Д.Эрдэнэбаатар: “Тэмүүлэл” хиймэл дагуулыг 2023 онд хөөргөнө

оруулсан Алсын Хараа

 2017 оны 7 дугаар сард Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуул сансрын тойрогт гарсан. Энэ үйл явдал монголчуудын хувьд түүхэн бахархмаар, тэмдэглэлт өдөр байлаа. Уг төсөл дээр ажиллаж байсан залуучууд өнөөдөр Монголын сансрын технологийн хөгжлийг хурдасгах, олон улстай зэрэгцэн хөгжих том амбицтайгаар “Тэмүүлэл” төслийг эхлүүлээд байна. “Тэмүүлэл” төслийн багийн гишүүн, МУИС-ийн  Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн дэд профессорбагш, судлаач, Сансрын инженерчлэлийн доктор Д.Эрдэнэбаатартай салбарынх нь хүний нөөцийн бодлого болон “Тэмүүлэл” төслийн талаар ярилцлаа.

-Эрдэнэтэд ирэхийг тань хүлээж байгаад л ярилцлагаа товлолоо. Цаг гаргасанд баярлалаа. Та Эрдэнэтэд сургууль төгссөн билүү?

-Би 2005 онд Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийг Монгол Улсын Гавъяат багш Б.Цээсүрэнгийн удирдлага дор төгссөн. Отгон шавь нарынх нь нэг.  2005- 2009 онд  МУИС-ийн Физик электроникийн ангид суралцаж төгсөөд сургуульдаа үлдэж ажилласан. Энэ хугацаанд магистраа дүүргээд 2014-2017 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр сансрын технологийн чиглэлээр докторт суралцсан. Тэнд Кюүшүгийн Технологийн институтэд олон улсын хиймэл дагуулын багт орж ажиллаж байсан. Докторын зэргээ “Сансрын орчны цацрагийн нөлөөнд хагас дамжуулагч төхөөрөмжүүдийн эвдрэх эвдрэлийг тооцоолох” гэсэн сэдвээр хамгаалсан. Сурч байх хугацаандаа “Мазаалай” хиймэл дагуулын төсөл дээр ажилласан. Сансрын технологийн жижиг хиймэл дагуулын технологи гэдэг бол дэлхий нийтэд шинэ салбар учир Монголдоо хурдан хөгжүүлж олон улстай зэрэгцэн очих бас нэгэн боломж, давуу тал гэж харсан. Тийм учраас энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн.

-“Мазаалай” болон “Тэмүүлэл” хиймэл дагуулын төслийн талаар сүүлд асууя. Юуны өмнө  монгол хүн сансарт ниссэнээс хойш Монголын сансар судлалын салбар юу хийв? Та энэ салбарт яг одоо ажиллаж байгаагийн хувьд сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач?

-Эхлээд өөрийнхөө сургууль дээр энэ чиглэлээр ямар бодлого, чиглэлтэй ажиллаж байгаагаа дурдъя. Манай МУИС-д сансрын технологийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх зорилгоор “Нано хиймэл дагуул, хөгжүүлэлтийн лаборатори”  ажиллаж байна. Мөн шинэ хөтөлбөр нээхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, сансрын салбарын гол суурь болох физик, технологи, электроникийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, энэ чиглэлээр сургах сургалтын шинэ хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.  Хоёрдугаарт, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой 2021 онд тохиосон. Энэ ойг тохиолдуулан “Монголын үндэсний сансрын бодлого” хэмээх ойрын 10 жилд баримтлах хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын багт орж ажиллан одоо батлагдах түвшиндээ байна. Түүнчлэн БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаагаар ахлуулсан “Монголын сансар судлалын төв”  Одон орон геофизикийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдаад энэ оноос ажиллаж эхэлж байна.  Гуравдугаарт, Би өөрөө “Монголын сансрын технологийн холбоо” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Энэ ТББ нь МУИС-тай  хамтран “Тэмүүлэл” нэртэй жижиг оврын хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаа. Ажлын гүйцэтгэл нь 40-50 хувьтай байна. Дандаа оюутнууд ажиллаж байна.

-Сансрын салбарыг хөгжүүлэхийн тулд юуны өмнө хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй байх. Энэ салбарыг сонирхож буй оюутан залуус хэр олон байна вэ?

-Хүмүүс багадаа л сансрын нисгэгч болно гэж мөрөөдөөд томроод энэ хүслээ орхичихдог. Манай хүүхдүүд ч бас багадаа шинжлэх ухаан сонирхож байгаад томроод орхих хандлагатай байна. Өөрөөр байгалийн ухааны чиглэлээр суралцах, ажиллах залуусын тоо эрс багасаад байна. Хоёр жилийн өмнө нь л гэхэд МУИС-ийн физикийн нэг ангид ердөө хоёр оюутан суралцаж байсан байх жишээтэй. Иймд сургуулийн зүгээс янз бүрийн хөтөлбөр, бодлого хэрэгжүүлж байна. Ер нь инженер, техникийн салбар гэлтгүй аль ч салбарт хүний нөөцийн дутагдал, чадварлаг боловсон хүчнээр хомсдож байна. Технологи хөгжөөд байна л гэж яриад байна. Үнэндээ технологийг хэн хөгжүүлдэг юм бэ? Хүн л биз дээ. Тэгэхээр хүний нөөцийн бодлого маш чухал. Ингэхийн тулд нэгд, хүнээ хөгжүүлье, хоёрт, тоног төхөөрөмж, дэд бүтцээ бүрдүүлье, гуравт санхүүгийн нөөцөө бүрдүүлье гэж. Эндээс санхүү, тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн ч хүнээ бэлдээгүй бол бид хөгжих ямар ч боломжгүй. Харин хүнээ хөгжүүлэхэд маш их цаг хугацаа хэрэгтэй болдог. Урт хугацаанд тогтвортой бэлтгэж байж бид сайн боловсон хүчинтэй болно. Тиймээс бид хүнээ бэлдэхэд гол анхаарлаа чиглүүлж байгаа. Манай “Тэмүүлэл” төсөл дээр бакалавр, магистрын 30 гаруй оюутан ажиллаж байна. Энэ бол хангалттай биш, илүү олуулаа болох ёстой. Ер нь инженер, технологийн  мэргэжилтнүүд  аль ч улсад  илүүднэ гэж  байдаггүй.

-Тэгэхээр сонирхлыг нь төрүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургууль яаж үйл ажиллагаагаа чиглүүлэх вэ?

-Бид 2017 оноос хойш хүний нөөцтэй зууралдаад, лаборатори байгуулаад, их, дээд сургуулийнхаа хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явсан ч доороос орж ирэх хүнгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг ойлгосон. Иймд ерөнхий боловсролын сургуульд физик, байгалийн ухааны боловсролыг системтэй олгох, сонгон суралцуулах хэрэгтэй байна. Хүүхдүүд багадаа сонирхож ороод томрох тусмаа энэ хичээлийг орхиж байна. Сургалтын арга зүйдээ байна уу, туршилт, судалгаа хийх танхимгүй байна уу гэдэг шалтгааныг олох хэрэгтэй байх. Миний бодлоор сургалтын арга барилаа өөрчлөөгүй цагт энэ хичээлийг сонирхох хүүхдийн тоо нэмэгдэхгүй гэж боддог. Иймэрхүү асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор манайх сургууль дээрээ “Байгалийн ухаан, физик, боловсролын инновацын төв”-ийг байгуулж байгаа. Үүнтэй холбоотой төсөл хэрэгжүүлээд багш нарыг чадавхжуулах боломж бас байгааг харах хэрэгтэй.

-Байгалийн ухаан, физик, технологийн багш нарын ур чадвар, мэдлэг боловсрол, ажилдаа хандах хандлага гээд олон асуудал бас яригдана?

