5 хувиар өссөн нь 1991 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.

Түүнчлэн хуучин автомашины үнэ 3 дугаар сард өмнөх сараас 3.8 хувиар буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.3 хувиар өсөөд байна.

ОХУ, Украины мөргөлдөөн үргэлжилж буй мөргөлдөөн болон цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэг шалтгааны улмаас АНУ-ын инфляцийн түвшин богино хугацаанд зорилтот хоёр хувийн түвшинд хүрэх магадлал багатай гэж шинжээчид үзэж байгаа юм.

Инфляцийн хариуд Холбооны нөөцийн сан 3 дугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэгдүүлэхээ зарласан. Гэсэн хэдий ч инфляци өндөр хэвээр байгаа тул 5 дугаар сард бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих