Түүхч, профессор. Бэсүдэй Н.НАГААНБУУ /1951-2015/
ӨӨР ӨНЦӨГӨӨС
Цагаан сарыг тэмдэглэдэг болсны утга учир, язгуур уламжлал, цаг улирлын тохироотой холбоотой өөр өнцгөөс харсан шинэлэг мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэлийг улам тодруулах үүднээс дараах судалгааны үгүүллийг толилуулж байна.
- Монголчуудын улирал хэдүйд эхэлдэг тухай Шинжлэх ухааны цогц дүгнэлт -
Баримт №1 Цаг тооллын мэдлэг.
Эртний монголчуудын цаг тооллын мэдлэг түүнтэй холбогдсон зан үйл нь тэдний амьдрал, эрхэлсэн аж ахуйн онцлог, газар зүй цаг уурын нөхцөл, ертөнцийнг үзэх үзэл, нийгмийн хөгжлийн явц зэргийг өөртөө тусгасан зангилаа асуудлын нэг юм. Халх монголчуудын цаг тооны мэдлэгийн үлэмжхэн хэсэг нь мал маллагааны олон зуун жилийн практикаар тогтсон юм..
Монголчууд эртнээс гарагуудын хөдөлгөөний давтагдах хугацааг 360 хоногт багтаан нэг жил гэж нэрлээд түүний дөрвөн улиралд давтан ажиглагддаг зүйлээр сар бүрийг нэрлэдэг байв.
Хаврын тэргүүн сар Ичигсэд хөдлөнө.Өдөр шөнө тэнцэнэ. Харз ус урсана.
Зуны тэргүүн сар Буудай боловсроно. Нар буцна. Хөхөө донгодно
Намрын тэргүүн сар Цагаан хяруу, намрын өдөр шөнө тэнцэнэ.
Өвлийн тэргүүн сар. Их хүйтэн.Нар буцна. Ес эхлэнэ... (БНМАУ-ын “Угсаатны зүй” Хамтын бүтээл. 1-р боть)
Тайлбар. Эндээс харахад монголчуудын жил улирлын эхлэлийг Шинжлэх ухааны байгуулага зөв судлаж “Угсаатны зүй” 1-р ботид тэмдэглэж үлдээсэн нь бахархал юм. Эндээс үзвэл монголын хаврын сар есөн есийн жавар тачигнасан, газар хөлдүү өвлийн цагт биш, 3 сарын 22-ноос эхлэдэг бол “Чингис хааны мэндлэсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” мэдэээж есөн ес эхлэх, бас нар буцах өдөр буюу 12 сарын 22 болох нь тов тод байна.
Баримт №2. Эртний монгол зурхай
Мөн монгол улирлын тоолол жилийн дөрвөн улирлын тахилгатай бөгөөд тэдгээрээс өөр баяр наадам гэж үгүй байжээ. Монгол тооллын сарууд нь
А. Хувь хулгана -/хишиг/, хужир үхэр, өөлжин бар намрын гурван сар,
В. Хөхүй /хүйтэн/, улар луу /жавар улирах, улирах гэдгийг монгол бичгээр улариху гэж
бичмү/, ури /ури ирэх утгыг ойр үер үр гэх мэтээр ташаа буулгасан үзэгддэг/ өвлийн гурван сар,
С. Гур / туурт амьтан гөрөөс төллөх/, буга /буга эврээ гээх/, хуц /хуц сэхэж хөг зүүх/ хаврын гурван сар,
Д. халуун /халубтар халуувтар, калун, кулан гэх мэтээр бичсэн үзэгдэх үг. Арван сарын аагим халуун гэж туульст бичигдэх зуны тэргүүн сар/, бороон /боруган/ , хөглөр /көглөр ногоо хөглөрөх сүүл сар/ зуны гурван сартай байсныг олон түүхэнд тэмдэглэсэн бий.
Энд бид нэгэн үгүүллийн мөрийг шууд эшилэн толилуулж байна. “Энэ нь тэдгээр сарын нэрс угтаа нийтлэг нэг гаралтай байгаад цаашдаа орон нутгийн газарзүй, цаг уурын нөхцөл, эрхэлсэн аж ахуйн голлох болон дагалдах салбар, нийгмийн хөгжлийн явц зэргээс хамааран зарим нь мартагдаж, бас шинэ нэр үүссээр ирснийг харуулж байна. Нөгөө талаар сарын нэрсийг урьд нь нийтлүүлэгсэд ташаарснаас болж, зарим зөрөө гарчээ. Монгол бичгийн дурсгал, толь бичигт тэмдэглэгдэн үлдсэн сарын нэрс нь Монголын нэгдсэн улс байгуулагдан монгол туургатан нэгэн төрийн жолоонд орсноос хойш албан ёсоор нийтээр дагаж мөрддөг болсон сарын нэр, дэс дараа бөгөөд харин орон нутгийн ард түмний дунд хэрэглэсээр байсан сарын нэрс нь эртний уламжлалаа илүү хадгалсан байдалтай ажээ.” гэсэн нь зөв зүйтэй санал боловч харамсалтай нь уг тооллоор МНТ бүтээгдсэн гэдэг санааг зохиогч одоо ч дэмжихгүй байгаа болно. Энэ нь 1227 онд Чингэс хаан нас барахдаа түвд тооллыг гэрээсэлсэн гэх буюу 1206 оноос нангиадын хуанлиг баримтлаж эхэлсэн гэх мэт таамаглалуудад үндэслэсэн тооцоонуудад сэжиггүй итгэснийх буй за.
Баримт №3. Эртний Монголчуудын намрын шинэлэлт
Монгол язгуур зурхай : сэцэд мэргэдийн айлдал
Сыма Чан. (нтө 145 - нтө 86 он)
“Жилд гурвантаа луу тахимуй. Үргэлж 1, 5, 9 сарын сар өдрийг сонгон тахиму. Нэг сар нь эхлэдэг шинэ ондоо төрийн хэрэг хэлэлцдэг . Тэмээ морь уралдуулдаг. Тэд өглөөний нар болон шар өдрийг /үд дунд/ эрхэмлэнэ. 5 сар нь луу сарын, 9 сар нь хаврын эцэс зуны эхэн сарын тахилгад орно.” гэжээ. Энд дурдан буй сарын тооны нэр нь монгол тооллоор тул 1 сар нь эхэндээ байна.
Бань Гу /Хан шу/ “Өвс ногоо элбэгшин агт морьд таргалж давхих дүүлэхэд чангарах тарган намрыг хүлээнэ.” Энд намрын шинэлэлт цагаалгын баярыг хэлж байна.
Лин Ган “Хүннүгийн түүх” “Намрын шинэ оны хуралдай нь шаньюйн өргөөнд болдог. Түүнд овгийн ахлагч тус улсын бүх тэргүүлэгч цуглаж тахилга үйлднэ.. шаньюйгийн оны амгаланг айлдахаар чуулдаг.” Энэ уламжлал хүннүгээс хойш мянга илүү жил уламжлагдсаар Чингис хааны үед 1205 оны баян намар Их хурилдай чуулж их хаанаа сонгон “Их засаг”-аа батлажээ.
Рашид ад Дин. “Түүхийн чуулган” Монгол он дарааллын бичгүүд. “…гахай сар нь европын 9 сентябрь сар.. Энд дурдагдан буй “гахай” сар нь зуны сүүлч буюу 12 сар болно.
Пэн Да Я. /Сүн улсын элч/ “Шинэдийн өмнөх, доорд тэргэлийн хойших /хагас тал сарыг/ цээрлэнэ. Шинэ саранг үзвээс аюун мөргөдөг” гэжээ. Шинийн нэгэн, хоёрон, гуравны зэрэг сарыг өлөн, өеөдсөн, турсган, хавирган гэх мэтээр цээрлэдэг, гэрээсээ гарахдаа хөгшид харахгүй гэж үдэш орой хоёр айлын хооронд саравчлаж явах, эсвэл сүү өргөх зэрэг ёс нь тэнгэрийн сарны шинэдийн хэлбэрийг монголчууд ерөөсөө цээрлэдгийнх бөгөөд иймийн учир нанхиад түвдийг дууриан өлөн сард шинэлэхээс нэн дургүйцдэг байжээ. Манжууд “шинэлэхийн жасаа” үүсгэн ноёд хэргэмтнүүдээ түүнд дуудан цол, өглөг хишиг түгээдэг, ирээгүйг нь баалдаг байсан бол, түвдүүд Зонхава богдын буяны хурал хэмээн зарлаж урьдаг асанж..
Чжао И. /Нанхиад. 1722-1844/ Арван хоёр жилийн тооллыг Хан үндэстэн Баруун хан улсын үед /нтө 206-нт25 он/ хүннү нараас авсан. Дорж Банзаров. /Буриадын эрдэмтэн./ “Монголын шинэ он урьд оны есөн сард /григорийн/эхлэж байсан. Эренжин Хара Даван. /Халимагийн эрдэмтэн1883-1942/ Амьтнаар нэрлэгдсэн 12 сар нь 1 жил бөгөөд…барс сар нь европ тооллын 11 сарын сүүлч болно. Ч.Далай. /1929-2009/. Монголчууд намар цагаалдаг шинэлдэг байсныг нангиадын эртний сурвалжуудад тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Ц.Цыбыков. /Буриадын эрдэмтэн/ 4...Могой жилийн Буган сарын шинэдээр (1917.04.23) Чита хотноо Ар байгал Эрхүү нутгийн буриад монголчуудын төлөөлөгчдийн Анхдугаар их хурал...
Мал сүргээсэээ төл авч хүч тарга нь гүйцсэн намрын эхэнд шинэ жилээ тэмдэглэж өөрсдөө болон сүрэгтээ нас нэмдэг. Э.Шванны /Франц. Дорно дахины түүх судлаач/ Хүннүчүүд 12 жилийн үе тооллыг үүсгэсэн.
Лувсанчойдан /Өвөрмонгол 1875-1928 он/ 12 сарын 23-нд гал голомтын тахилга хиймү…шинэлэхдээ үүр цайхын урд Тэнгэрт мөргөмү.Урагш баруун өмнө зүг хандаж мөргөөд..хүүхэд залуус..наадна. Урагш гэдэг нь урд зүг бус наран мандах зүгээ хэлдэг байсан бөгөөд баруун өмнө зүг нь монгол зурхайн зүгийн эх хулгана юм. Иймд зурхайн эх гэж хүүхдээ тэнд төрүүлдэг, хүргэнээ анх тэнд шөнөжин суулгаж “хүү төрж” буй дом хийдэг, гэрээ буулгах барихдаа заавал баруун хацавчнаасаа эхлэдэг зэрэг олон ёс буй. Мөн цагаан сарын өглөө энэ зүгтээ овоо индэр босгож ёслодог заншил баруун аймгуудад одоо хэвээрээ хадгалагдан буй.
С.И. Руденко /Орос/ МЭӨ I зуун хүртэл зөвхөн Хүннү улсын мэдэлд байхдаа 12 жилийн эргэлтийн цаг тоолол энэ замаар дамжин улс түмэнд хэрэглэгдэх болсон.
Х.Сампилдэндэв. Академич. Монголчууд цагаан сарыг сүү саал жимс ногоо дэлгэрсэн намар цагт тэмдэглэдэг тэгээд тэр жилийн ургамал ногоо гандан үр жимсээ унаган хүйт ороод нэгэн жил дуусдаг байсан нь эргэлзээгүй үнэн.
Тү. Өлзий. Өвөрмонгол. Доктор проф. Монголчууд баларлаг эрт үеэс намар шинэ оноо эхлэн нас нэмдэг, махан идээний хувь хишиг түгээдэг, цагаан идээний дээж бэлэглэдэг байсны ул мөр одоо Эзэн хороонд үлдсэн Ордос тоолол мөн юм.
С.Дулам. Доктор проф. Монголчууд намар шинэ оноо тэмдэглэж хуримладаг байжээ. Хуримлахаасаа өмнө их махан тайлга хийгээд оролцсон бүх хүмүүст хувь хүртээдэг заншилтай байснаас жилийн эхний сараа “хувь сар” гэж нэрлэсэн.
М.Тубинский. Орос. Монголын эртний цаг манай цагаас 12 цагаар дутуу байдаг гэжээ.
Монгол тоолол 24 цаггүй. Мөн шөнөд цаггүй шөлөнд дээжгүй, Өдөр алдвал шөнө гэх мэтээр хэлцдэг. Шөнийн хугацааг цагаар биш од гарагийн байршил хөдөлгөөнөөр мичид шингэтэл хүлээв гэх шиг ярина. Хулгана цаг үүр цайж одод билчих үеэс уулын орой тоононы хүрээнд нар тусах хүртэл үргэлжлэх бол гахай цаг нар жаргаж үдшийн гялаан гарч одод зулзагалж харуй бүрийтэй давхцан дуусна. Иймд үдшийн үйлийг бэлгэгүйд үзэн морио ч аргамжихаас цээрлэдэг ёсон буй.
Үмисэү Татау. Япон. Монголчууын зүг чиг нарыг баримтладгаас ертөнцийн зүгээс 45 градус илүү зөрүү гардаг. Нар харж зогссон хүний баруун гар ертөнцийн баруун зүг заадаг. Алган тал нь өмнө ар тал нь умар зүг гэж үзнэ
Энэ нь маш нарийн ажигласан үнэн бөгөөд монгол хүний урд зүг наран мандах зүг байдаг тул улирлын байдал өдөр тутмын нар болон цаг уртсах богиносох жамаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Гагцхүү алтан гадас од “хойт” буюу “хонь”зүгийг /хойтой зүг хойт зүг гэсэн утга/ байнга заадаг. Иймд умар өмнө, өрнө дорно гэдэг зүг чигийн ойлголтыг давхар авч явдаг харилцан адилгүй ухагдахуун болно.
Л.Лигети, А.Мостерт, П.Поппе, Кибаяши. Г.Ларсен гэх мэт гадаадын олон эрдэмтэд монголчууд намар шинэлдэг гэж бичжээ.
Түүхэн домог: Монголын их цэргийн өрлөг баатад Алтан улстай 5 сард дайтна гэж болзож гэнэ. Гэтэл Чингис хаан уг хугацаандаа их цэргээ хөдөлгөн очиход Алтан улс бэлтгэлээ базаагаагүй сэрэмжгүй байсан тул гэнэт довтлуулж ихэд мөхөстжээ. Хаврын шинэ оноо тэмдэглэж байсан Алтан улсын хаад ноёд балмагдан аюуж
Таван сард дайтна гэсэн биш үү? Яагаад оны эхэнд байлдаан үүсгэв? гэж асуулгажээ. Чингис хаан
Манай монголчууд намар шинэлдэг. Энэ бол болзсон 5 сар мөн. Одоо чамтай дайтна гэжээ. Өөрсдийнхөө тооллоор тайван байсан Алтан улс хэлэх үггүй болж ихэд ялагдаж, бууж өгсөн гэнэ.
Баримт № 4: 1938 он хүртэл намар шинэлж байжээ.
Монголын эртний Улирлын зурхайн тасралт
“Монголын шинэ он намар цагт.. урьд 9 сараас эхлэж байсан бөгөөд энэ сард тараг цагаа элбэг байдаг тул цагаан сар гэдэг.” гэж Өвөрлөгч нар толь бичигтээ онцолжээ. Халимгийн эрдэмтэн Эренжин Хара Даван /1883-1942/ “..гахай сар европын 9 сарын сүүлч юм.” гэж Чингис хааны түүхийн номдоо бичсэн. Яагаад барс сар европын 11 сар болдог билээ? Халимгууд 1636 онд европт очиж суурьшихдаа ямар хачин тоололтой байгаа вэ? 1205 оны баян намар их хуралдай чуулсан гэдгийг Сайшаал Ч.Далай зэрэг нэрт эрдэмтэд санал нэг байдаг. Гэтэл бид дараа оны буюу 1206 оны 2 сард гардаг түвд нангиадын бар сар хэмээн ухаардаг. МНТ-нд дурдагдсан “бар жил цагаан тугаа байгуулж” их монгол улсыг тунхагласан их хурилдай хувь хулгана сар, хужир үхэр сар, өөлжин бар сар гээд өнөөгийнхөөр бол 2005 оныхоо 11 сард, өөрөөр хэлбэл намар өвөл хавар хүртэл 7 сар хуралдаагүй хүйтнээс өрсөн 5 бар жагссан бэлгэдэлтэй өдрөө хаанаа өргөмжлөж цааз ёсоо батламжлаад өндөрлөсөн гэдгийг дээрх байдлаас улам ч тод мэдэж болно. Буриадын нэрт эрдэмтэн Дорж Банзаров “Монголын шинэ он урьд оны 9 сард эхэлж байсан” гэсэн бол Ц.Цыбыков “..мал сүргээсээ төл авч хүч тарга нь гүйцсэн намрын эхэнд шинэ жилээ тэмдэглэж өөрсдөө болон сүрэгтээ нас нэмдэг” гэсэн тухай дээр цухас дурдсан.
Тэгэхээр нийт монголчууд намар шинэлдэг шинэ он буюу хувь хулгана 1-р сар нь намар гарч байсан нь түүхэнд тодорхой үнэн байна. Намрын шинэлэлтийн талаар гадаадын эрдэмтэд ч намрын шинэ жилийн эхэн сар хувь болох тухайд санал нэг аж. Тэр эрдмийг бүгдээрээ мэддэг үр хойчдоо сургадаг малчид маань өнөөдөр ч намрын найр хурим, намрын даллага, тамганы найр, шинэ гэрийн бүрлэгийн найр, эсгийний найр хийсээр бөлгөө.
Академич Ч.Далай “Монголчууд намар шинэлдэг байсныг нангиадын эртний сурвалжуудад тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг юм” гээд Хүннүгийн түүхэнд “Намрын шинэ оны хуралдай нь Шаньюйн өргөөнд болдог. Түүнд овгийн ахлагч тус улсын бүх тэргүүлэгч цуглаж тахилга үйлдэнэ... шаньюгийн оны амгаланг айлдахаар чуулдаг” гэсэн бол бүр хожим “Юань улсын түүх” 77-р бүлэгт “Шанду хотод их тахилга хийхэд монгол бөө удган нар олноор цуглан бөөлдөг байсан байна. .. жил бүрийн 9 сард буюу 12 сарын 26-наас хойш Шатаалганы –Шао Фан Юны/ сүмд нэг адуу гурван хонь алж.. гэх мэтээр дурдсан нь 9 сар гэдэг нь григорийн тоолол буюу хуанлийн тоолол харин 12 сарын 26 гэсэн нь монгол улирлын тооллын зуны сүүлч сарын 26-ны билэгт өдөр болж таардаг. Харин сарны шинэдийг эрхэмлэдэггүй харин ч цээрлэдгийг Пэн Да Я “Шинэ саранг үзвээс аюун мөргөдөг” гэсэн нь одоо ч шинийн сарыг өлөн турсган туранхай өеөдсөн гэх мэтээр цээрлэж үдэш түүнийг харахгүй гэж гараараа саравчлан явах эмгэд эсвэл өглөг хишиг дээж өргөдөг ёс байгаа болно.
Гэтэл бид тэр шинэ сарны үед хавар гэж эндүүрч өвөл 4-5 есийн хүйтэнд шинэлэх болж монгол ёс уламжлалаа уландаа гишгэсэн билээ. 1930-аад онд монголд ажиллаж байсан В.Ларсен монголчууд 12 сарын 23-нд гал голомтын тахилгыг айл бүхэн хийж хаанаа дурсдаг гэсэн санаа нь, “Эрт үедээ монголчууд намар цагаалдаг байсан”(Ч.Жүгдэр), “Хуримлахаасаа өмнө их махан тайлга хийгээд оролцсон бүх хүмүүст “хувь” хүртээдэг заншилтай байжээ (С.Дулам) , “Цагаан сарыг намар тэмдэглэсээр иржээ (Х.Сампилдэндэв) гэх мэтээр монголын дунд үеийн нэртэй эрдэмтэд санал нэгтэй байдгийг өмнө үгүүлсэн. Намрын үрс сар, сүүн сар, (цагаан идээ базаасан), улаан сар (ойрд болон халимагт намар ангийн мах юмуу шинэ шөл гаргаж чөмгийг нь шинжин хувь түгээдэг ёс) гэх мэтээр хэдэн янзаар нэрлэх боловч идээ цагаа бялхсан, нас буян нэмсэн баяр гэх нийтлэг тайлбартай байна.
БНХАУ-ын Хөхнуур мужийн “Тайж нар” хошууны түүхэнд “ХҮII зуунаас шарын шашин нэвтэрсэн ч бөөгийн ул мөр одоо болтол хадгалагдсаар иржээ… Бөөч бэлгэч зэрэг тусхай цолтой хүмүүсүүд байсаар байна… Булган жилийн сүүл төгсч, Буянтай жилийн эхэн ирэх.. Үсүн /сүүн/ хоншоорт жилээ үдэн мордуулах Тосон хоншоорт жилээ угтан авдаг” гэж сүүн сараа үдэн тос тарга бүхий жилээ угтах ёс одоо ч байгааг тэмдэглэсэн бол Мөн Дээд Монголчууд “Гүүш хаан 1637 оны шинэлэлтээс өмнө Халхын Цогт хунтайжийг устгаад..1637 оны өвөл Гүүш хан болон түүнийг дагагсад..” гэсэн нь мөн л эртний монгол тооллын тэмдэглэл аж. Учир нь шинэлэлтийн дараа өвөл болж буйг тэмдэглэжээ.
Баримт №5: Саяхны намрын золголт... Хөдөө нутгийн малчдын тухайд өнө эртний зурхайн ёс хуучин байдлаар түүхэн бүх хугацаанд үргэлжилсээр байсан бөгөөд бүр хожим үеийн нэгэн жишээ татахад Засагт ханы тарган баатар чин ван, шадар сайд, жанжин С.Базарваанийн /1870-1938/ тэмдэглэл хөтлөгч Жүгэ бичээчийн нарнаас эртлэж нойрноос өрсөж бичсэн тэмдэглэл юм.
“Засагт ханы баруун гарын умард хошууны судар бичиг”- Уг тэмдэглэлд намрын шинэлэлтийн тухай тун дэлгэрэнгүй үгүүлсэн байна..
“Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд ..хамгийн өндөр настанд ноён хишиг хүртээж Засагт ханд сонордуулдаг.. таван эсгий хийсэн айл буюу жас ноён хэн ч болов хамгийн муу гэртэй ядууд хуучин туургаа өг. Урд нь оймсны эсгий авсан барлагт өрхний эсгий, урд нь өрхний эсгий авсан бол хуучин туурга, урд нь туурга авсан бол дээврийн шинэ эсгий өг..” гэх мэтээр тушааж хэвшүүлж байснаас үзэхүл намрын шинийн нэгэнд бараг айл бүр ямар нэгэн байдлаар өрх гэр, хувцас хунараа сэлбэдэг шинэтгэдэг байсныг харуулна.
Түүгээр үл барам уг түүхэнд “Намрын тэргүүн сарын шинийн ёс..цагаан идээний сар.. цагаан эсгийний сард..” хишиг буяны өглөг хишгийг урьдал болгон битүүний өдрүүдэд хэрхэн түгээж байсныг “Барлаг ард Гомбо ану 6 хөвгүүн 2 бүсгүй хүүхэдтэй, мөн ард Амгаа ану хөвгүүн 5, бүсгүй 6 хүүхэдтэй учир хүүхэд тус бүрд оймсны эсгийгээр хөхиүлж.. Хүүхэдгүй мал ахуй сайтай айл бүр олон хүүхэдтэй айлд өгөх “Тусын бэлэг”-ийг ноёнд бэлдэж өгдөг... Хамгийн ахмад настайчуудад янгирын арьсан өмд, эсгий ултай янгирын арьсан зулагтай ботгоны арьсан түрийтэй гутал өгдөг. Намрын цагаан сарын шинийн нэгэнд Засагт хан, Чуулган дарга, Хошуу ноёны бэлгийг жасын сангаас бэлдэж өгдөг” гэх мэтээр дурдасны дээр цагаан сарын утгыг илтгэсэн гэмээр “Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд олон гүзээ тос авсан айлд ноёны жасын сүргээс хишиг, гурваас дээш тулам ааруул хураасан айлд жасын сүргээс охин хурга, олон хүүхэдтэй айлд ноён 10 мод бөс даавуу, тайж тус бүр гутлын хөм, занги зайсан мяндагтан лам оточ тус бүр төлөгнөөс доошгүй бэлэг гаргадаг” тухай дурдсан нь монголын цагаан сарыг манжийн эрхшээлийн хожуу үед ч том ноёд баяд хуучны ёсоо дээдлэн ёслосоор байсны тод гэрч болмуй.