-Тийм. Багшийн цалин бага байна. Багш нарын нэр хүнд унаж байна. Ажилгүй байснаас багш болъё гэсэн сонголтыг хүмүүс хийгээд байна. Багш нарын ур чадвар, үр дүнгээр нь цалингийн нэмэгдлийг нь өгөхгүй байна. Мөн багш нарыг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн систем бага байна. Эцсийн эцэст багш нар л “гэм”-ийг нь үүрдэг. Эцэг, эх болон хүүхэд өөрөө яг ямар үүрэгтэй юм гээд бодож шийдэх асуудал байна. Бодит байдал дээр багш нарын цалин бага сүүлдээ хэл аманд орчихвий гээд айдаг ч болчихож. Мөн байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн үнэтэй учир сургуульд нь тараагаад өгсөн материалыг хүүхдүүдэд ашиглуулахгүй байна. Энэ нь хүүхэд эвдчихвэл багш нар төлөх үүрэгтэй учир өрөнд орохоос айж байна. Энэ мэтчилэн шийдэх ёстой жижиг гэлтгүй асуудал байна. Мөн байгалийн ухаан, физик, хөдөлмөрийн хичээлийн чиглэлээр уралдаан тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Эрдэнэт хотод л гэхэд 7 хоног бүр роботын тэмцээн яагаад зохион байгуулж болохгүй гэж. Тийм биз дээ.

-Тэгвэл их, дээд сургуульд элссэн оюутнуудад ямар боломж байна. Тэднийг хөгжүүлэх ямар, ямар хөтөлбөрүүд байна вэ?

-Монгол Улс Япон улстай 2015 оноос “Инженер технологийн дээд боловсрол” буюу “1000 инженер” хэмээх хүний нөөц бэлтгэх төсөл хэрэгжүүлж байна. Оюутан залуус энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгөх хэрэгтэй. Өөр бас нэг хөтөлбөрөөр өнгөрсөн жил л гэхэд магистрт сурах оюутнууд байгаагүй. Харин энэ жилээс нэг нэгээр нэмэгдэх төлөвтэй байна.

-Тэтгэлэгт хөтөлбөртэй, сургуульдаа лабораторитой, даган дуурайх мэргэжлийн инженерүүд байна гээд сансрын технологийн салбарыг хөгжүүлэхэд давуу талууд олон байна. Гэвч сонирхсон хүмүүс цөөн байна гэж та дурдлаа.  Жишээ нь танай сургуулийн лаборатори оюутнуудад ямар ур чадвар олгож байна вэ?  

-Сургуулийн лабораторид бакалавр, магистрын оюутнууд технологи хөгжүүлэлтийн дадлага хийдэг. Энд тодорхой нэг чиглэлийн мэдлэгийг системтэй олгодог гэсэн үг. Жишээ нь, хиймэл дагуул л гэхэд дотроо олон чиглэлтэй. Монгол Улс 50 кг хүртэлх масстай хиймэл дагуулыг өөрсдөө үйлдвэрлээд хөөргөх чиглэлд зорьж байгаа тул бид түүний урьтал хүний нөөцийн бэлтгэл болгож 2023 онд “Тэмүүлэл” хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй байгаа.

Монгол улс 50 кг хүртэлх масстай хиймэл дагуулыг өөрсдөө үйлдвэрлээд хөөргөх чиглэлд зорьж байгаа тул бид түүний урьтал хүний нөөцийн бэлтгэл болгож 2023 онд “Тэмүүлэл” хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй байгаа.

Уламжлалт буюу бидний мэдэх “далавчтай” хиймэл дагуул нь багадаа нэг тонн жинтэй байдаг. Үүнийг Монголд хийх боломж, эдийн засгийн чадавх байхгүй. Иймд лабораторийн түвшинд 50 кг-ын жинтэй хиймэл дагуулыг бид хийж чадна. Нөгөө талаас жижиг хиймэл дагуул нь олон улсад хөгжиж буй шинэ салбар. Иймд өмнө нь хөгжсөн уламжлалт салбарт бид орж өрсөлдөхөөсөө илүүтэй хөгжиж байгаа шинэ салбарт зэрэгцэж ороод хөгжих нь зөв гэж үзсэн. Тиймээс манай сургуулийн оюутан болон төгсөгчид цаашид сансрын технологийн шинэ салбарт ажиллах боломжтой, бэлтгэгдсэн боловсон хүчин болно гэсэн үг.  Нөгөө талдаа, сансрын технологи зөвхөн тойрог замд байгаа хиймэл дагуул биш. Энэ нь газрын станцаас аваад тойрог зам хүртэл бүтэн систем учир системийн инженерчлэлийг эзэмшиж, ур чадвартай болно. Үйлдвэрлэлийн бусад салбарт хөрвөх боломжтой. Давуу талууд олон бий.

-“Монголын үндэсний сансрын бодлого” гэсэн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад та оролцсон гэсэн. Үүнд туссан гол заалт, зорилгыг товч хэлбэл?

-Юуны өмнө хүнээ бэлдье, дэд бүтцээ байгуулъя, үүн дээр үндэслэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье, гарсан үр дүнг нийгэм, эдийн засагт ашиглая гэсэн дөрвөн чиглэлд голчилж ажиллана. Хүнээ бэлдье гэдэгт, байгалийн ухаан, физик технологи, математик суурьтай боловсон хүчнийг сууриас нь эхлээд бэлдэх буюу арван жил, бакалаврын түвшнээс нь анхааръя. Ингэхийн тулд бакалаврын түвшинд шинээр нээж буй хөтөлбөрт дэмжлэг хэрэгтэй. Хоёрдугаарт, дэд бүтцээ бэлдэхийн тулд Шинжлэх ухааны академи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дээр Шинжлэх ухааны кластер төвтэй хамтран байгуулахаар ажиллаж байна.

Нэмж хэлэхэд, 2030 он гэхэд сансрын технологийг бид дотооддоо эзэмшье, 2030-2040 онд олон улстай өрсөлдье, 2040-2050 онд тэргүүлье гэсэн урт хугацааны зорилготой ажиллаж байна.

-"Мазаалай” хиймэл дагуулын төслийн дараа алдаа, оноогоо мэдээж дүгнэсэн байх. “Тэмүүлэл” төсөл нь Мазаалайгаас юугаараа өөр, ямар онцлогтой вэ?

-“Мазаалай” хиймэл дагуулын талаар олон мэдээлэл цацагдсан ч “Тэмүүлэл”-ийг ярихын тулд эхлээд Мазаалайгаа ярих нь зөв байх. Юуны өмнө уг хиймэл дагуулыг Монгол Улсын Засгийн газар, МУИС-ийн хамтын ажиллагаатайгаар Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттэй хамтран “Joint Global Multi-Nation Birds” төслийн хүрээнд бүтээсэн. Төслийн зорилго нь хөгжиж буй орнуудын сансрын инженерүүдийг хиймэл дагуул хэрхэн хийхийг, анхнаас нь цаасан дээр төлөвлөхөөс эхлээд үйл ажиллагаа нь дуусах хүртэлх хугацаанд зааж сургах гэсэн төсөл байсан. Хоёр жил хагас хөгжүүлэлт нь үргэлжилсэн энэ төсөлд Монголоос гадна Япон, Гана, Нигери болон Бангладеш улс хамрагдсан. Монголын талаас уг төсөлд гар бие оролцож, хиймэл дагуулыг зохион бүтээсэн багийн гишүүнээр миний бие, Т.Төртогтох, Д.Амартүвшин бид гурав менежментийн хэсэгт Т.Бэгзсзүрэн доктор нар технологи хариуцан ажилласан.