Баримт №7 Шарайд Жамсраны Цэвээн (Их соён гэгээрүүлэгч) 1... Ага тойргийн Судантай хэмээх газар могой жилийн гуран сарын 29-ны өдөр (1881.04.26) зайсан Жамсраны ахмад хөвүүн болж мэндлэсэн.
2...Монголын барс жилийн хуби сард (1913.10сарын эхэн) Ерөнхий сайд Намнансүрэн Шүүх яамны сайд Удай ван тэргүүтэй төлөөлөгчид мөн Петрбург хотноо одоход хамт хэлмэрчээр одож...
3..Туулай жилийн хөглөр сард (1915.09.01) “Нийслэл хүрээний сонин бичиг” хэмээх сониныг гаргасан..
4...Могой жилийн Буган сарын шинэдээр (1917.04.23) Чита хотноо Ар байгал Эрхүү нутгийн буриад монголчуудын төлөөлөгчдийн Анхдугаар их хурал...
5.. Хонин жилийн улар сарын 19-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл Өвөрмонгол, Барга, Буриад монголын 16 төлөөлөгч буряад монголын нутагнт орших Чита хотноо Нийт монголын бага хурал хуралдуулж Монголын Холбооны Бүгд Найрамдах Улс байгуулсныг тунхаглаж...
6.. Тахиа жилийн Ури сарын 6-ны өдөр (1921.02.13) Дээд Шивээ хотноо Сүхбаатар Лосол, Дэмбэрэл...шарайд Цэвээн нар хуралдаж...
7. Бичин жилийн Шилэм сараас (1920оны 07 сараас) Монголын хувьсгалын хэрэгт оролцож эхлэсэн...
8. Тахиа жилийн Хөхүй сард (1920оны 12 сард) Дээд Шивээнд болсон Ардын намын зөвлөгөөнд оролцсон...
Гэх мэтээр бичсэн нь жинхэнэ монгол тооллын нэр хугацаатай яв цав таарч байна. Бичин жил шилэм сар 1920 оны 07 сар атал, тэр 1920 оны 12 сар бич жил биш тахиа жилийн хөхүй сар болсон байгаа нь уг 1920 оны 07 -12 сарын дунд буюу намар цагт монгол тооллын он солигдсоныг тов тодорхой харуулж байна. Энд товч жишээлэн авсан гур,хувь, хөглөр, буга, улар, ури, хөхүй сарууд бидний судлан тогтоосон цаг хугацаатай зөрөөгүй нийцэж байгаа ба харин шилэм сар гэсэн нь орон нутгийн өвөрмөц хэллэг онцлогтой холбоотой бололтой.
Баримт №8 Г.Бирваа. (Төрийн шагналт хөгжмийн зохиолч)
Монголчууд мал тарга тэвээрэг авч малын сүү шим бүрэн чамбайрсан үе буюу намрын дунд сарын орчим шинэ жилээ тэмдэглэдэг... Тэр улбаа намайг цэрэгт иртэл үргэлжилж хаврын эхэн сарыг цагаан сар, дунд сарыг зургаан сар, адаг сарыг долоон сар гэдэг байсан юм. Энэ улбаа одоо бүрмөсөн мартагдсан юм.
Баримт №9 Ж. Самбуу. (Төрийн нэрт зүтгэлтэн)
Монголчууд жил бүрийн эхний улирлын тэргүүн хагас буюу хуучин он тооллоор шинэ он эхлэх шинийн нэгний өдрийг... тавагтай идээ жимс, айраг архи, амтлаг зууш гэх мэт зүйлсийг өгч зочилдог журамтай болно...
Бадаргуулт төрийн үед орон нутгийн язгууртан тайж түшмэл нарын явуулгаар цагаан сарын шинийн нэгний өглөө.. өндөрлөг газар дээр гарч арц хүж шатааж өмнө зүг чиглэн мөргөдөг байсан. Тэр нь олон жилээр заншил болж ирсэн.
Баримт №10 П.Жасрай (Ерөнхий сайд асан)
Аав ээж надад “Чи тахиа жилийн зулын (жилийн тэргүүн сар Н.Н) 26-нд төрж билээ” гэж хэлж өгсөн... Миний үеийнхэн төрсөн оноо мэддэг боловч сар өдрөө бараг мэддэггүй.. Эргүүлж тооцохоор 1933 оны 10 сарын 26 болдог юм гэжээ. Намар болдог жилийн тэргүүн сар лав монголынх бөгөөд энэ тооцоогоор 10 сарын 1-нд жилийн зул сар гарчээ. Гэтэл энэ үеийг юлийн тооллоос григорийн тоололд шилжсэн гэж 10 хоног нэмдэг. Чингэвэл 9 сарын 22 болно. Энэ нь октябрийн хувьсгал 1917 оны 10 сарын 25-нд болсон ч ноябрь буюу 11 сарын 7-нд баярыг нь тэмдэглэдэг болсонтой адил арга зүй юмсанж.
ТОВЧ ДҮГНЭЛТ:
НЭГ. 1911 онд түвдийн тооллыг төрд хэрэглэхээс өмнөх түүхэнд “Төр гэрэлтийн төдөн он” гэх мэтээр манжийн хааны цолоор он нь нэрлэгдэж бичигдсэн ч сар нь монголоороо байж. Яагаад гэвэл манж хятад тоололд хулгана үхэр сар гэж байхгүй бин шин энэ тэр гэдэг.” Түвд тоололд төддүгээр жарны хөхөгжин усан хар могой жил гэх мэтээр жаран, хүйс, махбодь, өнгө зэргийг заадаг бол МНТ, Лу. Алтан товч, Шар тууж гэх мэт тулхтай гол сурвалжууд мөн Персийн хойчис хаадаас гадагш илгээсэн бичгүүд, Юаны үеийн хөшөө дурсгал, Алтан ордны үеийн сурвалж зэрэгт ийм нангиад хуанли, түвд литийн арга тэмдэг ер байдаггүй болно.
ХОЁР. Намар шинэлдгийн учир нь мал ахуйтай холбоотой нүүдэлчдийн ухаан бөгөөд энэ улиралд нэгэн жилийн дэлгэрсэн ургамал хагдарч үрээ үлдээдэг, бас амьтны хээлийн ороо шинэ төлийн бэлгэдэл, мал ан амьтны тарга хүч гүйцэж урд жилийн төл нас дэвшин, хүн зон нас нэмдэг цаг тул шинэлдэг учиртай байжээ.
ГУРАВ. Монголын улирлын зурхайг хэдүй манжийн төр болон богдын шашны зүгээс хориглож байсан ч ард олон марталгүй хэрэглэсээр ХХ зуунд энэ түүхэн өв соёлоо хүргэн ирснийг дээрх баримтууд харуулж байна. Үүнийг шинэ монголын төр бүр мартагдах осол руу түлхэж жинхэнэ язгуурын гайхамшигт өв соёлдоо хүйтэн хандаж үл болох бөгөөд чялангуяа манжийн бодлого түвдийн шашны үйлийг монголын үндэсний их баяр хэмээн хуульчлах, их эзэн Чингис хааныхаа төрсөн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг өөр үндэстний литээр тооцон төөрөлдүүлэх нь Монгол улс оршин тогтнохын тулгуур болсон Үндсэн хуулийн онол бодлогод яавч нийцэхгүй хэмээн бат итгэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа болно.
2014 ОНЫ 1-Р САРЫН 24
1 сэтгэгдэл
Энэ судалгаа нилээн бодитой, түүхчид эрдэмтдийн судалгаанд тулгуурласан тул бодож үзүүштэй Монгол зурхайг сэргээх нь зүйтэй