“Мазаалай" хиймэл дагуулын даалгавар бол сансраас эх орныхоо зургийг дарах болон Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэх байсан ч зарим шалтгааны улмаас яг эдгээр даалгаврын мэдээллийг татаж авахад хүндрэл учирсан. Манай хотын цахилгаан соронзон орчин их бохирдолтой учир бага сигналыг ялган танихад асар хүндрэлтэй байсан. Иймд бид шинжлэх ухааны туршилт, судалгааны зориулалттай даалгавруудыг хийж гүйцэтгэсэн. Тэдгээр нь бол бага хэмжээний телеметр мэдээллээр гүйцэтгэж тооцож болохоор байсан. Нийт үр дүн нь 70 орчим хувийн биелэлттэй гэж дүгнэж болно. Гэхдээ эцсийн дүндээ, хамгийн чухал амжилт бол бид сансарт өөрсдийн гараар хийсэн хиймэл дагуулаа хоёр жил орчим ажиллуулсан гэдэгт байгаа юм. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 24-нд НҮБ-ын Сансрын хэлтэст Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” бүртгэгдсэн. Энэ бол монголчуудын анхны тохиолдол. Өмнө нь хиймэл дагуул хийж бүтээх гэдэг нь монголчуудаас хол хөндий байсан бол одоо бид чадна гэсэн итгэл үнэмшилтэй болж байгаа нь чухал. Тиймээс “Тэмүүлэл” төслөө эхлүүлсэн. “Тэмүүлэл” хиймэл дагуулын төслийг МУИС, Монголын сансрын технологийн холбоо хамтран хэрэгжүүлж байна. Мазаалайгийн гүйцэтгэх даалгаврыг нь жаахан өөрчилж сайжруулаад шинжлэх ухааны туршилт, судалгааны зориулалттайгаар хийж байна. Мазаалайг яг дуурайж болохгүй ч дүү нь гэж хэлж болно. Хамгийн гол нь монгол инженерүүдээ Монголдоо сансрын технологиор сургаж хөгжүүлж бэлтгэх гэсэн зорилготой юм.

"Тэмүүлэл" шинжлэх ухааны даалгавартай хөөрнө. Эхнийх нь эх орныхоо газрын зургийг авах. Эхний ээлжинд хэрэглээний түвшинд өндөр нарийвчлалтай зураг авч чадахгүй ч өргөн уудам газар нутгийг хянах зургийг өөрсдөө авах ажлын эхлэл гэж ойлгож болно. Дараагийн даалгавар нь холбооны даалгавар. Цаг агаарын ямар ч нөхцөлд тасалдахгүй холбоо барих хэрэгсэл бол хиймэл дагуул. Тиймээс алслагдсан орон нутгаас цаг уурын мэдээлэл цуглуулдаг системийг турших юм. Сүүлийн даалгавар нь цэвэр шинжлэх ухааны даалгавар.

Ирээдүйн сансрын технологид тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чухал туршилтыг бид хийхээр төлөвлөж байна. Тодруулбал,  тойрог замд дахин програмчлагддаг хиймэл дагуулын технологийг судлах юм.

-Таны цаашдын ажилд болон “Тэмүүлэл” төсөлд тань амжилт хүсье. Сансрын технологийн салбарт гэлтгүй ерөөсөө аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд бид бэлдэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Аж үйлдвэрийн 4 дүгээр хувсгалын цаана мэдлэгт суурилсан эдийн засаг гэсэн ойлголт байгаа. Байгалийн баялаггүй ч өндөр хөгжиж байгаа улсын цаад нууц нь технологийн ноу-хау юм. Тэгэхээр мэдлэгийн эдийн засаг дээр суурилж байж энэ цаг үед бид хөгжинө. Мэдлэг гэдэгт технологи багтана. Ирээдүйтэй гэгдэж байгаа технологиуд нь цөмийн, сансрын, энергийн эрчим хүчний, био, нано, ай ти, контентын технологи юм.  Сайн технологи гэдэг нь юмыг хэрхэн яаж хийх вэ гэдэг арга барил, ухаан. Үүнийг хэн сайн хийж байгаа нь л эзэмшинэ гэсэн үг юм.

-Баярлалаа.  

Б.Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих